“Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 205 тэрбум төгрөгийн бараа байна
2018/01/16
Өнгөрсөн оны эцэст “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахын нэгдсэн тооллого явагдаж, дүн нь саяхан гарчээ. Энэ хүрээнд нөөц сэлбэг хэрэгсэл, бараа материалыг тоолох, нэр төрлийг ангилан ялгах, удаан хадгалагдсан, орлогод ороогүй бараа материалыг бүртгэж жагсаалтад оруулах зэрэг ажил хийгдэв. Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад нийт 205 тэрбум төгрөгийн сэлбэг, бараа материал байна. Үүн дотор он удаан жил хадгалагдсан, дахин ашиглагдахгүй ангилалд таван тэрбум төгрөгийн бараа багтжээ. Өмнө нь гадны байгууллагад худалдах ханш, цех хоорондын тооцоогоор олгох үнийн дүн хоёр зөрүүтэй байснаас ашиглагдахгүй бараа уддаг байв. Харин үйлдвэрийн удирдлагууд шийдэлд хүрч, гадны байгууллагад зардаг үнээр цех, нэгжүүдэд олгодог болсноор амжилт олсон байна.
Энэ онд ашиглагдахгүй сэлбэг хэрэгслийг аль болох эргэлтэнд оруулах, тооцооноос гарсан бараа материалыг устгах ажиллагаа явуулна. Мөн таван жилийн өмнөөс актлах бичиг баримтын бүрдэл хийгдсэн 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий химийн бараа бүтээгдэхүүнийг хэрхэхийг шийдвэрлүүлнэ гэж Тээвэр ложистикийн албаны дарга мэдээллээ.
Түүнээс гадна хугацаа нь давчуу ирсэн бараа материалыг цех, хэсгүүдэд олгох аж. Өмнө нь тус албаар 500 орчим тэрбум төгрөгийн ачаа эргэлт явагддаг байсан бол өнгөрсөн онд 350 тэрбум болж буурчээ. Үүнд давхардсан тоогоор ачаа авахгүй байх удирдлагын бодлого нөлөөлсөн аж.