"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчид удирдлагадаа хандаж шаардлага хүргүүлжээ. Гэрээт олборлолтын компаниас ажилчдаа урамшуул гэж хоёр ч удаа мөнгө шилжүүлснийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа аж. Тодруулбал, TTJVCO ХХК-аас 2016 оны долдугаар сарын 22 болон 2017 оны нэгдүгээр сарын 26-нд хоёр хувааж, нийт 203 ажилтанд тус бүрт нь 250 ам.доллараар тооцож мөнгийг шижүүлсэн ажээ. Энэ бол 50 750 доллар буюу 121,8 сая төгрөг болох юм. Шинэ Засгийн газрын сайн мэдээ хэмээн Чалкод төлөх өрөө зургаахан сарын дотор дарлаа, энэ хурдаар бол 1,8 жилийн дотор л төлөөд дуусах ёстой байсан гэх мэтээр сайрхсан нь саяхан. Тэгвэл “уг өрийг гэрээ ёсоор нүүрсээр төлж барагдуулаагүй, зээл авч төлсөн тул тооцохгүй” гэнэ гэсэн яриа ажилчдын дунд явдаг аж. Учир нь гуравдугаар сарын 30-нд “өр төлж дууслаа” гэдэг мэдээлэл өгөнгүүтээ маргааш нь Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг зогсоосон аж.
 
Уг нь өргүй болсон юм чинь уурхайн үйл ажиллагаа сэргэнэ гэж найдаж баярлаж байв. Гэвч, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа энэ үед техник болон хүн хүчний хангалттай нөөцтэй хэрнээ ийнхүү гэнэт олборлолтоо зогсоосон нь дээрх таамгийг дэвшүүлэхэд хүргэжээ. Тиймээс уурхайчдаас үл хамааран сул зогсолт хийж байгаа тул ажилчид цалингаа бүтнээр нь авахыг мөн шаардсан байна. Уурхайчид гэр орноосоо хол, амь өрссөн хүнд нөхцөлд ажилладаг. Тэд цалин хангамжаа нэмүүлье, амралтаа уртасгая гэсэнгүй. Гэрээт олборлолтын компанийн шилжүүлсэн мөнгийг л зориулалтынх нь дагуу олгооч гэсэн хүсэлтийг тавьжээ. Ийм таатай нөхцөлд хориг тавьж, уурхайг зогсоон, ажилчдад урамшууллыг олгохгүй байгаа Эрдэнэс Тавантолгойн удирлагууд хэний нөлөөгөөр хэнд бойкот хийгээд байгаа нь гайхалтай. Энэ талаар эрх баригчдаас дуугарах хүн алга. Эдийн засагч Л.Наранбаатар, Ч.Ганхуяг нарын залуус л Тавантолгойн ордыг үр өгөөжтэй ажиллуулах талаар хөндөж, шаарддаг. Энэ тухай мэдээллийг Л.Наранбаатар “Хятадуудад өр дарлаа л гэх, Монгол хүндээ эхлээд өрөө дарчихвал сайнсан” гэсэн тайлбартайгаар өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьсан байлаа.
 
ubinfo.mn