Манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 75-85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Тэгвэл энэ сарын 14-ний өдрийн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
 
 
Энэ хуулийн дагуу долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нээс хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хий­гээр ажилладаг автомашин, ца­хил­­гаан тэжээлт автомашины тат­варын хөнгөлөлтийг 50 хувиар буу­руулж, суудлын автомашины хөдөл­гүүрийн цилиндрийн баг­таамж, насжилтаас хамаа­руулж онцгой албан татварын хэм­жээг нэмэхээр болсон билээ. Ту­хайл­бал, 4500см³-аас доош хө­дөлгүүрийн багтаамжтай сууд­лын автомашинд үйлдвэр­лэ­сэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн баг­таамж­тай суудлын авто­машинд 40-250 хувиар тус тус онц­гой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ.
 
Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх аж. Тэгвэл хууль хэрэгжиж эхлэхийн өмнөх нөхцөл байдал ямар байгааг “Монголын мэдээ” сонин дугаарын сурвалжлагаараа хөндлөө. 
 
Машины худалдаачид  ирэх сарын 1-нээс урьтаж машинаа нөөцөлж байна
 
Нийслэл хотын зүүн хэсэгт байрладаг автомашины хамгийн том зах “Да хүрээ”-г зорилоо. Машины тос тосол, багаж сэлбэг худалдаалах иргэдийн бяцхан лангуу замын хажууханд байрлах бөгөөд “Он залуу приус маркийн машин яаралтай худалдаж авна”, “Банк бус санхүүгийн байгууллага зээл олгоно” гэх зарууд урсах чанга яригчийн дуунд хөтлөгдсөөр автомашины захад хүрлээ.
 
 
Тэнд ихэвчлэн приус маркийн машин байх аж. Машинуудын урд талын шилнийх нь  цаана  хүмүүст  харагдахуйц байдлаар дөрвөлжин цагаан цаас наасан байх бөгөөд үйлдвэрлэсэн он, моторын хэмжээ, утасны дугаар зэргийг  бичсэн байв. Биднийг очиход ажлын өдөр таарсан болоод ч тэр үү, хөл хөдөлгөөн багатай байлаа. Гэхдээ автомашин худалдагчид борлуулалт сайн байгааг онцолж байсан юм. 
 
Приус 20 маркийн машинаа арчиж, зүлгэн зогсох 40 эргэм насны залуутай уулзаж,  зарим зүйлийг тодрууллаа. 
 
-Автомашины үнэ өмнөхөө­сөө нэмэгдсэн гэсэн. Үнэн үү?
-Нэмэгдсэн зүйл байхгүй. Сүүлд буусан машинуудын үнэлгээ л  бага зэрэг нэмэгдсэн байж магадгүй. Хуучин байсан машинуудын үнэ нэмэгдээгүй. Тавдугаар сарын 1-нээс татвар нэмэгдчихвэл хүссэн хүсээгүй бүх машинуудын үнэ нэмэгдэнэ. Хуучин байсан машин ч тэр, шинээр орж ирсэн машин ч адилхан үнээр зарагдах байх. Яах вэ, орж ирсэн он, үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалаад үнэ нь өөр өөр байгаа. Түүнийг л хүмүүс нэмэгдсэн гэж андуурч байгаа болов уу. 
 
-Борлуулалт хэр байна. Автомашины үнэ нэмэгдэхээс өмнө машин худалдаж авъя гэсэн иргэд их байна уу?
-Худалдан авалт ер нь сайжирсан. Гэхдээ хүмүүс 10 сая дотор л машин авч байгаа. Татвар нэмэгдэхээр худалдан авалт ч буурах байх. Энэ машиныг  /сувдан цагаан өнгийн приус 20 машинаа заав/ одоо 12 саяар зарж байгаа. 2007 оны машин.  Татвар нэмэгдсэний дараа он нь хүрэхээ болиод ирэхээр 16 сая төгрөгөөр зарах болно. Гэтэл тийм хэмжээний мөнгийг хэр барагтай хүн халааснаасаа гаргаж чадахгүй. 
 
-Хууль батлагдахаас өмнө захиалчихсан, хэрэгжиж эхлэхээс нь  өмнө ирж амжихгүй болсон техник танд бий юу?
-Манайх хоёр контейнр ачуулсан. Нэг нь энэ сарын 9-нд наашаа хөдлөөд, одоо л Замын-Үүдэд буух гэж байна. Нийслэлд ирэхийн тулд ахиад долоо хоног зарцуулна. Багадаа 30 хоног зарцуулдаг учраас тавдугаар сарын 1-нээс өмнө авчруулах боломжгүй болсон юм. Тиймээс нэгийг нь  900 ам.доллар төлөөд  автомашинаар Замын-Үүд рүү татуулсан. Харин нөгөө нь хууль хэрэгжихээс өмнө ирэх боломжгүй болсон. Он залуу том бензин хөдөлгүүртэй машинууд байгаа. Энд 26, 27 саяар зарагдаж байгаа машинууд. Онцгой албан татвар нэмэгдэхээр ахиад таван сая төгрөгөөр нэмэгдэх байх даа. Хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалаад үнэ нь нэмэгдэнэ. 
 
“Машины үнэ 300-500 мянган төгрөгөөр нэмэгдсэн” 
 
Харин бидний уулзсан өөр нэгэн машины худалдаачин “Машины үнэ нэмэгдээгүй. Яах вэ, 300-500 мянган төгрөг нэмэгдсэн нь үнэн. Өмнө нь зарагдаж байснаас гэсэн үг шүү дээ. Татвар нэмэгдсэний дараа 2004 оны машин 15 сая болно. 2008 оны приус бол тавдугаар сарын 1-нээс 13.6 сая төгрөгөөр ирнэ. Гэхдээ ченжүүд хэдэн төгрөгний ашиг нэмэх нь тодорхойгүй. Ерөнхийдөө тав, зургадугаар сард ямар нэгэн борлуулалт байхгүй болох байх. Төлөвлөөгүй машинууд хүртэл  зарагдаад дуусчихлаа. Зургаа, долдугаар сард машин авна гээд төлөвлөчихсөн байсан хүмүүс хүртэл худалдан авалт хийж байна” гэлээ. Гэхдээ автомашин сонирхож явсан иргэд огт өөр зүйлийг хэлж байсан юм. Машин худалдаалж буй иргэд зарж буй барааных нь үнэ нэмэгдээгүй тухай учирлаж байхад иргэд хоёр сая хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байгааг онцолж байлаа.  
...Намайг хоёр сарын өмнө ирж, машины үнэ сонирхоход приус 20 машин 10 саятай байсан юм. Гэтэл одоо 12 сая болсон байна. Хамгийн хямд нь л 11 сая болжээ. Нөгөө татвар нэмэгдэх сургаар. Би ч гэсэн л татвар нэмэгдэхээс өмнө машин авчих санаатай явж байна. Татвар нэмэгдвэл машины үнэ ч гэсэн дагаад нэмэгдэх нь ойлгомжтой” гэж ярилаа. Онцгой албан татвар нэмэх хуулийн нэг сөрөг тал нь  энгийн бензин, дизель хөдөлгүүрт автомашины онцгой татварыг бараг нэмээгүй гэдгийг зарим судлаачид онцолж байгаа...
Автомашин худалдан авахаар  “Да хүрээ” захад зочилж, сонирхсон машиныхаа үнийг асуун, дотор нь сууж үзэж, басхүү доторх эд ангийг нь шинжиж явсан Чингэлтэй дүүргийн иргэн Б.Мөнхбат “Машины үнэ нэмэгдсэн байна. Миний хувьд приус авах санаатай л явна. Өмнөхөөсөө бараг хоёр сая орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Татвар нэмэх сургаар  ченжүүд машиныхаа үнийг нэмчихсэн байна шүү дээ. Гэтэл хууль нь хэрэгжиж эхлээгүй байгаа. Ченжүүд нь өөрсдөө автомашиныхаа үнийг хөөрөгдөөд байгаа юм шиг л санагдлаа. Хоёр сарын өмнө ирэхэд, хамгийн үнэтэй приус л 10 сая төгрөг байсан. Гэтэл одоо 12-13 сая төгрөг болсон байна. Сургаар л үнийг нь нэмчихжээ” гэв.  
 
Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Сандаг-Очир “Приус 20 маркийн машин сонирхоод явж байна. Үнэ нь нэмэгдчихжээ. Намайг хоёр сарын өмнө ирж, машины үнэ сонирхоход приус 20 машин 10 саятай байсан юм. Гэтэл одоо 12 сая болсон байна. Хамгийн хямд нь л 11 сая болжээ. Нөгөө татвар нэмэгдэх сургаар. Би ч гэсэн л татвар нэмэгдэхээс өмнө машин авчих санаатай явж байна. Татвар нэмэгдвэл машины үнэ ч гэсэн дагаад нэмэгдэх нь ойлгомжтой” гэж ярилаа. Онцгой албан татвар нэмэх хуулийн нэг сөрөг тал нь  энгийн бензин, дизель хөдөлгүүрт автомашины онцгой татварыг бараг нэмээгүй гэдгийг зарим судлаачид онцолж байгаа. Ингэснээр зах зээлд дээрх автомашинууд нь хайбридаас хямд болж нийтийн хэрэглээ бензин бага иддэг эко автомашинаас татгалзан есөн  жилийн насжилттай энгийн бензин эсвэл дизель автомашин руу бүрэн хэлбийж болзошгүй гэнэ.