Д.Одончимэг: Уурхайчдын сэтгэлийг огшоосон сайхан наадам болно гэж найдаж байна
2018/06/18
Эрдэнэт үйлдвэр түүхт 40 жилийн ойн баяраа энэ сарын 27-нд тэмдэглэнэ. Энэ үеэр зохиогдох урлаг соёлын үйл ажиллагааны бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа, урлагийн наадмын онцлогийн талаар Уурхайчин соёлын ордны Ерөнхий найруулагч Д.Одончимэгээс тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн баярын үеэр урлагийн ямар үйл ажиллагаа явагдахаар зэхэж байна вэ?
-Зэсийн баяжмал үйлдвэрлэлээрээ Ази тивд төдийгүй дэлхийд томоохонд орох Эрдэнэт үйлдвэрийн тулгын чулууг тавьснаас хойш эдүгээ дөрвөн арваныг угтаж байна. Энэхүү түүхт ойн баяр бол Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн баяр юм. Түүхт ойн баяраа өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр манай Уурхайчин соёлын ордон төлөвлөгөө гарган ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” нэрэн дор урлаг, соёлын хэд хэдэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулна. Үүний нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 200 уран сайханчийн найрал дуу дуулна. Мөн 460 хүний бүрэлдэхүүнээр Эрдэнэтийн түүхийг илтгэсэн фон зургийн үзүүлбэр хийх юм. Эрдэнэт үйлдвэрийн уран сайханчид, Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид, жүжигчид, Хүүхдийн ордны болон дөрөвдүгээр сургуулийн сурагчдаас бүрдсэн 108 морин хуурч тоглоно. Мөн 99 биелээч биелнэ. Улаанбаатар хотоос Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Дархан, Булган, Хэнтийн театраас бүжигчдийг урьсан. Цэнгээнт бүжгийн олон улсын шагналт гурван том хамтлаг ирж, бүжгийн гайхамшгийг үзүүлнэ. Энэ мэтчилэн олон сайхан тоглолт болно.
-Уурхайчдын баярыг улам төгөлдөр болгох тоглолт, шоу болох байх?
-40 жилийн тэртээ эх орны өнцөг булан бүрээс олон залуус Эрдэнэтийг зорин ирж, их бүтээн байгуулалтад оролцон, их үйлсийг цогцлоосон. Өдгөөг хүртэл энд ажиллаж амьдарч байгаа уурхайчид, тэдний үр хүүхдүүдэд уугуул нутгийнхны ая дууг сонордуулах нь баяр дээр баяр нэмнэ хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 21 аймгийн шилдэг уран бүтээлчдийг урьсан. “Бид Эрдэнэсийн эзэд”гэсэн энэхүү концертыг Уурхайчин соёлын ордонд хоёр удаа толилуулах ба наадмын талбайд бас тоглуулна. Сонирхолтой үзүүштэй тоглолт болох байх.
Уурхайчдадаа зориулсан спорт, урлагийн наадам өдрийн турш үргэлжилнэ. Орой нь томоохон шоу болно. Монголд байгаа хамгийн дээд зэрэглэлийн техник хэрэгслийг авчирч, хамгийн чадварлаг уран бүтээлчдийн тоглолт үзүүлнэ. Мөн Өвөрмонголын алдартай эстрад рок хамтлаг ирж мэндчилгээ дэвшүүлнэ. ОХУ-ын Улаан-Үд хотоос хамтлаг дуучид ирж тоглоно. Олон улсын чанартай маш сонирхолтой тоглолт хийхээр төлөвлөж байна.
-Бас эрийн гурван наадам, шагайн харваа болно. Та олон жил Эрдэнэт үйлдвэрийн урлагийн наадмыг найруулан тавьсан. Энэ жилийн онцлог юу байна?
-Тэгэлгүй яахав. Үндэсний бөх барилдаж, морь уралдан, сур, шагайн харваа болж, урлагийн томоохон тоглолттой өргөн дэлгэр наадам болно. Би Эрдэнэт үйлдвэрийн 15, 20, 25, 30, 35 ойн баярын урлагийн наадмыг найруулан тавьсан. Анх удаа л 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй наадам хийх гэж байна. Үүнийг чанартай, сайн зохион байгуулахаар бид хичээж байна. Улаанбаатар хотоос гурав, Эрдэнэтээс нэг найруулагч надтай хамтран ажиллана.
-Үйлдвэрийн цехүүдээс уран сайханчид хэр оролцож байгаа вэ?
-Манай үйлдвэр тасралтгүй ажиллагаатай, ажил ихтэй ч зарим цехийн удирдлага ажлаа зохицуулан, бидний ажилд туслан, уран сайханчдаа оролцуулж байгаад их баяртай байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн албыг нэрлэхэд таатай байна.
-Наадмын ажиллагаа хэрхэн эхлэх бол?
-Илгээлтийн эздийн хөшөөний дэргэдээс Наадмын талбай хүртэл баярын жагсаалаар эхэлнэ. Үйлдвэрийн ажиллагчид өөрсдийн ажил мэргэжлийн онцлогийг харуулсан сонирхолтой зохиомжтой жагсаалд цех хамт олноороо ижилхэн хувцаслаж оролцоно.
-35 жилийн ойн нээлтийн ажиллагааны үеэр “Илгээлтийн эзэд Эрдэнэтэд ирлээ” гэх сонирхолтой зохиомжтой жүжигчилсэн тоглолт үзүүлж байсан. Өнөө жил ямар байх бол?
-Өнөө жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд амар амгалан сайн сайхан амьдралыг бэлгэдсэн цагаан өвгөн хүүхдүүдийн хамт ирж, Эрдэнэт уулын домгийг өгүүлэх юм. Булган хангайн нутагт орших энэ нутгийн үүх түүхийг нилээд судалж, олон домгоос сонгон авч зохиомжилсон. Эрдэнэт үйлдвэр байгуулагдахаас өмнө онгон дагшин энэ нутгийн малчин ардууд хэрхэн амьдарч байсныг харуулснаар жүжигчилсэн тоглолт эхлэнэ. Энэ хэсгийг Онцгой байдал, Цагдаагийн албаныхан хамтарч зохион байгуулж байгаа. Дараагийн хэсэг нь энэ нутагт Орос, Монгол, Чехийн хайгуулчид эрдэнэсийг хэрхэн илрүүлж буй үйл явдлыг харуулна. Үүнийг Геологи хайгуулын анги бүрэн дааж хийж байгаа. Тэнд найруулагч ажиллаж байгаа. Тайзны голд өрөмдлөгийн техник байрлуулна. Хайгуулчид эрдэнэсийг хэрхэн олсон талаарх зохиомж сонирхолтой байх болов уу. Үүний дараа илгээлтийн эзэд хэрхэн ирсэн тухай хэсэг тоглогдоно. Эрдэнэтийн бүтээн байгуулалтад илгээлтийн эздийг уриалан дуудаж байсан тухай Монголын радиогоос тухайн үеийн бичлэгүүдийг цуглуулж байна. Орос ах нар хийгээд, цэргүүд, малчид нутгийн иргэд хэрхэн ирж буйг жүжигчилсэн байдлаар харуулж, хүмүүсийн сэтгэлийг тухайн цаг үед аваачихаар жүжигчилсэн тоглолт бэлтгэж байгаа.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд ойн баярын ёслол хүндэтгэл, олон түмний сэтгэлийг баясгах содон үзүүлбэр бий гэсэн?
-Энэхүү жүжигчилсэн тоглолтын дараа баяр наадмыг нээж Ерөнхий захирал үг хэлнэ. Ингэхдээ монгол түмний уламжлалт ёс заншлаар цав цагаан эсгий дээгүүр алхана. Монгол улсын Төрийн далбаа, Эрдэнэт үйлдвэрийн болон цех, нэгжийн туг залах ёслол болно. Туг залах ёслолын дараа Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан алдартнуудын жагсаал болно. Мөн Төр засгийн удирдлагууд Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, 40 жилийн түүхээ бүтээсэн Эрдэнэт үйлдвэрийг, түүнд хүч хөдөлмөрөө шингээн ажиллаж буй уурхайчид, ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэлэн шагнал гардуулах байх. Ингээд л баярт зориулсан уран сайхны тоглолт болно. Онцгойлон дурьдваас 400 хүүхдийн найрал “Тагтаа” дууг дуулж, найман настай хүүхэд гоцолно. Энэ үеэр 200 гаруй тагтаа нисгэнэ. Тусгай баг гаран, хэдэн тагтааг Эрдэнэтээс, хэдийг Булганаас барьж болохыг судлан ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг бүтээлцсэн оросын ард түмнийг магтан дуулна. Бид энх тайван, аз жаргалыг хүснэ. Бидэнд аз жаргал бэлэглэсэн та нарт баярлалаа гэсэн утгатай “Детства” гэх сайхан дууг найрал дууч хүүхдүүд дуулна. Энэ үеэр тэнгэрт 2000 бөмбөлөг хөөргөнө. Наадмыг нээх үеэр Д.Дашдондовын шүлэг “Зуун зууны манлай миний Эрдэнэт”, шагнал гардуулах үеэр В.Занаширын шүлэг “Гэрэл цацарсан Эрдэнэт” дуу эгшиглэнэ. Баяр наадмын төгсгөлд бүх уран бүтээлчид Д.Дашдондовын шүлэг “Хайрлан жаргах эх орон” дууг дуулна. Энд онцлон тэмдэглэхэд эдгээр гурван уран бүтээл МУСТА, авьяаслаг хөгжмийн зохиолч Б.Цэрэндондовынх. Орон нутагт өндөр хэмжээний уран бүтээл туурвиж буй чуулгынхаа бүтээлч, чадварлаг хөгжмийн багшаар би бахархдаг.
-Төгсгөлд нь та юу хэлэх вэ?
-Баяр наадмын үйл ажиллагаа манай үйлдвэрийн ажилчдын сэтгэлийг огшоож, зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээрээ, өөрсдөөрөө бахархах сэтгэлдэл төрүүлэх сайхан наадам болно гэдэгт итгэж байна.
Я.ЭНХТУЯА