Монголоос анх удаагаа Өвөрмонголын "Ордос" хотын Үндэсний их дэлгүүрт хамгийн хямд түрээсээр 30-45 хоногийн хугацаатай үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Энэ талаар "Сондор" үндэсний хувцасны үйлдвэрийн захирал Ц.Солонгоос тодруулга авлаа.

- "Сондор" Фэйшн шоуг Ордос хотод зохион байгуулах гэж байгаа талаараа?

-Манай үйлдвэрийг Улаанбаатарын хүмүүс андахгүй мэднэ гэхэд болно. Манайх Өвөрмонголын "Ордос" аймагт салбар үйлдвэрээ нээж ирэх сарын 1-нээс эхэлж үйл ажиллагаа явуулах юм. Энэхүү ажлын гарааны эхлэх үндэс нь өнгөрсөн жил "Ордос"-оос тендер зарлаад тэрэнд нь манай үйлдвэр шалгарсан юм. Тэгээд тэнд анх очиж дээл хувцасны захиалга авч оёж ажлын гараагаа эхэлсэн. Анх 30 дээлний захиалга авч эхэлсэн бол дараа нь 140 хүний театрын хувцас урласан юм. Үүнээс хойш захиалга тасрахаа больсон. Манай үйлдвэр дээр өдөртөө дор хаяж Өвөрмонгол нэг хүн "Сондор" үйлдвэр хаана байна гээд хайж, бүр зорьж ирдэг байгаа. Мөн Ордост хамтарч ажилладаг хүмүүсийн санаалаас үүдэн бид тэнд салбараа нээх цаг нь болчихсон юм байна гэсэн ойлголтод хүрээд хамт байр түрээслэж аваад хамтарсан компани байгуулсан билээ. Энэ компаниа нь гадаад дотоодын худалдааны эрхтэй. Хятадын хууль дүрмийн дагуу анх удаа Монголоос үйлдвэрээрээ албан ёсны эрхтэйгээр гарч байгаараа онцлог. Энэ үйл ажиллагаагаа танилцуулах зорилготой энэ сарын 30-нд болон арванхоёрдугаар сарын 3-нд "Сондор" Фэйшн шоуг Ордос хотын Кимбашиагийн улаан театрт зохион байгуулахаар тоглолтын зөвшөөрлөө аваад тов нь гарлаа. Энэхүү арга хэмжээнд манайхтай хамтарч ажилладаг долоон дуучин оролцох юм. Тухайлбал, МУГЖ Уранчимэг ханьтайгаа, О.Баянмөнх, Уртын дуучин Болормаа зэрэг уран бүтээлчдээс гадна мэргэжлийн дөрвөн модель оролцоно. “Сондор” Фэйшн шоу бөгөөд Монголын шилдэг дуучдын концерт нь "Улаанбаатарын үдэш" гэсэн нэртэйгээр Ордосын Улаан теарт болохоор реклам цацагдаад эхэлчихсэн одоо билетээ борлогдох ажил явагдаж байгаа. Ордост манай үйлдвэртэй хамтарч ажиллаж байгаа хүмүүс надад санал тавьсан. Монголын гар урлалын бүтээгдэхүүнүүд маш чанартай байдаг. Тухайлбал, арьсан эдлэл, хивс, ноос ноолуур, алт мөнгөн эдлэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулаач гэсэн. Энэ санал нь анх яриа төдий явагдаж байгаад одоо ажил хэрэг болгохоор төлөвлөн ажиллаж эхэлсэн юм. Бид нар ирэх сарын 10-15-ны хооронд -"Ордос"-т 30-45 хоногийн хугацаатай үзэсгэлэн худалдаа гарахаар санаа зориг нийлээд зохион байгуулах ажилдаа орсон. "Ордос"-ын үндэсний их дэлгүүрийн нэг давхарыг бид нарт маш хямдаар түрээслүүлье та нар энд үзэсгэлэн худалдаагаа нээж болно гэсэн санал тавьсан байгаа. Үүний зөвшөөрлийг хууль дүрмийн дагуу авсан. "Улаанбаатарын сар шинийн" үзэсгэлэн худалдаа гэж зохион байгуулах юм.

-Энэ үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагад ямар шаардлага тавих вэ?

-Хамгийн гол тавьж буй шаардлага бол Улаанбаатарын үнээр худалдаална гэсэн зарчимтай байгаа. Ингэж бид тэр зах зээл рүү маш идэвхитэй шургаж орох менжементийг баримталж байна. Ордос хотод манай улсын бүтээгдэхүүнүүд очихсон. Гэхдээ гурав нугалсан үнээр тэр нь удаан боловч зарагддаг. Харин Улаанбаатарын үнээр худалдаалахаар Ордосын долоон хошуунаас хүмүүс ирээд гурван өдрийн дотор бөөндөөд аваад явчихдаг гэнэ. Ийм бизнес бол дэлхийн хаа ч байхгүй бизнес шүү дээ. Одоогийн байдлаар “Уушгин хад” компани арьсан эдлэлээрээ оролцоно. Мөн манайх үндэсний дээл, "Лакс кашмер" ноос ноолуурын чиглэлээр орохоор болсон. "Уран зургийн галерай"-н дарга, урчуудын эвлэлийн хорооны дарга байсан Чадраа гэдэг залуу уран зургийн бүтээгдэхүүнээрээ оролцоно гэж бидэнтэй нэгдсэн. Түүнчлэн “Хос угалз” гээд арьс болон эсгийгээр гутал хийдэг залуус хамтран үзэсгэлэн худалдаанд орохоор мэдэгдсэн байгаа. Харин одоо бид эдгээр компаниуд дээр нэмж алт мөнгөн эдлэл, хивс, гар урлалын бүтээгдэхүүн болон эсгий тавчикийн компанийг оролцуулах юм. Алива зүйлд зар сурталчилгаанаас эхэлдэг болохоор хамтран ажиллах хүсэлтэй "Ордос"-т үзэсгэлэн худалдаагаа 30-45 хоногийн хугацаатай ажиллах компанийг манайд хандана уу гэж уриалж байна. Учир нь ирэх сарын 1-нээс рекламаа цацаж эхлэх юм. Мөн том хэмжээний урт хугацааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа учраас нөөц сайтай үйлдвэр байх хэрэгтэй. Бид нар хэдийгээр хувийн зардлаараа оролцож байгаа ч Монгол улсынхаа нэр, нүүр царайг гаргаж байгаа учраас маш чанартай хөл дээрээ тогтсон үйлдвэрүүд байгаасай гэж бодож байна. Бид нарт "Ордос"-ын Үндэсний их дэлгүүрт 2000 м.кв талбайг сулалж өгнө. Мөн үзэсгэлэн худалдааны дараагаар 500м.кв талбайг авч төрөл бүрээс тэнд дэлгүүр ажиллуулж байнгын үйл ажиллагаагаа явуулах зорилготой байгаа. Уг үзэсгэлэн худалдаагаа уламжлалт болгон зохион байгуулах болно. Өвөл, зун хоёр нэг нэг удаа явуулах юм. Хэрвээ ингээд уламжлал болгоод тогтоочихвол бид нарт Хятадын зах зээл рүү улам гүнзгий орно гэсэн үг. Үүнийхээ эхний алхамыг "Ордос"-оос эхэлье гэж төлөвлөсөн. Дараагийн удаа Өвөрмонголын бүх аймгуудад зохион явуулна гэж бодож байна.

Та бүхэн Ордос хотод зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд хамтран ажиллахыг хүсвэл: СБД 5-р хороо Баруун 4 зам Өгөөж ХХК-ний  замын эсрэг талд байрлах Сондор үндэсний хувцасны үйлдвэр дээр очиж уулзах боломж нээлттэй.

Утас: 99031530    91911583

 

Х.Даваа