Эрдэнэт үйлдвэрийнхэн дэлгэр сайхан наадлаа
2018/06/27
Монгол улсын эдийн засгийн гол хүч, уул уурхайн салбарын тэргүүлэгч компани Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд Эрдэнэт үйлдвэрийн үндсэн болон туслах, нийгмийн цехүүдийн нийт 128 бөх хүч үзэн барилдсанаас Авто тээврийн байгууллагын бөх, аймгийн заан Д.Золбаяр түрүүлж, Ил уурхайн бөх, аймгийн арслан Т.Чулуунгэрэл үзүүрлэв. Шагайн харваанд 6 баг өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Монгол Улсын гарамгай мэргэн Ө.Тогоо ахлагчтай Авто тээврийн байгууллагын ахмадын баг эзэлж, Аймгийн гоц мэргэн Д.Алтанбаяр ахлагчтай тус цехийн баг, н.Болдчулуун ахлагчтай Тээвэр ложистикийн алба, Гэрээт цагдаагийн хэлтсийн хамтарсан баг удаалсан байна. Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Ил уурхайн харваач , аймгийн мэргэн н.Ганчулуун, Эрчим хүчний цехийн харваач, спортын мастер н.Ганхуяг, Баяжуулах үйлдвэрийн харваач, аймгийн мэргэн спортын мастер н.Өлзийхутаг, эмэгтэйчүүдээс ДЦС-ын харваач н.Баасанжаргал, Авто тээврийн байгууллагын харваач, аймгийн мэргэн, спортын мастер н.Золзаяа, Спорт ордны харваач, спортын мастер н.Дэлгэрмаа нар эхний байруудад шалгарсан байна. эрхий мэргэн харваач цэц мэргэнээ сорьж, нар эхний байруудад шалгарлаа. Хурдан дааганы уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын уяа сойлгыг нь тааруулсан 84 хурдан даага шандас хүчээ сорьсноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Алдарт уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнгийн хээр даага түрүү магнайлж, Засвар механикийн заводын ажилтан н.Өлзийбаярын хонгор халзан даага, Тээвэр ложистикийн албаны ажилтан н.Оюунбаатарын хул, Монгол улсын Алдарт уяач, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хээр, Засвар механикийн заводын ажилтан н.Ганзоригийн хүрэн халзан даага айргийн тавд давхилаа.
Ийнхүү уурхайчдын уясан хүлэг нь хурдан байж, хүчит бөхчүүд бяртай, эрхий мэргэн харваачид цэцтэй байж, наадамчин олноо баясгав. Эрийн гурван наадмын түрүү бай шагналыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд гардуулж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт хамт олондоо амжилт хүсч үг хэлэв. Үүний дараа төв цэнгэлдэхэд цугласан наадамчид, “Уурхайчин би” сүлд дуугаа хамт дуулж, баяр наадмаа жаргаалаа.