Намуудын хуулийг шинэчилж, засаг төрийн өөрчлөлтийг хийх улс төрийн зориг АН-ынханд байгаа болов уу. Саяхан намуудын удирдлагууд суугаад нэгэн дуугаар өөрчлөх тухай ярьж байгаа ч яг өөрчлөх дээрээ тулвал юу болох вэ? Өөрчилж чадах болов уу.

Эсвэл намынхаа, бизнесийн бүлгийнхээ эрх ашгийг хамгаалаад өнгөц, дутуу, өөрсөддөө ашигтайгаар л өөрчлөөд өнгөрвөл яах вэ? Яагаад юм болгон л эргэлзээд байна вэ гэхээр ерөөсөө хулхидуулж, зальдуулсаар байгаад өнөөдөр хаширч дээ. Сайхан амлалтууд, гоё яриануудад итгэсээр, дараа нь хууртсанаа мэдэж хараасаар байгаад итгэлээ алдаж.

Хэрэв намуудын тухай хуулийг улс орон, ард түмний эрх ашгийг бодоод өөрчлөвөл өнөөдрийн энэ улс төрийн дампуурал эцэс болоход дөхөмтөй. Яагаад гэвэл өнөөдөр монголын хамгийн том асуудал бол ерөөсөө төрийн олигархижсан байдал юм. Үүний шалтгаан бол манай намууд “парти” буюу “нам” байхаа больж зөвхөн эрх мэдэлд хүрэх гэсэн цөөн хэдэн хүмүүсийн хэрэгсэл болж тэдний хоргодох үүр цаашлаад бүлэглэл болсон гэвэл үнэнд ойртоно. Энэ хэвээрээ цааш үргэлжилвэл юу болох вэ гэвэл манай улс дахиж хэзээ ч өөдлөхөөргүй зам руугаа орно. Өнөөдөр улиг болтлоо ярьсан нөгөө хар африкийн улсуудын гунигт хувь тавиланг амсана гэсэн үг л дээ.
 
Мэдээж хэн биднийг африк шиг болгох вэ гэхээр нэг талаар гадныхантай хуйвалдаж, шуналын тулам болсон дотоодын төрөөс төрсөн тэрбумтнууд, нөгөөх нь гадны колончлогчид. Колончлогчид бол одоогийн том том уул уурхайн компаниуд. Тэд бол орчин цагийн колончлогчийн үүргийг гүйцэтгэж, баялагтай орны бүхий л баялгийг нь сорох төлөвлөгөөтэй. Тэд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд мэдээж хуучин цагийн колончлогчид шиг хүч хэрэглэхгүй. Харин “ардчилал”, “эрх чөлөө”, “либерализм”, “капитализм”, “зах зээлийн хууль”, “хязгаарлагдмал төр”, “шударга сонгууль” гэх мэт сайхан зүйлүүдийг ярьсаар зорилгодоо хүрнэ.
 
Олон намын оролцоотой сонгууль явуулж олигархиуд ээлж ээлжээр солигдсоор л байх болно. Гэхдээ ямар ч өөрчлөлт гарахгүй. Шуудхан хэлэхэд яг өнөөгийн монголын нөхцөл байдал.
 
Хэрэв монгол хөгжье гэвэл олигархиудаасаа, төрөөс төрсөн тэрбумтнуудаасаа засаг төрөө авран салгах хэрэгтэй нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр яаж салах вэ гэхээр тэдний үүрийг устгах хэрэгтэй. Тэр нь мэдээж улс төрийн намууд. Тэгэхээр намуудын татан буулгах эсвэл өөрчлөн байгуулах хэрэгтэй. Үүнийг хүн бүр хэлдэг ч хэрэгжүүлэх хүн алга байна. Зарим нөхдүүд төрийн зөөлөн сэнтийд суугаагүй байхдаа сайхан зүйл ярьдаг ч дараа нь мэдээж амаа үдүүлнэ дээ.
 
Одоо улс төрийн намуудын хуулийг өөрчилнө гэж байна. Гэхдээ хэзээ хэрэгжүүлэх бол гэсэн асуулт тодорхойгүй хэвээр байна. Намуудын хуулийг өөрчлүүлэх шахалтын бүлэг ч өнөөдөр алга. Мөн УИХ болон ЗГ-ын салгах хэрэгтэй байна. Энэ бол жинхэнэ олигархиуд үржиж өсөхөд хамгийн таатай хөрс суурь болж байна. Нэг гараараа хуулиа баталж, төсвөө батлаад нөгөө гараараа мөнгөө авч, луйвраа хийгээд сайхан биш гэж үү. Бас хэн ч түүнийг хянаж шалгахгүй. Мэдээж ард түмэн рүүгээ хараад “шударга байцгаая”, “авлига битгий аваарай” гэж хэлнэ шүү дээ.
 
Өнөөдөр шинэчлэл яриад байгаа нөхдүүд шинэчлэл хиймээр байгаа бол дээр бичсэн зүйлүүдээс л эхлэх хэрэгтэй дээ. Үүнийг хийж гүйцэтгэх улс төрийн зоргийг АН гаргах болов уу? Үнэхээр л хийж гүйцэтгэж чадвал улс орон, ард түмнийхээ төлөө хийж байгаа түүхэн гавъяа болон дуурсагдах болно.