Ч.ЗОТОЛ

 Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдыг мөнгөө  оруулж ирэхийг уриалж, 49 хоногийн хугацаа өгөв.  Энэ үг улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний ойр тойрныхонд  л хамаатай. Түүнээс оффшор дансанд мөнгө эргүүлдүүлээд сууж байгаа жирийн иргэн , бизнесмэн Монголд нэг ч байхгүй. 
 Төрийн тэргүүн  “49 хоног” гэж хугацаа заасан. Үүнийгээ  энэ сарын 24-ний өдрөөс эхлэн тооцоод эхэлчихсэн. Энэ хугацаанд багтаж  нууц дансаа хааж, нуусан мөнгөө Монголд  оруулж ирж төсөвт оруулбал ял зэмгүй. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлагыг  хүлээлгэхээ зарлав. Энэ ажилд  туслалцаа үзүүлэхийг Төрийн тэргүүн АНУ-аас хүсч нааштай хариу аваад хэдхэн хонож байна.  
Нөгөө талаас Ерөнхийлөгч хугацааг заахдаа  яагаад 30 хоног эсвэл 45 хоног гэлгүй 49 гэж тодотгосон нь сонин. Христийн шашинд их мацаг долоон долоо 49 хоног үргэлжилдэг. Энэ нь өөрийгөө цэвэрлэх, ариусахуйн утгатай. Монголчуудын уламжлалт буддын шашны үзэл онолоор  бол 49 хоног  гэдэг нь  төрөл арилжих хугацаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүн нас барснаас хойш дараагийн төрлөө авах хугацаа юм л даа. Энэ хугацаанд сайныг сэтгэж, буян сайн үйлдсэн бол сайн төрөл авдаг. Сайныг үл санаж, буян сайтар үйлдээгүй нь муу төрөл авдаг гэж байгаа.  
Мөн төрлөө авах гэж зүтгэн буй нэгэндээ ойр тойрныхон нь тус хүргэхээс татгалзах аваас  усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн сургасан байдаг.  Шашны номд үүнийг  “...Үлгэрлэвээс, усанд унаж гарахаар тэмцэж буй хүн өөрөө үс хувцсаа хатааж хуурай болох ямар ч боломжгүй бөгөөд харин усанд унаагүй хүний хувьд түүнд туслан гаргаж хувцас юугий нь хатааж өгөх нь боломжтой. Үүн лугаа  өөрийн үйлийн салхинд хөтлөгдөн төрлөө олж чадахгүй, жаргах зовох, балчиг шаварт унаж гарах нь өөрийн мэдэлгүй байх энэ үед ойр тойрныхон нь туслан буянд шамдах аваас түүнийг зовлонгоос гэтлэхэд нь тус болдог” хэмээсэн байх юм. 
Тэгэхээр  Ерөнхийлөгч оффшорчдыг   үх гээгүй, үхүүлнэ гэж заналхийлээгүй нь лавтай. Харин муу үйлээ зас, нэг үгээр хэлбэл өөрийгөө  төрөл арилжсан мэт өөрчил, сайн үйлс  бүтээ, ариус, гэгээр. Шунал хүслээ тэвчин оффшор бүс дэх нууц данс, түүнд байгаа хөрөнгөө илчилж Монголдоо оруулж ирэхээр шулуудаж төрөл арилжихаар зэхэж буй  нэгэндээ ойр тойрныхон нь бүү саад бол гэж ёж  утгаар хэлсэн бололтой.

Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.
ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.
Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.
Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Үлгэрлэвээс, усанд унаж гарахаар тэмцэж буй хүн өөрөө үс хувцасаа хатааж хуурай болох ямар ч боломжгүй бөгөөд харин усанд унаагүй хүний хувьд түүнд туслан гаргаж хувцас юугий нь хатааж өгөх нь боломжтой билээ. Үүн лугаа өнгөрсөн амьтны сүнс өөрийн үйлийн салхинд хөтлөгдөн хаана төрөхөө өөрөө ч мэдэхгүй, жаргах зовох, балчиг шаварт унаж гарах нь өөрийн мэдэлгүй байх энэ үед хойно нь үлдсэн төрөл төрөгсөд нь нас барагч түүний тусад нүгэлгүй буянд шамдах бөгөөд түүний тусад ерөөл талбиваас үйлдсэн буян ямагт араас нь дагаж түүнийг зовлонгоос гэтлэхэд нь тус болдог.
 
Буян хийхэд анхаарах зүйлс 
Үүнд: 

Хамаа бусын хэн нэгэн буян үйлдэх бөгөөд зориулваас талийгаачид тус болдоггүй зөвхөн өөрт нь буян болж үлддэг. Харин ойр дотны төрөл төрөгсөд хамаатан садан,язгуур угсаа нэгтэй хүмүүс хийгээд эд эдлэл н
Нас барагсадын ихэнхи нь 49 хоногийн эхний үед төрөл авах нь олон байдаг тул эхний үед буяны үйлд сайн шамдах хэрэгтэй. Хойдын буяны хоол унданд зориулж малын амь таслахгүй байх, шунал, уур, мунхаг гурваас үүдэлтэй үйл бүхнийг тэвчих нь зүйтэй.
Нас нөгчигчийн сүнс ямар төрөл авах нь түүний хийсэн үйлийн үрээс хамаарах хэдий боловч түүний араас буян ихийг үйлдвэл муу заяанаас татаж сайн төрлийг авахад нь туслах боломжтой байдаг байна. Хэрэв сайн үйлийн үртэй байгаад сүнс нь сайн төрлийг авсан байсан ч араас нь буян ихийг үйлдснээр эд хөрөнгө элбэг баян,олон түмэнд хүндлэгдэж амьдрах тул буян хийхээс хойш сууж хэрхэвч болохгүй ажээ. Иймээс дор бүрээ Таалал төгссөн хүмүүсийн араас Буян ихийг үйлдэх нь зүйн хэрэг аж.

Эх сурвалж: www.polit.mn