Эдийн засгийн ил тод байдлы дэмжих тухай хууль хэрэгжээд дууслаа. Хууль хэрэгжих жил гаруйн хугацаанд нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болжээ. Тиймээс 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн байна. Өмнө нь 2007 онд энэ хуулийг хэрэгжүүлэхэд 4.5 их наяд төгрөгийн орлого ил болж байжээ. 10 орчим жилийнхтэй харьцуулахад энэ удаад их хэмжээний орлого ил болсны зэрэгцээ аж ахуй эрхлэгчдийн тоо, бэл бэнчин ч нэмэгдсэнийг илтгэнэ. Нэгдүгээр сард өгсөн баримт хоёрдугаар сарын 20-нд тайлагнаж дуусдаг аж. Ойрын хугацаанд ил тод болсон хөрөнгө орлогын эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл зэргийг судлан гаргаж, парламентад тайлагнах гэнэ.

 

Хуулийг хэрэгжүүлснээр үр дүн нь ч гарч, энэ оны нэгдүгээр сарын НӨАТ-ын орлого ноднингийн мөн үеийнхээс 2 дахин өссөн аж. Үүний зэрэгцээ хууль хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал тулгарсан байна. НӨАТ төлөгчийн баримт сугалаатай болсон. Дэлгүүр хоршоо зэрэг үйлчилгээний газарт худалдан авалт хийхдээ иргэд мөнгө төлсөн тасалбараа авч, ebarimt.mn-д бүртгүүлж, сугалаанд оролцож байгаа. Харамсалтай нь зарим тохиолдолд бүртгүүлсэн баримт системд бүртгэгдээгүй, үнийн дүн зөрөөтэй зэргээр цахимд бүртгэгддэггүй. Энэ нь тухайн бараа үйлчилгээ явуулж байгаа газартай холбоотой гэдгийг ГТЕГ-ийн дарга Б.Пүрэв мэдээлсэн юм. Тэрбээр “Сүлжээ тасалдаж байна. Кассын машин үнэтэй байх гэж аж ахуйн нэгжүүд хэлснийг Сангийн яам, ГТЕГ шийдсэн. Гэтэл иргэдээс баримт баталгаажихгүй байна гэсэн гомдол гарлаа. Цаад байгууллага нь 3 хоногийн дотор мэдээллийг ирүүлсэн ёстой. Гэтэл мэдээллээ ирүүлэхгүй байгаа учраас баталгаажаагүй хэрэг. Дээр нь хэвлэх төхөөрөмжийг 100-150 мянган төгрөгөөр авч тавих боломжтой. Баримт хэвлэх кассын машин, түүнтэй адилтгах тоног төхөөрөмж байх шаардлагатай” гэж иргэдэд үйлчлэх ажлын байрны журмыг хуулиар заасан. Аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироож болохгүй. Иргэд баримтаа авч, бүртгүүлж байгаа нь хэд хэдэн зүйлийг илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт төрд хэрэглээний татвараа төлсөн гэсэн үг. Энэ утгаар нь иргэдийг сугалаагаар урамшуулж байгаа. Үүнийг улсын төсвөөс зарлага болгож тусгайлан зарцуулж байгаа юм” гэлээ.

 

НӨАТ-ын баримт хэвлэж өгөөгүй аж ахуйн нэгжийг орлогынх нь 2 хувиар торгох заалттай юм байна. Харин үнийн зөрүүтэй, буруу баримт илгээсэн аж ахуйн нэгж 20 хувьхүртэл торгох аж. НӨАТ-ын баримттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа ГТЕГ-ын дарга онцолсон.

 

Баримтаа цахимд бүртгүүлснээр тухайн өрх, иргэн сард, улиралд, жилд ямар хэмжээний худалдан авалт хийдгээ мэдэх, тооцоо судалгаа, өрхийн төсөв, зардлаа тооцох боломж нээгдэж байгаа. Харин цалингаас нь зарим үйлчилгээний газрынхан иргэдийн баримтыг өгөхөөс зайлсхийж байгаа тал анзаарагддаг. Цаашлаад цалингийн чинь дүнгээс илүү гарсан худалдан авалт хийсэн тохиолдолд торгуулах, шалгуулах асуудал үүснэ гэж мэссэжийг ч иргэдэд тараадаг байна. Харин үүнийг ГТЕГ-ын дарга Б.Пүрэв үгүйсгэсэн юм. Тэрбээр “Хичнээн хэмжээний бараа үйлчилгээний худалдан авалт хийснийг нь хянаж, шалгаж болохгүй. Энэ нь хувь хүний нууц руу халдаж байгаа хэрэг. Иргэн, өрх худалдан авалтын төсөлтөө өөрсдөө л хяналт хийх ёстой” хэмээлээ.

 

Зарим газар баримт хэвлэх машиныг худалдан аваагүй байгаа. Төрийн зүгээс ebarimt-ын программыг үнэгүй тарааж өгчээ. Харин кассын машин нийлүүлсэн 17 байгууллага прогаммыг суулгаж өгөхдөө аж ахуйн нэгжүүдээс төлбөр нэхдэг байна. Хэрвээ тухайн программыг үнэ төлбөргүй суулгаж өгөхийг төрийн зүгээс шийдвэл хувийн бизнест халдсан асуудал үүсэх аж.

 

Нэгэнтээ хууль хэрэгжээд эхэлсэн болохоор ГТЕГ-т ачаалал үүссэн байна. Тиймээс уг асуудлыг шийдэхээр тус газрын серверийг өргөтгөхөөр Засгаас шийдвэрлэжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.SHUUD.MN