“Яг түүн шиг-3” шоуны оролцогч, “Swee­tymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа.


-“Яг түүн шиг-3” шоуны дөрөв дэх дугаарын ялагч болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Энэ удаагийн шоуны эрэгтэй оролцогчид хүчтэй байна. Харин эмэгтэй оролцогчдоос хэн нь ялалт байгуулах бол гэсэн битүүхэн хүлээлт байсан шүү?

-Өмнөх жилүүдийн цувралыг харж байхад ерөнхийдөө эрэгтэй ялагч их байсан юм билээ. Энэ удаагийн эмэгтэй оролцогчид хүчтэй, мундаг хүмүүс. Ч.Очгэрэл бол өөрийн гэсэн байр сууриа олчихсон, кино жүжигчин, дуучин. Ж.Энэрэл загварын хүрээндээ амжилттай яваа, сайхан дуулдаг бүсгүй. М.Цэрэндолгор ОХУ-ын урлагийн сургуулийг төгсөөд ирсэн, жүжигчний хувьд маш авьяастай гэдэг нь харагдаад байгаа юм. Жүжигчин болох гэж төрсөн мэт дүрдээ маш сайн ордог, дүрдээ нэг орвол гардаггүй онцлогтой. Манай гурав авьяастай, салбартаа амжилттай яваа бүсгүйчүүд.

-Олны танил, дэлхийн хэмжээний одыг дуурайсан юм уу, эсвэл хүйсээ сольж дүр бүтээсэн тохиолдолд ялагч болоод байх шиг байна. Гэтэл таны хувьд монголчуудын төдийлөн сайн мэддэггүй, Английн дуучин LP-ийн “Lost on you”-г дуулаад ялагч болчихлоо?

-Харин тийм ээ.

-Таныг “Яг түүн шиг” шоун дээр “Lost on you”-г дуулснаар монголчууд LP-ийг бараг бүгд мэддэг боллоо?

-Би ч бас тэр дуучныг мэддэггүй байсан. Баззераар тэр дуучныг таарахад “Ийм дуучин байдаг юм уу. Хаанахын дуучин юм бол” гэхэд Г.Ганхүү шүүгч “Английн дуучин, продюсер, ая зохиогч хүн. Сүүлийн үед өөрөө дуулдаг болсон” гэж бага сага түүхийг нь ярьж өгсөн юм. Дараа нь би LP-ийг судлахад их мундаг дуучин юм билээ. Би өөрөө түүний шүтэн бишрэгч нь болсон. “Lost on you” дууг нь сонсоход их гоё, дотортой дуу байна лээ. Би бодсон юм аа “Энэ дуучныг монголчууд маань бүгд сайн мэдэхгүй байх. За яахав, оноогдсон дүрээ өөрийнхөө хэмжээнд чадах ядахаараа тултал хийж номероо хүргэе” гэж. Гэхдээ фэйсбүүк хуудсандаа дараагийн шатанд LP-ийг дуурайх болсноо зарлахад олон хүн түүний шүтэн бишрэгч, дуунд нь дуртай гэдгээ илэрхийлсэн. Үүнээс нь бас ч гэж санасныг бодоход монголчууд маань мэдэхгүй биш, мэддэг юм байна гэж итгэл төрсөн л дөө. Ингээд шоун дээрээ дууг нь дууллаа, олон хүн дуунд нь дуртай болсон. Дараа нь “Харанга”-ын Чука ах (Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатыг хэлэв.сурв) утасдаад “Баяр хүргэе. LP гэж ямар сонирхолтой, ямар өвөрмөц хоолойтой дуучин юм бэ. Чи хоолойг нь яг дуурайсан байна” гэсэн. Тэгэхээр тэр дуучныг жаахан ч гэсэн хүмүүст танилцуулах боломж надад гарсан юм байна гэж харсан.

LP-гийн дүрээр дөрөв дэх дугаарын ялагч болсон нь ганцхан миний ялалт биш юм. Энэ дүрийг яг түүн шиг болгож өгсөн баг хамт олны маань бүгдийнх нь ялалт.

Маск хийгээгүй хэрнээ нүүр будалтаар яг LP шиг болгож будаж өгсөн Хосоо, “Mirake” салоны үсчин Баяраа, Наку, жижиг хэрэглэл дээр ажилласан Анка, Одноо, хөгжим дуугаралт дээр ажилласан Мөнхөө, Туанаа, тайз, дэлгэцийн багийнхан, найруулагч Даймаа ахдаа баярлалаа.

-Шоу их нүсэр юм. Бэлтгэл ажил гэж их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг байх. Оролцогчид өөрсдийн хувь уран бүтээл, ажлаа хойш тавьж байгаад шоундаа анхаарлаа хандуулж байна гэцгээж байсан?

-Эмэгтэй хүн, айлын эзэгтэй гэдэг утгаараа заримдаа ажил төрлөө хойшлуулаад шоуны бэлтгэл, дуугаа давтахад цагаа зориулж байгаа. Долоо хоногийн дотор нэг уран бүтээлчийг судалж, дуулалт, жүжиглэлт, бүжиглэлтийг нь дуурайж сурна гэдэг хэцүү. Бид бүгд ачаалалтай байгаа. Гэхдээ эхэн үеэ бодвол ачаалалдаа дасаад харин ч ачаалалтай байх тусмаа шоуны амтандаа ороод хэмнэлдээ орчихсон гэх үү дээ. Өглөө фитнесстээ явчихаад гэртээ ирж цай ундаа уучихаад хүүхдээ хичээл сургуульд нь хүргэчихээд дуугаа давтаад дүрээ хараад суучихдаг. Гар утсаа оролдохоороо л фэйсбүүк, инстаграмаа хардаг байсан бол одоо youtube-ийг нээгээд дуурайх хүнийхээ клипийг үзээд, судалгаа хийгээд суух жишээтэй. Миний хувьд хэтэрчихсэн хэт ачаалал алга. Хамтлагаараа тоглолтдоо бэлтгэхэд тодорхой хэмжээний ачаалал ирдэг л дээ. Тиймэрхүү дайны ачаалал байна аа, байна. Гэхдээ ингэж ачаалалтай байх нь надад гоё санагдаад байгаа. Завгүй байх чинь сайхан юм.

-Шоуны оролцогчдын цаана хамтлаг, продакшн, уран бүтээлчид, загварынхан гээд түлхэц өгөх, туслах, дэмжих бүхэл бүтэн багууд байна гэж харагдаад байгаа. Таны хувьд ч ялгаагүй. Таны ард “Sweetymo­tion” хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат байгаа. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Тэдний минь тус нэмэр их. Дуугаа Ц.Сарнай, Б.Чинбаа, Б.Ганболор гуравтайгаа ярьж зөвлөнө. Б.Чинбат маань дуулалтын тал дээр тусална. Хамтлагийнхан маань миний ард асаалттай танк шиг зогсч байгаа нь түшигтэй санагддаг. Хэрвээ тэд маань байгаагүй бол би өөрийгөө хэрхэн дуулж байгаа, зөв, буруу дуугарч байгаагаа мэдэхгүй ч байсан юм билүү. Үнэнээр нь, шударгаар хэлээд өгчихдөг найз нөхөдтэй байх сайхан юм. Бас гэр бүл минь, хань минь байна. Хүүхдүүд минь байна. “Ээж ээ, та ямар сонин хөдлөөд байна аа. Энэ хүн шиг хөдлөхгүй байна шүү дээ” гэж яг үнэнийг шууд хэлдэг. Ойр дотныхон, гэр бүл, найз нөхөд маань миний ар талд бат бөх зогсоцгоож байна.

-Шоуг ням гаригийн орой гарахад гэр бүлийнхэн тань яаж хүлээж авч байна вэ?

-Би өөрийгөө зурагтаар харж чаддаггүй юм. Шоу дууссаны дараа гэрийнхнээсээ “За яаж байна, ямар байна” гэхээр “Зүгээр л байна ш дээ” гэдэг юм (инээв). Манай гэрийнхэн, ойр дотныхон цагаа гаргаж их төвлөрч үзэцгээдэг.

-Б.Зангад гуайг дуурайх баззер таарахад “Яана аа” гэж бодогдсон?

-Би бас яана аа гэж бодсон. Бид 2015 онд “Зүрхэн аялгуу” кино концерт хийхдээ Б.Зангад гуайтай холбогдож “Тунгалаг Буянт” дууг нь дуулах зөвшөөрөл авч байсан юм. Түүнээс хойш дахин уулзалдаагүй л дээ. Баззер дараад Б.Зангад гуай таарахад өөртэй нь холбогдохоос эмээсэн л дээ. Настай хүнийг дуурайхад өөрийг нь элэглээд ч байгаа юм шиг, шоолоод ч байгаа юм шиг мэдрэмж төрүүлчих болов уу гэж дотроо нэлээд эмээсэн шүү. Тэгээд л өөрийнхөө хэмжээнд судалгаа хийгээд номероо үзүүлсэн. Оросоос ирсэн маскийн багийнхан үнэхээр сайн ажилласан. Дуулалтын хувьд өөрийнхөө хэмжээнд хичээсэн. Тэр мундаг хүний дуулалтыг би яаж 100 хувь дуурайж чадах билээ.

-“Яг түүн шиг” шоу монголчуудын хувьд амралтын өдрийн орой гэр бүлээрээ ширээгээ тойрч сууж байгаад үзэх, буйдандаа тухалж байгаад сонирхох нэвтрүүлэг болж чаджээ. Нэг ёсондоо халуун дулаан уур амьсгалыг айл гэрт бий болгоод байна гэж хэлж болохоор байна?

-“Яг түүн шиг” гарах өдөр гэртээ ширээ засч тойрч сууж байгаад, баяр ёслолын байдалтайгаар шоугаа үздэг айлууд байдаг юм байна.

Гадуур УИХ-ын гишүүд, оффшор гээд л элдэв хар бараан үйл явдал өрнөж байхад ийм шоу гарч хүмүүсийг хөгжөөж байгаа нь, ийм цаг үед хүмүүсийг баяр баясгалантай болгодог шоу байгаа нь гоё байгаа байхгүй юу. Тийм болохоор “Боловсрол” телевизийнхэндээ ч баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Ийм гоё контентийг гурав дахь жилдээ Монголын ард түмэндээ хүргэж байна.

-Энэ шоунд оролцох санал анх ирэхэд танд юу бодогдсон бэ?

-Айсан л даа. Дуучин хүн өөрийн гэсэн хоолой, темпер, өнгө аястай байх ёстой гэсэн хатуу тавилтаар бид чинь 15, 16 наснаасаа дуулж эхэлсэн. Өөр хүний хоолойг дуурайгаад жүжиглээд, бүжиглэнэ гэхээр надад төсөөлөгдөхгүй байсан. Миний хоолой хувирах болов уу, би жүжиглэж чадах болов уу, би бүжиглэж чадах уу гэж их сонин бодлууд орж ирсэн. Миний хоолой хувирах болов уу гэдэг дээр л хамгийн их айж байсан.

-Танай шоуны бас нэг сонирхолтой хэсэг бол шүүгч Г.Ганхүү. Тэр хүний хөгжмийн талаарх мэдлэгийг бишрээд барахгүй юм?

-Явдаг Wikipedia (Нэвтэрхий толь) гээд байгаа шүү дээ (инээв). Ам нээх болгондоо түүх ярьдаг нь гоё. Хүнийг танин мэдүүлээд тухайн дуучныг судалмаар болтол нь ярьж танилцуулж, ойлгуулж өгдөг.

-Танай хамтлаг ойрын үед юу хийж байна, цомог, тоглолтын сураг байна уу?

-Есдүгээр сард Б.Чинбат маань бие даасан тоглолтоо хийнэ. Одооноос тоглолтын бэлтгэл нь эхэлж байгаа. Наадмын дараа л бүгдээрээ ханцуй шамлан тоглолтын бэлтгэлд нь орно доо. Ц.Сарнай маань эзгүй байгаа. Ирэх сард эх орондоо ирнэ. Бид чинь хамтлагийнхаа 20 жилийн ойг тэмдэглэж чадаагүй. Манай хамтлаг 1997 онд байгуулагдаж байсан. 21 жил болчихож шүү. Өнөө жилдээ багтаагаад бид гурав нийлээд тодорхой хэмжээнд нүсэр биш багахан хэмжээний тоглолт хийнэ гэж төлөвлөчихсөн байгаа. Гоё гоё юм яригдаж байгаа. Хувь уран бүтээлээ ч хийнэ. “Яг түүн шиг” шоу “Би ямар стиль жанраар дуулж болох вэ” гэдэг сэдэл санааг надад өгөөд байгаа байхгүй юу.

-Г.Сүндэрмаа соло цомог гаргавал LP-гийн “Lost on you” дууг багтаах болов уу?

-(Инээв). Хүмүүс тэгээд л байгаа. LP шиг доогуур өнгөөр дуулаач. Нэгдүгээр шатанд солонгос хип хопоор дуулсан. Тэрэн шиг дуулж үзээч гэсэн санал ирээд байгаа.

Эх сурвалж. Өдрийн сонин