Сонгуульд өрсөлдөх "Шуугиан дэгдээгчид"
2016/05/23
Сонгууль болоход 30 гаруй хоног үлдлээ. Энэ жилийн сонгуульд архаг улс төрчдөөс эхлээд залуус ч хүч үзэхээр аль хэдийнээ бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн. Сонгуулийн өнгө төрхөөс илүүтэйгээр нэр дэвшиж буй нөхдүүд олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Үнэхээр улс төрд эх орныхоо төлөө хийгээд аваад явчихдаг нэгнийг сонгочих гээд байдаг. Гэтэл энэ удаагийн сонгуульд үнэхээр "толгойтой" нэгэн хомс байв уу, эсвэл шилдэг шуугиан дэгдээгчдээр парламент дутаж байна уу?
Иргэдтэйгээ хамт амьдрал дунд нь орж яваа гэсэндээ тэд л хамгийн түрүүнд хийх ажил, улсаа хөгжүүлэх аргыг хашир улс төрчдөөс илүүтэйгээр олж харсан байж болох юм.
Ямартай ч үндсэн хуулийн эрхээ эдэлж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй эрхэм гишүүдийн нэг нь зураач эмэгтэй. МУСТА зураач Л.Өнөрчимэг БЗД-ийн 53 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ. Тэрбээр “Монголд нам бус биеэ даан амьдардаг нь 99 хувь буюу 3 сая иргэн байна. Иймд тэднээс энэ жил бие даан нэр дэвшигчид бараг 1000 гаруй байгаад маш их баяртай байна. 76 бие даагчид 3 сая иргэнтэй сэтгэл болоод агаар нэг болно” гэж өөрийн үзэл бодлоо хуваалцсан. Хэрвээ Л.Өнөрчимэг сонгогчдчихвол Дэлхийн зургийн спортыг үндэслэгч, Монголын анхны спорт зураач бөгөөд Монголоос анхны Гeннис рeкордын эзэн эмэгтэй УИХ-ын гишүүн болох нь ээ.
Харин БГД-т дуучин Нара буюу иргэн Ж.Нарантунгалаг мөн л бие дааж нэр дэвшихээ шинэ оны дараахан мэдэгдсэн. Эхэндээ тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийтэлж хүмүүсийн хандлагыг мэдэж авахыг хүссэн ч энэ нь эргэлт буцалтгүй нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн юм. Өдгөө тэрбээр сонгуулийн ажилдаа идэвхижүүлэн яваа.
Оймсоо тайлж УИХ-ын дарга руу шидсэн эрхэмийг хэдийнээ уншигчдын танил болсон. “Гложекс майнинг консалтинг групп” ХХК-ийн ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар. АН-ын Экс дарга. Тэрбээр өнөө жил Дархан-Уулд бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн.
Жил жилийн парламентад сууж байсан нөхдүүдийн мэргэжлийг харахад сэтгүүлчид гишүүн болсон нь харагддаг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Т.Алтаншагай хүч үзнэ. Түүнийг үзэгчид “Eagle” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь андахгүй. Тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатараас их сургуулийн дипломыг нь хуурамч эсэхийг нь тодруулж шуугиан дэгдээсэн нэгэн.
Төрийн ордон руугаа анх удаагаа буу шагайж, ихээхэн хэрэг мандаасан Ц.Мөнхбаяр УИХ-ын гишүүн болохоор өрсөлдөнө. Тэрбээр "Өнөөдөр бие даан нэр дэвшихэд хэцүү болжээ. Тэгэхээр Төрийн бус байгууллагууд нэгдэж УИХ-ын сонгуульд оролцох хэрэгтэй. Журмын нөхөд минь намайг төрд хэрэгтэй гэвэл би УИХ-д нэр дэвшинэ” хэмээсэн удаатай. Тэгвэл түүнийг ийнхүү журмын нөхөд нь нэр дэвшихэд хангалттай гэж үзэн хүч түрэхээр болсон бололтой.
Олноо Арго багш гэж танигдсан Б.Ариунболд мөн л БЗД-т бие даан дэвшив. Монголын хамгийн олон гадаад хэлтэй, гадаад хэлний хамгийн олон сурах бичиг зохиосон Арго бол олны анхаарлын төвд байдаг, өөрийн гэсэн имижээрээ хүмүүсийг татдаг эрхэм. “Өнгөрсөн 25 жилийн турш дандаа сонгож ирсэн. Одоо залхаж байна. Сүүлдээ болохоо байлаа. Би орох ёстой бол оръё. Үзсэн найман хэл, өөрийн оюун ухаанаараа төрөө засья гэж бодлоо” гэж тэрбээр өөрийн нэр дэвших шалтгаанаа тайлбарласан.
Зочин · 2016/06/01
Ийм хүмүүс их хуралд ороод улсыг хөгжүүлнэ гэж үнэхээр бодоод байна уу, тоглоод байна уу.
Одоо байгаа Алиа салбадайнуудыг яаж цөөлөх мэ гэж байхад.