ОУВС-гийн шинжээчид “хүүхдийн мөнгө”-ийг зогсоохыг шаардсан байна
2017/07/24
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас ОУВС-тай хэлэлцээ хийж, энэ оны тавдугаар сарын сүүлээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг албан ёсоор хэрэгжиж эхлүүлсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн даруйд 38.6 сая ам.доллар манай улсад орж ирсэн билээ.
Улирал тутам орж ирж уг санхүүжилтээс өмнө ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягтлаж, урьдач нөхцлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг аж. Иймд ОУВС-гийн шинжээчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж байгаа юм. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд манай Засгийн газар долоон төрлийн татвар нэмэн, тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх зохицуулалт хийсний зэрэгцээ “Хүүхдийн мөнгө”-ийг 60 хувьд нь олгохоор болж, УИХ-аар батлуулсан билээ.
Гэвч ОУВС-гийн шинжээчдийн зүгээс Монгол Улсын Засгийн газрыг хэд хэдэн урьдач нөхцлүүдээ зөрчиж, хөтөлбөрийн хэрэгжилтийг сааруулсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх шаардлагыг шууд байдлаар тавьсан байна. Одоогоор Засгийн газраас уг мэдээллийг ихэд нууцлаж, дотооддоо ард түмэнд хэрхэн зөв ойлгуулах талаар зөвшилцөж байгаа аж.