Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаа хийжээ.

Тэд УИХ-д суудалтай гурван нам буюу МАН, АН, МАХН-аас хэнийг нэр дэвшвүүлэхийг хүсч буйг танджээ. Судалгааны дүнд МАН-аас М.Энхболд хамгийн олон хүний санал авсан бол Д.Лүндээжанцан удаалсан байна. Харин АН-аас Р.Амаржаргал тэргүүлж, Г.Батхүү дараа нь бичигдэж байна. МАХН-аас Н.Энхбаяр хамгийн их санал авч, С.Ганбаатарыг тус намын нэр дээр дэвшвэл дэмжинэ гэжээ. М.Энхболд намаа ялалтад хүргэсэн лидер.

Мөн тэрээр төрийн гурван өндөрлөгөөс хоёрынх нь албыг хашиж үзсэн “хашир” толгой. Энэ замналыг туулсан хүн төрийн тэргүүнээр сонгогддог бичигдээгүй хууль байдаг гэлтэй, иргэдийн сонголт ч ийм жишиг тогтоох хандлагатай нь ажиглагддаг.

Харин Д.Лүндээжанцан бол туршлагатай хуульч, мэргэшсэн парламентч гэж хүлээн зөвшөөрөгддөг. УИХ-ын даргаар ажиллаж байсан. Үе үеийн парламентын амьд түүх болсон, МАН-ын түшигтэй хэдэн өвгөдийн нэг.

АН-аас хамгийн олон санал авсан эрхэм бол Р.Амаржаргал. Нэр цэвэр гэх үзүүлэлтийг иргэд онцолсон бололтой. Чадварлаг эдийн засагч, улстөрийн манлайлагч гэх түүний эерэг чанарууд нь зөрүүд, үл тоомсорлогч, харилцааны ялгаатай хандлага гэх мэт “ярвагар” шинж чанартаа бараг дарагддаг. Гэсэн ч олон нийт түүнийг АН-аас нэр дэвших хамгийн боломжтой хүн гэж судалгаанд онцолжээ.

Харин АН-ын дараагийн хүн бол Г.Батхүү. Иргэд түүнийг АН доторх олон өнгөд хувираагүй, хамелон чанаргүй гэдгийг онцолсон ажээ. Төрийн тэргүүнээр түүн шиг тулхтай хүн байвал зохимжтой гэж үзсэн бололтой. Ямартай ч фракцийн тэмцэл, албан тушаалын өрсөлдөөнд хутгалдаагүй ч АН-ыг төлөөлөх нэрийн хуудас нь болж явсан Г.Батхүүг Ерөнхийлөгчид сонгогдох боломжтой гэж судалгаанд оролцогчид онцолсон байна.

МАХН-ын хувьд нэр дэвшигчээр хэнийг зарлах нь гэнэтийн сугалаагаар тодрохтой л адил нууцлаг байна. “Н.Энхбаярын ял 2018 онд дуусна, тиймээс Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхгүй” гэх тайлбар хүчтэй явж байна. Үүнтэй яг адил түвшинд Н.Энхбаяр бол “ясны” төрийн тэргүүн гэх мэссэж уралдаж байна.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшвэл дэмжинэ гэх хүмүүс байна. Энэ хоёроос гадна Н.Удвал, Ц.Оюунбаатар, О.Цолмон нарын нэрийг дугуйлсан байна.

Э.Бат