Оролцогчид хувийн хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ
2018/06/19
Мастерын манлайлал хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгээс энэ сарын 11-нд хөтөлбөрт хамрагдаж буй ажилтнуудтай Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн лекцийн танхимд уулзалт зохион байгуулав. Энэ үеэр хөтөлбөрт хамрагдсан 40 мастерт хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, нөлөөллийн ажил хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч, багийн зохион байгуулалтад оруулжээ. Ажлын хэсгийнхэн оролцогчдыг ХАБЭА, ажлын гүйцэтгэл, хамт олонд бүтээлч соёлыг төлөвшүүлсэн байдал, удирдах ажилтны болон хамт олны үнэлгээ, гадаад хэлний мэдлэг зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэн A, B, C, D гэсэн дөрвөн түвшинд зэрэглэжээ. Хөтөлбөрийн төгсгөлд дахин үнэлж, мастеруудын мэдлэг, ур чадвар дээшилсэн эсэхийг тодорхойлох юм. Мастерууд энэхүү үнэлгээний дүнд үндэслэн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд тухайн мастерын хувьд анхаарах шаардлагатай ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөрийн турш хамтарч ажиллах юм.
Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа мэдлэг, туршлага, ур чадвартай ажилтнуудаас эдгээр мастерууд “Дасгалжуулагч” багшаа сонгосон бөгөөд хөтөлбөрийн хугацаанд 32 дасгалжуулагч нэгээс долоо хүртэлх мастерт зөвлөгөө өгч ажиллах юм.
Манлайлал нь бусдыг дагуулах, тэдэнд эерэгээр нөлөөлөх урлаг. Манлайллын үндсэн хэмжүүр нь нөлөөлөл байдаг. Тиймээс Мастерын манлайлал хөтөлбөрт оролцогчид хөтөлбөрийн явцад компанийн үнэт зүйлсийг бэхжүүлэх чиглэлээр ажилтнуудын дунд эерэг өөрчлөлт авчрах нөлөөллийн үйл ажиллагааг явуулна. Ингэхдээ таван багт хуваагдан ажиллана гэж хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн мэдээлсэн юм.