Солонгосын Засгийн газар өршөөлийн сар зарлаад л, түүнийгээ сунгаад л байгаа юм. Харин миний Монголын ид насны залуус энэ орныг зорин онгоц дүүрэн Инчон дээр буусаар. Зарим нь азаар буцсаар байгаа.

 

Бодит дүр зургаар бол ах дүүгээрээ нийлж таван саяыг босгох аян шахуу зүйл өрнөчихөөд байгаа. Визэнд орох барьцааны мөнгөө цуглуулж байгаа хэрэг. Аялахаар бус ажиллахаар явж байгаа залуус, бүсгүйчүүд хүнд хэцүү 90 хоногийн “алуурт” баяр хөөртэй үдүүлж байгаа энэ дүр зураг нэг талдаа хөөрхийлөлтэй. Энэ төрийн олиггүй царайг харуулна.

 

Сая гаруй хүнийг ажлын байраар хангаж чадахгүй, тэтгэлгээр угжиж саналыг нь худалдаж авсаар 20 жил хулхидсан намууд ээлжит хошгируулалтаа хийж иргэдийн хурлын сонгуулиа явуулах гэж байна. Харин гурван сонгогч бүрийн нэг нь гадаад гарах эрмэлзэлтэй визний мөрөөдөлтэй байгааг тэд мэдэрч байгаа болов уу.

 

Хэл мэдэхгүй, аялалын визтэй гэж нээнтэглүүлж хамгийн бага цалингаар боолын ажлыг 90 хоног нухаж байгаа залуус харихын түүс болдогч явдаггүй. 10 сар ажиллаад авдаггүй мөнгөө нэг сар ажиллаад авахын сайхныг мэдэрдэг. Үр хүүхэд хань бүлдээ яаравч ахиад мөнгөгүй царай алдаж суухын бараан зургаа төсөөлөөд аргагүйн эрхэнд харладаг. Өөрийгөө хугацаагүй цөллөгт барьж өгч буй хэрэг. Ингэж зүтгэсэн иргэдээ харж үзэх нэрээр том төсөвтэй агентлаг байгуулж садан төрөл амрагуудаа ажлын байртай болгож гаршсан улстөрчид бий.

 

Зөгийн үүр гэж залуусаа эх орондоо даллах нэрээр  дэлхийгээр тойрон аялал хийдэг жижиг агентлаг шахуу юм байгуулж байлаа. Үрсэн мөнгө нь 3 тэрбумаар яригдана. 400 залуусыг ажлын байраар хангачих бага шиг үйлдвэр босгочих мөнгө. Гэнэн зарим нь Жанцанноров гуайн өөрийн биеэр тоглосон  нутгийн аялгуунд уярч байгаагаа хаяад эх орондоо ирсэн. Ажлын байрны санал, амьдрах боломж амлаад байсан өнөөх төрийн элч нар сонгуульдаад тарсан. Сар гиюүрч архинд орох шахсан залуу дахиж “шаг”-ийн виз гаргуулаад буцсан.

 

Солонгос, Японд айлчлаад ирэх болгондоо цагаачлал, визний тал дээр ахиц гаргалаа гэж сайрхдаг Гадаад яам, үүний цаана байгаа төрийн бодлогыг үнэхээр гайхаж байна. Эх орноосоо залуусаа гаргахыг дэмжиж үүнийгээ сонгуулийн оноо болгох гээд байгаа энэ царайг нь харахад миний залууст эх орондоо элэг бүтэн байх боломж улам багассаар.

 

Монгол Улсын хилээр энэ оны зургаадугаар сард нэг сая 40 мянга иргэн давхардсан тоогоор хилийн дээс алхжээ. Харин долоодугаар сард нэг сая 227 мянга хүрсэн бол наймдугаар сард нэг сая 461 мянга болж өссөн гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлсэн байна. Үнэхээр мөнгөгүй хөдөлж чадахгүй хүүхэд хөгшид, хулхи боловсролд эцэг эхийнхээ мөнгийг шавхаж суугаа хэдэн оюутан л нийслэлд үлджээ гэмээр. Аргагүйн эрхэнд харлаж буй залуус, аргагүйн эрхэнд гэх цагаатгалаар хамтран амьдрагч болцгоож буй “сүүлрэлт”-ийг аль аль талдаа зөвшөөрөн суух болжээ. Өнөөх амьдралын утга учир, хүний үнэт зүйл гэр бүл гэдэг сарын саяхан вонд дарлуулж байхгүй болж байна.

 

Халамж, цалин тавих, хулхи амлалтаа хаах мөнгө олохоор Ази тивээр бадар барьж яваа эрх баригчдаа хүлээх залуус бараг алга. Зөрөөд алга болж өгөхөөр яарцгаан таван саяын эрэлд ХЗХ-нд дугаарлаж байна. Зээл тэтгэлэг биш ажлын байр үйлдвэр барьдаг хийж бутээхийн эрчмээр давалгайлдаг төр, тийм хөтөлбөртэй нам сонгуульд ялдаг байгаасай.

 

Аргагүйн эрхэнд харласан залуус, аав ээжүүд, ард нь үлдсэн үр хүүхдийн өмнө манай том амладаг бэртэгчин улстөрчид уучлал эрэх ёстой юм. Яг чөлөөтийн хэдэн дарга нар Япон маягаар бөхийдөг шиг.

 

Пүрэвжавын Баярхүү  / тоймч /