В.Путин дахин сонгогдох уу?
2018/03/01
Оросууд ерөнхийлөгчөө сонгоход гурван долоо хоног үлдээд байна. Одоогийн Ерөнхийлөгч Владимир Путиныг дахин сонгох болов уу. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа томилогдох уу. Энэ сонгуульд нэрээ дэвшүүлсэн долоон нэр дэвшигчдэд түүний албан тушаалыг эзлэх боломж байна уу.
ОХУ-д энэ сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн талаар эргэлзэж байвал эсвэл асуух асуулт байвал асуултаа илгээж болно гэж “ВВС” агентлаг хүмүүсээс хүсчээ. Тэд ирсэн асуултуудаас сонгон “ВВС” агентлаг дахь ОХУ-ын албаны сэтгүүлчдийн багт уламжилснаар сонгуультай холбоотой мэдээллийг өгч, уншигчдын асуултанд хариу өгөх болно гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “ВВС” агентлагийн бичсэн мэдээллийг хүргэе.
Ерөнхийлөгч В.Путин түүнийг өөрийнхөө залгамжлагч болон ерөнхий сайдаар томилсон Борис Ельциныг албан тушаалаасаа огцорсны дараа 2000 онд ерөнхийлөгчийн албыг хаших болсон. Хэдийгээр ОХУ-ын Үндсэн хуулиар тус улсын ерөнхийлөгчөөр дараалан сонгогдохыг зөвшөөрдөггүй ч тэрээр хоёр удаа улиран сонгогдсоноор 2008 он хүртэл уг албыг хашсан. Гэвч хууль тогтоомжид нэг хүн ерөнхийлөгчөөр сонгогдох дээд талын хугацааг зааж тогтоогоогүй байдаг аж. Иймээс түүний баруун гар Дмитрий Медведев 2008-2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний Засгийн газар ерөнхийлөгчөөр сонгогдох хугацааг зургаан жил болгон өөрчилснөөр Владимир Путин дахин ерөнхийлөгч болохдоо шинэ хугацааны дагуу сонгогдон ажилласан юм. Харин одоо түүнтэй өрсөлдөж байгаа нэр дэвшигчид В. Путиныг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн комиссын ажилд оролцсон, Венесуэлийн эдийн засгийн хүндрэл болон Сирийн дайны хямралд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгаж байгаа юм. “EFE” агентлагаас хийсэн судалгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 71.4 хувийн санал авсан байна. Түүнтэй өрсөлдөгчдийн аль нэг нь сонгуулийн хоёрдугаар шатанд түүний хүчтэй өрсөлдөгч болж чадах болов уу?
Тухайлбал, түүнтэй өрсөлдөгчдийн дотор ОХУ-ын Парис Хилтон гэж нэрлэгддэг телевизийн хөтлөгч Ксения Собчак байна. Тэрээр цорын ганц эмэгтэй нэр дэвшигч. Сонгуулийн урьдчилсан санал хураалтаар В.Путинтэй өрсөлдөж чадах улстөрч гэж тооцогддог сөрөг хүчний удирдагч Алексей Навальнид саналаа өгөх гэж байсан хүмүүс Ксения Собчакт саналаа өгөх боломжтой ажээ. Учир нь сөрөг намын хүчний удирдагч Алексей Навальни ерөнхийлөгчийн сонгуульд залилангийн хэргээр шийтгэгдэж байсан учраас өрсөлдөх боломжгүй болсон билээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин