Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялалт байгуулсан Халтмаагийн Баттулга тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.

Түүнд одоо өөрийн баг буюу Ерөнхийлөгчийн Тамгын Газрыг бүрдүүлэх ажил давын өмнө тулгамдаж буй юм.  Мөн өөрийн хөтөлбөрийг биелүүлэх амаргүй агаад цаг хугацаа шаардсан ажил ч хүлээгдэж буй билээ. Тэгвэл үүнээс гадна нэгэн дуулиантай ажлыг Ерөнхийлөгч Х.Баттулга ойрын үед хийж магадгүй тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга шийдвэр гарган, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эргүүлэн татах тухай. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ ч С.Баярыг эргүүлэн татах тухай саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан гэнэ. Гэхдээ С.Баярыг эргүүлэн татах үндэслэл нь офшор данс, АНУ дахь долоон байшин, 7 сарын 1-ны хүн амины хэрэг зэрэг бус дипломат ажилтан атлаа хууль зөрчин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон явдал байх бололтой. Монгол улсын Иргэн Г.Ичинхорлоо нарын хэсэг Монголчууд энэ оны  3 сарын 8-наас эхлэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эсэргүүцэж буйгаа зарлан, Лондон хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  14.3-т " Монгол Улсаа гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэсэн заалт бий.

 

П.Мандах

sonin.mn