Монголын зэс корпораци Ц.Ням-Осорт шаардлага хүргүүлэв
2017/04/24
Монголын зэс корпораци ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулах асуудлаар шаардах бичиг хүргүүлэхээр очсон ч хүлээн авсангүй. Ц.Ням-Осор дарга ажил дээрээ байсан ч Монголын зэсийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон хэвлэлийнхнийг халгаагаагүй байна. Тиймээс хувийн хэвшлийн төлөөлөл шаардах бичгээ ТӨБЗГ-ын бичиг хэрэгт хүлээлгэн өгчээ.
Төр өөрийн шууд удирдлага дахь аппаратаа ашиглан хувийн хэвшлийн эзэмшилд байсан тус үйлдвэрийн 49 хувийг булаан авсан. Үйлдвэрийн удирдлагын зардал, цалин урамшуулал, төрийн тансаглалтай холбоотой баримтаар нотлогдсон олон удаагийн үйлдэлд хувийн хэвшлийн төлөөлөл санаа зовж байгаагаа илэрхийллээ. Үүнтэй холбоотойгоор шаардах бичигт нийт 3 шаардлагыг тусгасан байна.
Үүнд, эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг нэмэхийг шаардсан байна. Монголын зэс корпораци 2016 оны 10 дугаар сараас эхлэн инженер техникийн болон бусад ажилтнуудын цалинг 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй. “Нүүдлийн шувуу” мэт түр очоод буцах ерөнхий захирал, түүнийг тойрсон албан тушаалтнуудын цалин хангамжийг бус, энэ насаараа үйлдвэртэй ажил амьдралаа холбосон жирийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Монголын зэс корпорацийн саналыг шийдвэрлэж, ажил хэрэг болгохыг шаардсан байна.
Мөн, үйлдвэрийн ерөнхий захирлын цалинг 25 сая төгрөгөөр тогтоосон нь төрийн зүгээс түүний хэмжээ хязгааргүй тансаглалыг өөгшүүлж байгаа явдал гэж үзээд нэн даруй зогсоохыг шаарджээ.
Эцэст нь, хууль бус ТУЗ үйлдвэрийн 200 мэргэжлийн ажилтныг хомроголон халж, оронд нь намын харьяалалтай, зорилго нь тодорхойгүй 200 хүнийг томилохоор зэхэж байгааг эрс эсэргүүцэн, энэ байдлыг зогсоохыг шаардлаа. Эрдэнэт үйлдвэрт сүүлийн 26 жилийн хугацаанд 6.1 тэрбум ам.долларын биет бараа бүтээгдэхүүнийг шахсан нь ОХУ-н тусгай аудитын шалгалтаар тогтоогдсон. Гэтэл намын харьяаллаар хичнээн мэргэжилтнийг хоолноос нь салгаж, оронд нь томилсон “намчид” хэдий хэмжээний цалин хангамжаар тансагласныг тооцох боломжгүй юм.
Эрх баригчдын шийдвэрийг үг дуугүй дагаж биелүүлдэг амьгүй албат Ц.Ням-Осор хувийн хэвшлийн шаардлагад ямар хариу өгөх нь анхаарал татаж байна. “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр булаан авах шийдвэр нь хууль эрхзүйн хувьд зөрчилдөөнтэй байсан” гэж хэвлэлд яриад чимээгүй болсон тэрээр намын даалгавраар амаа бариулсан гэлтэй. Ямартай ч сэтгүүлчдээс зугтаж, 49 хувийнхнаас дөлөх болжээ.