Оны эхний хоёр 7 хоногийн байдлаар зэсийн үнэ 7123 ам доллар тонн байна
2018/01/15
Зэсийн жилийн дундаж үнэ сүүлийн 7-н жилд дараалан буурсан бол 2017 онд 2016 онтой харьцуулахад 1291 ам доллараар өсөж 6163 ам доллар тонн боллоо.
2017 онд зэсийн үнэ өсөхөд Хятадын зэсийн эрэлтийн өсөлт болон томоохон зэсийн уурхайнуудын үйлдвэрлэл ажил хаялт, үйлдвэрлэлийн хүндрэлээс шалтгаалан төлөвлөснөөс буурсан явдал голлон нөлөөллөө.
2017 онд дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2016 онтой харьцуулахад 0,7 % иар өсөж 16377 мянган тонн баяжмал дахь зэсэд хүрсэн байна. Өнгөрсөн 10-н жилд дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2008 болон 2011 оноос бусад жилүүдэд өмнө жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байлаа.
2007-2017 оны хооронд дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл 4085 мянган тонноор өссөн байна.
2018 оны 1-р сарын эхний хоёр 7 хоногт зэсийн үнэ 7071-7203 ам долларын хооронд хэлбэлзэж дунджаар 7123 ам доллар тонн байна. Оны эхээр зэсийн худалдан авалт нэмэгдсэн мөн ам долларын ханш суларсан нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлж байна гэж шинжээчид мэдээлж байна. 2014 оны 7-р сараас хойш ЛМБ-ийн зэсийн сарын дундаж үнэ 7000 ам доллараас дээш өссөн тохиолдол байхгүй юм.