Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль орчны хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Засгийн газраас баталсан “Цагаан тоос бууруулах” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн хугацаа дууссан ч хамтын ажиллагаа үргэлжлэн, өнөөдөр цагаан тоостой бүс нутагт 35-аас дээш жил амьдарсан иргэдийг шинжилгээнд хамрууллаа. Энэхүү шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Медипас” эмнэлгийн эмч нар хийж, тэдэнд зөвлөгөө өгсөн. Компьютер томограф, уушигны нарийн шинжилгээнд хамрагдсан 35 иргэн тус бүр 185 мянган төгрөгийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа. Цаашид цагаан тоостой бүс нутагт амьдардаг 3700 гаруй иргэдээс дахин 270 гаруй хүнийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж Орхон аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн онцолсон.