Ч.Отгочулуу: ИНФЛЯЦ ГЭДЭГ ЧӨТГӨРИЙГ ПОПУЛИСТ АМЛАЛТУУД ТЭЖЭЭДЭГ, ҮҮНИЙГЭЭ Л БОЛИХ ХЭРЭГТЭЙ
 
 
 
♦ Эдийн засаг болон улс төрийн бүтцийн өөрчлөлтийн үр дүнг ард түмэн хэдийд хүртэх вэ гэдгээс улсын хөгжил шууд хамаарна. Нэн түрүүнд засаглал буюу институцийн чадавхи, сэтгэлгээ чухал.
 
♦ Манай улсын газар доорх баялаг, хөрөнгө оруулалтыг татах том хөшүүрэг. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг дэмжих соёлд суралцах ёстой.
 
♦ Ард түмэн ядуурлаа, шударга бус явдал их байна, Монгол Улс луйварчдаар дүүрлээ гэдэг улстөрчид олширч, чанга хашхирч, мэдэхгүйгээ мэддэг мэтээр авирлах нь зөв зам биш. Шийдэл ч биш. Хамгийн чухал нь төр өөрөө үлгэр дууриал үзүүлж байх хэрэгтэй.
 
♦ Хөгжих гэж байгаа бол институцийн чадавхитай байх ёстой. Чадавхи сул байвал, шударга бус байдал, авлига хээл хахууль өсдөг. Мөн иргэдийн төрд итгэх итгэл буурдаг. Гэхдээ институцийн чадавхи зөвхөн төр, засгаас хамаарахгүй. Нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага чухал үүрэгтэй.
 
♦ Хамгийн муухайгаар хэлэхэд хэрэв чөтгөр гэж байдаг бол хамгийн хорлонтой зэвсэг нь инфляц. Инфляц гэдэг чөтгөрийг” иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд урин дуудсан популист амлалтууд” тэжээдэг. Үүнийгээ л болих хэрэгтэй.
 
Ч.Эрдэнэдалай: ВАЛЮТ ОЛ, ӨРНӨӨС ГАР, ХАДГАЛАМЖ ҮҮСГЭ
 
 
♦ Дэлхийн хөрөнгө оруулагчид манай улсад жилдээ 3-4 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байсны хоёр тэрбум нь “Оюутолгой”-д ашиглагдаж байсан юм.
 
♦ Эдийн засаг оргил үедээ “Тавантолгой”-г унагаасан нь түүхэн том алдаа болсныг цаг хугацаа харуулна. Ингээд л Монгол Улс уналтад орж том хар нүхэнд ойчсон гэхэд хилсдэхгүй. Ийм нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулалт буурах нь тодорхой байсан. Учир нь түүхий эдийн үнэ унаж байгаа үед эрсдэл рүү гараа дүрэх хөрөнгө оруулагч ховор шүү дээ.
 
Манай улс хөгжих ёстой. Бид нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэд болж байгааг төр барьж байгаа хүмүүсээс шаардах эрхтэй. Хөгжлийг хэмжих хэмжүүр нь энэ. Гэтэл үүнийг ард түмэн хэзээ ч сонирхдоггүй, нэхдэггүй.
 
♦ Сүүлийн жилүүдэд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярьж байна. Энэ нь маш зөв шийдвэр. Гэхдээ үйлдвэрлэгчдийг томруулах механизм нь зөв байж, хэрэгжинэ.
 
♦ Эдийн засгийн хэвийн өсөлтийг бий болгохын тулд нэгдүгээрт, тогтвортой хөгжлийн бодлого, хоёрдугаарт өрсөлдөх чадвар гэх мэтчилэн 10 зүйлийг дагаж мөрдвөл буруудахгүй. Мөн түүнчлэн арилжааны гэрээний халдашгүй байдлыг сахих.
 
♦ Эцсийн дүндээ, өрнөөсөө гарч, валют оруулж ирэх хэрэгтэй. Харин олсон валютаа гарын салаагаар урсгалгүй, хадгаламж үүсгэх нь хүнд байдалд орох үед уснаас хуурай гарах боломж гэдгийг мартаж болохгүй.
 
Б.Мөнхдөл: АЛДААН ДЭЭРЭЭ СУРАЛЦАЖ, ЗӨВ ЗАМААР ХУРДАН АЛХ
 
 
♦ Бидний хийсэн хамгийн том алдаа нь манай улсын уул уурхайн салбарыг гадныхан сонирхож эхлэх үед хайгуулын лиценз олгохдоо УИХ, Засгийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй болгосон нь хүндрэл учруулсан.
 
♦ Огцом өсөлт, уналтаас өөрсдийгөө хамгаалах зэвсэгтэй байхын тулд ирээдүйн өв сангаа байгуулан, хуримтлал үүсгэх ёстой. Энэ ажлыг одоо л хийж эхлэх нь зүйтэй.
 
♦ Манай улс хөгжихийн тулд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг татаж, түүнийг зөв зарцуулан, төрийн оролцоог зохистой төвшинд байлгах нь зүйтэй. Мөн төрийн албан хаагч нь мэргэшсэн байх хэрэгтэй.
 
♦ Манай улсын хөрөнгийн зах зээлийг анх хөгжүүлэхдээ зорилгоо буруу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хувьчлалд зориулсан бөгөөд хэт түргэдсэн гэж болно. Гэхдээ хөрөнгийн зах зээл хөгжих нь дамжиггүй. Алдаан дээрээсээ суралцах шаардлагатай.
 
♦ Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр банкны салбарын санхүүгийн зах зээлд эзлэх хэмжээ буурна гэж харж болохгүй. Арилжаанд оролцогч талуудын мөнгөн гүйлгээ арилжааны банкны дансаар л дамжина. Үүнийг л эдийн засгийн эргэлт гэдэг. Мөнгө хэдий чинээ эргэлтэнд орно, төдий чинэээдийн засагт сайнаар нөлөөлнө.
 
Д.Улам-Оргих: ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ ЭЗЭМШВЭЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ
 
 
♦ Аливаа шинэ технологийг улс орон болон хүн бүрийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэртэл хөгжүүлж нутагшуулбал сая үр ашгаа өгнө.
 
♦ Бид технологийн их сайн боловсрол олгодог байсан юм. Бидний үеийнхэн гадаад дотоодод суралцахдаа хэзээ ч суурь боловсролоор гологдож байгаагүй.
 
♦ Сансрын технологоос гадна Монгол Улсад зайлшгүй хөгжүүлэх хэд хэдэн салбар бий.
 
Юуны урьд бид газрын баялгаа өөрсдөө эрж олоод боловсруулчихдаг тийм төвшинд хүрэх хэрэгтэй.
 
♦ Бид үнэндээ төвийн дулааны системээ бараадаад л хотод шаваад байна шүү дээ. Сайн сургууль бол яах аргагүй төвлөрлийн нэг шалтгаан. Орон нутгуудад сайн сургуулиуд байгуулж өгөх юм бол төвлөрөл аяндаа саарна.
 
♦ Эрдэмтэн мэргэд маань өөрсдийн сонирхдог зүйлсээс гадна улс орныхоо хөгжилд, хүн ардынхаа аж амьдралыг сайжруулахад би ямар нэмэр оруулах билээ, миний судалгаа ямар хэрэгтэй билээ гэж бодож эхэлбэл Монгол Улс хөгжинө.
 
Б.Алтанцэцэг: ТӨР ХУУЛИЙН ХҮРЭЭНД ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ, ЭДИЙН ЗАСГААС ХОЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ
 
 
♦ Эдийн засагт төрийн оролцоо өндөр байснаар амжилтад хүрч байсан түүх буурай хөгжилтэй улсуудад байдаггүй.
 
♦ Өнөөдөр мөрдөж байсан хууль маргааш шинэчлэгдэх нь хэрэгжүүлэх боломжийг боомилж байна. Яагаад гэвэл, хуулийн зүйл заалтыг ойлгож хэрэгжүүлэх хугацаа алга.
 
♦ Хуулийн орчин тодорхой болж төрийн хариуцлагыг нэмэгдүүлснээр улсын хөгжил урагшилна.
 
♦ Аливаа бизнес эрхлэгч багахан бэрхшээл тулгарахаар төрийн оролцоо хэрэгтэй гэдгээ болих хэрэгтэй. Түүний оронд хууль эрх зүйн тогтвортой орчин шаардах учиртай юм.
 
♦ Улсын аюулгүй байдлаа бодвол парламентын гишүүд олон байх нь чухал. Учир нь, 76 хүн хоорондоо зөвшилцөх 300 хүн хоорондоо ойлголцоно гэдэг нэлээд шүүлтүүрээр орно гэсэн үг.
 
Б.Бямбасайхан: БИЗНЕСТ ТОГТВОРТОЙ ОРЧИН, ТӨРИЙН ТУУШТАЙ ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ
 
 
♦ Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн алдаагаа ойлгох хэрэгтэй. Ингэснээр оношоо зөв гаргаж, ямар жор хэрэглэх вэ гэдгээ мэдэх боломж бүрдэнэ.
 
♦ Том төслийг хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайтар хөгжүүлэх нь зүйтэй.
 
♦ Бодит байдалтай нийцэхгүй, хийсвэр дүн шинжилгээ нь асар өндөр хохирол учруулна. Мэргэжлийн хүмүүсээр баг бүрдүүлэн бодит судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ нь төрөөс гаргах шийдвэрт нөлөөлж, эдийн засгийн орчин болоод нийгэмд эерэгээр нөлөөлөх боломжийг бүрдүүлнэ.
 
♦ Эдийн засгийн бодлогоос хамааралтай үр дагавар олон жилийн дараа гардаг. 
 
♦ Хууль эрх зүйн орчин тогтвортой, урт хугацааны тогтвортой бодлого нь компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулахад голлох үүрэг хүлээдэг.
 
♦ Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй учраас хугацаа алдахгүй ашиглах хэрэгтэй. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг уламжлалт эрчим хүчтэй хослуулан ашиглах нь зөв. Технологи амьдралын хэмнэлийг асар богино хугацаанд өөрчилж байна.
 
♦ Холын зорилгыг зөв тодорхойлж, зөв алхам хийх нь улсын хөгжилд чухал ач холбогдолтой.
 
X.Ганхуяг: НЭЭЛТТЭЙ, ХУУЛЬ ДҮРМЭЭ ЯГШТАЛ БИЕЛҮҮЛДЭГ УЛС ОРОН ХӨГЖДӨГ
 
 
♦ Нарийн, өргөн гэж маргаж суухын оронд бүх боломжоо дайчлан төмөр замаараа хоёр хөршийгөө холбож чухал түнш нь болох учиртай. Манай улсаас өөр сонголт байхгүй мэтээр авирлах нь боломжийг өөрөөсөө зайлуулах нэг шалтгаан болдог.
 
♦ Харамсалтай нь хөрөнгө оруулагчид манай улсын хууль, шүүхийн байгууллагад итгэдэггүй. Энэ нь өнөөх л хээл хахууль, авлигатай холбоотой. Бид олон улсад энэ талаараа “алдартай” болж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байлгүй дээ.
 
♦ Төрийн албан хаагчдын залгамж чанар, ур чадварын асуудлыг ярьж болно. Энэ нь хөрөнгө оруулагчид ялангуяа гадныханд ойлгомжгүй, итгэхэд бэрх байдлыг үүсгэдэг. Эдийн засгийн хор хохирлыг нь тооцоолохгүйгээр нэрийг нь өөрчлөхөөс гадна, бүр татан буулгах нь хурууны үзүүрээр л хийх ажил болж хувирсан нь харамсалтай.
 
♦ Их, дээд сургуулийг хувь, хувьсгалаар нь ялгахгүйгээр төлбөргүй болгосноор боловсролын салбарт дэвшил гарна. Энэ нь эргээд улсын хөгжилд орох хувь нэмэр юм.
 
♦ Эрүүл, боловсролтой Монгол Улсын иргэн улсаа хөгжүүлнэ. Үүний тулд эрүүл мэнд, боловсролын салбартаа анхаарал хандуулах хэрэгтэй.
 
М.Чимэддорж: ХӨГЖЛИЙН НЭГ ГАРЦ НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
 
 
♦ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төвшинг анхдагч салбарт суурилсан буюу доод эрэмбийн эдийн засагтай гэж болно. Ийм эдийн засгийн бүтэц ихээхэн савалгаатай байдаг.
 
♦ Монголд эдийн засгийн нэг гол багана алга, энэ бол хөрөнгийн бирж. Энэ нь арилжааны банкуудыг өрсөлдөгчгүй болгож, шударга бусаар мөнгө хүүлэх боломж бий болгосон.
 
♦ Өнөөдөр Монголын эдийн засгийн үрэлгэн байдал, санхүүгийн системийн гажуудлаас болж ажил хийж байгаа бүх хүний орлогыг хөрөнгөтэй хүмүүс сордог систем бий болжээ.
 
♦ Үндэсний хуримтлалын санг бий болгож, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх шаардлагатай.Ингэснээр санхүүгийн зах зээл зөвхөн банкнаас хамаарахаа больж өрсөлдөхүйц хэмжээний хүүгийн төвшинг эдийн засагт бий болгоно.
 
♦ Төрийн дэмжлэг хэрэгтэй болохоос төрийн оролцоо хэрэггүй. Төр илүү уян хатан зохицуулалттай, үйл ажиллагааг нь дэмжсэн бүтцийг бий болгох юм.
 
♦ Мэдлэгт суурилсан эдийн засгийг бэлтгэхийн тулд бүхэл бүтэн боловсролын тогтолцоо, бодлого шаардагдана. Хүртээмжтэй, тэгш боловсролын системийг хэрхэн бий болгоход анхаарах цаг болсон.
 
Д. Оюунчимэг
Эх сурвалж "Зууны мэдээ" сонин