Баянгол дүүргийн 3-р хороо буюу  Улаанбаатар зүтгүүрийн депогийн эзэмшлийн газар дээр “Нарны хороолол” гэх хороолол бий. Уг барилгыг захиалсан, барьсан нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн "Хурд групп" ХХК. Ашиглалтад ороод удаагүй ч тус хорооллын оршин суугчид цахилгаанаа таслуулахад хүрчээ. Учир нь тус хорооллын  гурван байр СӨХ-ын мөнгөө төлөөгүйгээс болж  нийт зургаан байрны  лифт ажиллахгүй,  хонгил болон гадаа гудамжны гэрэл асахгүй харанхуй орчинд  тус хорооллын оршин суугчид хүндхэн байдалд байна.

Нарны хороололд нийт зургаан байр байдаг.  Үүний гурван байр нь СӨХ-той бол үлдсэн гурав нь СӨХ-гүй.  Тиймээс СӨХ-гүй гурван байр нь цахилгааны мөнгөө төлөөгүйн улмаас бусад байрны оршин суугчид хохироод байгаа ажээ.

 Энэ талаар эх сурвалж: “Хурд”-ын хариуцдаг гурван байр байдаг. Оршин суугчдын байгуулсан СӨХ-ны гурван байр байдаг.  СӨХ-гүй гурван байрны цахилгааныг манай нийтийн эзэмшлийн гэрээн дээр  “Хурд”  холбуулсан юм. Тэгээд холбуулсан гурван байрны оршин суугчдаас СӨХ-ын мөнгө авдаг хэрнээ манай руу шилжүүлээгүй.  Тэрнээс болж цахилгааны  мөнгөн дээр өр үүссэн.  Үүнээс болж цахилгаан нийтээр нь таслахаар болж байгаа гэв.”

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр “Хурд” группийн Санхүүгийн албаны дарга Д.Батсанаагаас тодрууллаа.  Нарны хороолол манай бүтэн байгуулалт мөн. СӨХ байгуулагдсан байгаа. Цахилгааны бүх заалт, тоолуурыг бид СӨХ рүү шилжүүлчихсэн байсан. Гэтэл одоо асуудал нь юу вэ гэхээр СӨХ нь гурван байран дээр л байгуулагдсан. Нөгөө гурван байранд нь СӨХ байгуулагдаагүй байгаа. Тэгэхээр бид нар СӨХ байгуулагдаагүй гурван байранд үйлчилгээг нь үзүүлээд явъя, СӨХ-ын төлбөр мөнгийг цаашаа төлье гэсэн байдалтай явж байгаа. Цахилгааны  хувьд асуудал үүссэн байна уу гэвэл байна. Би сая сонслоо. Би яг ооо төлбөрийг нь шилжүүлэх гээд банк  руу гарах гэж байна.  Тэгэхээр цахилгаан холбочихно. Чиний хэлээд байгаа лифт унаан асуудлыг би мэдэхгүй. Би өнөөдрийг хүртэл тийм юм сонсоогүй ээ. Би Нарны хорооллын  группт байдаггүй.  Лифт гацсан гээд байгаа  14, 16, 17-р байр манайд хамааралгүй байдаг.  15,18,19-р байр манайд хамааралтай.” Гэв

Уг нь барилга барьсан бол лифт гацсан, унасан, байртай холбоотой бүх асуудлыг эхний 3 жилд “Хурд” хариуцах ёстой. Гэтэл өнөөдөр ийм тайлбар өгч байна.  “Хурд” ХХК-ийн зүгээс төлбөр төлөөгүйн улмаас  өнөөдөр  тус хорооллын байрнуудын лифт ажиллах эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл иргэд 1-23 дахар руу явган явж байгаа юм.  

Оршин суугчдаа удаа дараа хохироож байгаа үйлдлийн талаар бид эргэж мэдээлэх болно.  

 

А.Баярмаа