МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть бүтээлийн хэсгээс

Намын VII их хуралд эргэлт хийхээр Москвагаас дуудагдаж ирсэн КУТВ-ынханы нэг нь Золбины Шижээ байлаа. Тэрээр Шиньжаанд төрсөн, Сумъяа бээсийг дагаж Монголд ирэн туслах нь байжээ. 1923 оноос Төв Хороонд ажиллаж байлаа. МАН-ын эсрэг шинэ залуусын бүлэг байгуулахад хамгийн залуу, хамгийн шийдэмгий хэсэгт Шижээ багтаж байв. Удалгүй Ринчиногийн дараа нам, төрийн дээд эрхийг хууччуул авч хөөргөн залуусын ихэнхийг Дорно дахины коммунист Их сургуульд (КУТВ) сургахаар Москва явуулахад Шижээ тэнд багтсан. 

Энэ үед Шиньжааний байдал хурцадмал байлаа. Циньхайн хувьсгалаас хойш Шиньжаан нь үнэн хэрэгтээ бие даасан байдалтай, нөгөө талаас Зөвлөлтийн нөлөө ихтэй, тэгсэн мөртөө Оросын цагаантны дүрвэгсэд олонтой, ёстой холион бантан болсон газар байлаа. Тэнд амьдрах олон үндэстэн болгон өөр өөрийн сонирхолтой. Зөвлөлтийн зүгээс тэнд бас нэг улаан улс байгуулах сонирхолтой, улаан өнгийг хятадын лалууд гэгдэх хотон (hui) үндэстэн илүү шохоорхоно. Гучаад оны үед хотонгуудыг ах дүү дөрвөн Ма толгойлж байсан учир тэднийг Магийн бүлэг (Mа clique) гэж нэрлэдэг байлаа. Ма-гийнхан марксизм ленинзмд их үнэнч, Ялангуяа Карл Марксыг ихэд шүтнэ, “сахалт Ма” гэж нэрлэнэ[1]. КУТВ-д тэд олон оюутан сургахаар илгээсэн байлаа.

Зөвлөлтүүд Шиньжаанд хоёр удаа Дорнод Туркестаны бүгд найрамдах улс гэдгийг байгуулсан юм. Эхнийх нь 1933-34 онд, дараагийнх нь 1944-1949 онд тогтсон. Эхнийх нь “лалын”, дараагийнх нь “хувьсгалт” гэсэн тодотголтой. Хориод оны дундуур Коминтерноос эзэнгүй болчихсон Шиньжаанд бас нэг хувьсгалт улаан улс үүсгэхээр зэхэж байлаа. Дунгаан, уйгар, хотон оюутнуудыг КУТВ-д коммунист-террорист онолд сурган бэлтгэж байхад мөн л Шиньжаанаас гаралтай, аль хэдийнээ туршлагатай хувьсгалч болчихсон монгол үндэстэн Золбины Шижээ тэнд мэргэжил дээшлүүлж байлаа.

Шижээ Коминтерний даалгавраар Шиньжаанаас ирсэн хотон оюутнуудад хувьсгалт ятгалга хийх үүрэг аван гүйцэтгэнэ. Мөн Шиньжаан руу зөвлөлтийн зэвсэг нууцаар зөөх ажиллагааг ч зохион байгуулж байсан бололтой. Тэнд байхдаа Ө.Бадрахтай танилцжээ. Бадрах бол Увсаас гаралтай дөрвөд хүн. Мань хоёр ярилцаж байгаад Монголд халх бус ястнаас бүрдсэн автономи муж шинээр байгуулах санаа төрүүлэн хөгжүүлжээ. Шинэ санаа явсаар төсөөллийн шинэ улсад нь Монголоос Ховд, Увс аймаг, Тагна Тува улс тэр чигээрээ, Шиньжаанаас уйгар бус үндэстнүүд багтах юм боллоо[2]. Гэхдээ санаа энэ хоёр залуугаас анхлан гарсан гэдэг юу л бол. Нэгэнт улаан хувьсгал ялуулахад оролцон туршлагажчихсан энэ хийрхүү фанат монгол залуучуудаар Ойрд, Туваг салгаад Шиньжааны жижиг үндэстнүүдтэй нийлүүлэх ажиллагааг удирдуулах, КУТВ-т ирсэн шиньжааны цөөнхийг тэднээр уруу татуулах авантюр санааг коминтернийхэн л бодож олоо болов уу.

Ер нь ч тэгсэн байж таараа, юу гэвэл коминтернийхэн 1928 онд Монголд төрийн эргэлт хийхдээ мань хоёр залууг дагуулж ирснээр барахгүй намын шинэ удирдлагад Бадрахыг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга гэсэн хамгийн өндөр албан тушаалд томилж, Шижээг Үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар тавьжээ. Үүнээс хойш дөрвөн жил үргэлжилсэн “зүүнтний нугалаа” гэж нэрлэгддэг коммунист хийрхлийг ерөнхийдөө энэ хоёр удирдсан юм. 1930 онд болсон МАХН-ын VIII их хурлаар Шижээ нь бүр Төв Хорооны гурван нарийн бичгийн даргын нэгээр сонгогдов. 

Намын дарга болсон Ө.Бадрах Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай их тэмцлийн туршлага гэсэн нэлээд зузаан ном бичиж хэвлүүлсэндээ монгол үндэстнийг нэгтгэх нармай монголын бодлого явуулсан хэмээн Цэрэндорж, Дамбадорж, Цэвээн нарыг бут авчээ:

...Хятад, Японы эсэргүү нарын гарын сарвайлт, сэтгэлийн шунахай ба улс төрийн өнгөлзлөгөө хийгээд мөн Тагна Тува, Дотоод Монгол, Баргын зэрэг улс орнууд дахь хувьсгалт намуудын доторх Панмонголизм хэмээх монгол үндэстнийг нэгтгэж хөрөнгөтний замаар хөгжүүлэх хэмээсэн баруун этгээдийн хүсэл эрмэлзлэлийг хамтаар тас цохиж чадсанаар манай намын VII их хурал гайхамшигт түүхтэй явдлыг бүтээсэн болой[3].

Тэрээр монгол угсаатнууд нэгдэх биш харин өөр өөрийн онцлогоор бие даасан эрх бүхий автономи болох ёстой гэж үздэг аж.

Коминтерноос Шижээгийн Монгол дахь нэр хүндийг өргөхийн тулд түүнд 1928 оны наймдугаар сард “Форд М” маркийн 16 машин бэлэглэсэн гэж Оросын түүхч В.Нефедров бичжээ. Шижээ, Бадрах нар 1929 онд Чандмань уулын аймаг, Увс нуур аймаг хоёрыг нийлүүлэн Дөрвөдийн автономи байгуулах санал гарган Төв Хороонд оруулжээ. Чухам энд Халх-Ойрдын олон жилийн зөрчил дахин сэдэрлээ. 1930 оны нэгдүгээр сард хуралдсан Төв Хорооны хуралд оролцсон 35 гишүүний 27 нь халхчууд байв. 

1931 онд хийгдсэн засаг захиргааны шинэчлэлээр 13 аймаг шинээр байгуулсны дотор Ховд, Увс гэсэн хоёр аймаг багтав. Эдгээрийн аль алинд нь Хантайшир аймгийн халх хошуудаас нэмж нэгтгэв. Энэ ажлыг намын Төв Хорооны нөгөө нэг нарийн бичгийн дарга болох Гэндэн толгойлжээ. Нэг талаас Шижээ-Бадрахын, нөгөө талаас Гэндэн-Дэмидийн гэсэн бүлэг үүсч хоорондоо муудалцан биенээ үзэхээ больсон юм.

Гэндэнгийн талд Ерөнхий сайд Жигжиджав, цаашлаад Элдэв-Очир, Содном, Чойжил, Гомбосүрэн, Дэмид, Мэнд, Нанзад, Цэдэн-Иш, Дамдинсүрэн гэсэн халхчууд багтаж байсан бол Ө.Бадрахын талд Шижээ, Лааган, Загд, Борбанди, Заяат, Өлзийтогтох, Чимид, Нацагдорж, Цэндсүрэн, Жамсран гэсэн голдуу ойрдууд нэгдэж байлаа.

Намын нарийн бичгийн дарга болсноор Бадрахын зохион байгуулах, уран илтгэх чадвар нь гойд илрэх болов. Биеэ тоосон, шургуу хүний хувьд бусад удирдагчидттай нийцэхээ больжээ. Дөрвөд хүн гэдгээрээ үндэсний асуудалд эмзэг, өөрийгөө хавчигдсан мэт санадаг болжээ.[4] МАХН-ын VII их хурлаас адилхан намын нарийн бичгийн дарга болсон Гэндэн, Бадрах хоёр хэн нь голлон тэргүүлэх вэ гэдэг асуудлаар өрсөлдсөнөөр маргаан эхэлсэн юм. Улам лавшран хураасан феодалын хөрөнгийг хэрхэн зарцуулах, лам нарын асуудлыг хэрхэн зохицуулах гээд олон асуудлаар зөрөлдөж гарлаа. З.Шижээ хожим мэдүүлэг өгөхдөө:

Гэндэн, Бадрах нарын гол зөрчилдөөн нь Дөрвөдийг тусгаарлаад Туватай нэгтгэж автономи эрхтэй Холбооны улс болгох гэсэн Ө,Бадрахын бодлыг П.Гэндэн эсэргүүцсэнд оршиж байлаа. Гэндэн бол монгол үндэстний нэгдсэн улс байгуулах үзэл баримтлалтай.[5]

1930 оны гуравдугаар сард хуралдсан Намын Төв хорооны бүгд хурал дээр хоёр бүлгийнхний маргаан хурцдаж Бадрахыг ТХ-ы нарийн бичгийн даргаас өөрчилсөн боловч оронд нь Шижээг томиллоо. Засгийн газрын бүрэлдэхүүнд тэднийхээс олон хүн орсноос гадна УБХ-ын даргаар Бадрахын гол холбоотон Л.Лааган сонгогдов. Ингээд Бадрахын бүлэг нам, төрийн удирдлагад давамгайлах шинжийг олжээ. “Намын VIII их хурлаас хойш Бадрах солигдож, энэ бүлгийг Шижээ толгойлж, Бадрах ард нь сууж, голлон хатгаж явуулах болжээ” хэмээн III онц бүгд хурал дээр Гэндэн шүүмжилсэн байдаг. 

 

Гэвч засаг захиргааны шинэчлэлийн үеэр хуучнаар Засагт хан, 1923 оноос Хан Тайшир аймагт харьяалагдаж байсан халхын 6 сумдыг 1926 онд байгуулагдсан Увс аймаг болон 1923 онд байгуулагдсан Ховд аймагт гурав гураваар нь нийлүүлжээ. Энэ нь тусгаарлах санаархлын эсрэг авсан арга хэмжээ бололтой. 

1932 оны тавдугаар сард Намын ТХ, Хянан шалгах төв комиссын хамтарсан хурал болж Шижээ, Бадрах нарыг бут авчээ. Бадрах хэлэхдээ зарчмын бүх асуудлаар Коминтерний зөвлөх Чёрномордюк, Кучумов нартай байнга зөвлөлдөж байсан, өөрөөр хэлбэл бие дааж зөрчилдсөн зүйлгүй гэж мэдүүлжээ. Хурлаас Бадрахыг намын удирдлагаас гаргасан боловч 1934 он хүртэл Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллуулсан нь ихээхэн учир битүүлэг явдал юм. 

1932 онд Монголд Иргэний дайн дэгдлээ. Энэ бол хэдэн жилийн турш Шижээ, Бадрах нарын Монголд туршсан коммунизм байгуулах хийрхсэн туршилтын жинхэнэ үр дүн юм. Сталин Монголоос Коминтернийг татаж авав. Мөн тэдний гарын төлөөлөгч болох Шижээ, Бадрах нарыг ч татаж авлаа. Сталинд хэсэглэн хуваагдсан Монгол биш, харин Алс Дорнодод нь улам бүр аюул учруулах болсон япончуудаас СССР-ийг жийрэглэн хаах бүхэл Монгол хэрэгтэй байлаа. 1937 онд хоёуланг нь баривчилж хувьсгалын эсэргүүгээр зарлав. Урьд нь НКВД-гийн дарга Ягодагийн зуслан байгаад, дараа нь Зөвлөлтийн нам, төрийн томчуудыг цаазалдаг газар болсон Москвагийн ойролцоох Коммунарка хэмээх дүүрэгт Шижээг 1941 оны долдугаар сарын 27-нд буудан хороов. Түүнтэй хамт Монгол улсын Ерөнхий сайд А.Амар, Улсын бага хурлын дарга Д.Догсом, МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Сангийн сайд С.Довчин, Дотоод яамны дэд сайд Насантогтох нар хамт буудуулсан юм. Бадрахыг үүнээс гурав хоногийн дараа өөр бусад монголчуудын хамтаар цаазалжээ[6]. 

 

[1] Snow, Edgar. Red Star Over China (Read Books, 2006)

[2] Sanders, Alan. J. K. Historical Dictionary of Mongolia (Scarecrow Press. 2010) pp-222

[3]Бадрах, Ө, Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай их тэмцлийн туршлага.(Улаанбаатар 2001) х-116 [Badrakh, U. An experience from the party`s fight against Rightiist opportunism]

[4]Рощин, С. К. Политическая история Монголии (1921-1940) Москва ИВ РАН 1999 ст-126

[5]Золбины Шижээгийн мэдүүлгээс (Үг сонин 1993, №21) [Testimony of Zolbiny Shijee]

[6] Захоронение в Коммунарке, список по годам (МЕМОРИАЛ: сайт www.memo.ru)

 

Баабар