Нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр зуслангийн газруудыг нь өмчлүүлэхээр болсон байгаа билээ. Эхний ээлжний хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр бэлэн болсон Зуунмод, Яргайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Хандгайт, Ар хустай, Шарга морьт зэрэг зуслангуудын газрыг өмчлүүлэх юм байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулиуд, Нийслэийн засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/624 дүгээр захиарамжийг үндэслэн, газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын даргын 2006 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлөх ажлыг зохион байгуулах чиглэл”-ийг баримтлан уг ажлыг хэрэгжүүлэх юм байна. Өнгөрсөн 2013 оноос зуслангийн газрын тооллого бүртгэл, бэлтгэл судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах, өмчлүүлэх ажил албан ёсоор эхэлсэн ажээ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгж талбарын эргэлтийн цэгийг тогтоож, тухайн цэгийн дагуу хашаагаа барьсан, аливаа зөрчил, маргаангүй газрыг өмчлүүлэх аж. Зуслангийн газраа өмчлөх хүсэлтэй иргэд Газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа батлагдсан маягтыг бөглөж, Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/, Газрын кадастрын зураг, Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай юм байна. Үүнээс гадна ойн сан болон усан сан бүхий газарт таны зуслангийн газар байгаа бол өмчлүүлэх боломжгүй гэж байгаа юм билээ.

Угаас ойн сан, усан сан бүхий газрыг өмчүүлж, ажиллаж амьдарч, эсвэл үйл ажиллагаа явуулахад тэндэхийн ус ширгэх, ой нөхөн төлжихгүй байх зэрэг олон сөрөг үр дагавартай учир үүнийг хуулиар хориглосон байдаг юм байна. Гэтэл Төрийн тусгай хамгаалалтад авахаар ярилцаж буй уурхайн зөвшөөрөлтэй газарт ч ойн сан болон усан сан бүхий газар байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл манайхан уурхайн лиценз өгөхдөө ойн сан болон усан бүхий газрыг ч байсан хамаагүй олгочисон мөртөө жирийн иргэдэд газар олгохдоо уг журмаа хатуу баримталж байгаа ажээ. Угаас уул уурхайн томоохон компани хуулийг зөрчиж болдог иргэд зөрчиж болдоггүй гэсэн бичигдээгүй тогтолцоо энэ байх. Уг нь хэн хэн нь хуулиа дээдлээд, хэрэгжүүлээд журмын дагуу шударга байчих ёстой байгаа юм. Тодруулбал Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг дарга Г.Гангамаа ярихдаа “Саус гоби коэл транс компанийн авсан 37.221.42 га талбай нь манай нутгийн ойн сан, усан сан бүхий газар байгаа юм. Мөн есөн гайхамшиг, Хөвд булгийн застав хүртэл тэнд байрлаж байгаа” гэж байсан юм.

Н.Ганаа