Технологийн сургууль 43 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ
2018/09/03
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, тус үйлдвэрийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Ж.Эрдэнэбилэг, Хөгжлийн бодлогын газрын дарга, Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяр, ШУТИС-ийн профессор Л.Гүрбазар болон Монгол 21 сан, Капитрон банкны төлөөлөл, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш оюутнууд оролцов. Тус сургуулийн хамт олон өнгөрсөн 2017-2018 оны хичээлийн жилд Монгол улс, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн боловсролын салбарт баримталж буй бодлогын хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж, 44 магистр, бакалавр 149, Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтаар 22 мэргэжилтэй ажилчин, Ахлах сургуулиар 24 сурагч нийтдээ 239 оюутан төгсгөсөн байна. Мөн ХАБЭА, БИ, мэргэжлийн сургалт, гадаад хэлний сургалтаар давхардсан тоогоор 11117 хүнийг сургажээ.
Хичээлийн жилийн үйл ажиллагааг нээж, Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням хэлсэн үгэндээ “Тус сургууль ёс зүйг дээдэлж, сэтгэлгээний өөрчлөлт гаргахдаа " Мэндлэх ёс"- ыг хэвшүүлж, сайн инженер бэлтгэхийн зэрэгцээ хүмүүнлэг, ёс зүйг эрхэмлэн дээдлэх том зорилт тавьж, хэрэгжүүлж эхэлсэн” гэдгийг тэмдэглэсэн нь шинэлэг байв. Харин тус сургуулийн төгсөгч Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж, сургуулийн ирээдүй өнгөтэй буйг тодотгов.
Нээлтийн ёслолын үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийг Ашигт малтмал баяжуулалтын технологи-3 ангийн оюутан Б.Чимэглхам, Уул уурхайн ашиглалтын технологи-5 ангийн оюутан Б.Анхбаяр,Уул уурхайн ашиглалтын технологи-5 ангийн оюутан Б.Золзаяа, “Монгол 21”сангийн тэтгэлгийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэт хотын даргаар олон жил ажилласан, Зөвлөх багш Догсомын Тогооч, Цахилгаан системийн автоматжуулалт -3 ангийн оюутан Б.Ишдорж, Ашигт малтмал баяжуулалтын технологи-4 ангийн оюутан Н.Баярмаа, ОРА Металл компанийн тэтгэлгийг Инженерийн бэлтгэл ангийн оюутан Г.Батбаяр, Инженерийн бэлтгэл ангийн оюутан Э.Түвшинтөгс, Капитрон банкны тэтгэлгийг Ашигт малтмал баяжуулалтын технологи-5 ангийн оюутан Э.Азжаргал, Япон Улсын Засгийн Газрын Sakura Science хөтөлбөрийн тэтгэлгийг Цахилгаан системийн автоматжуулалт-4 ангийн оюутан Э.Цолмон,Төгсөгчдийн холбооны тэтгэлгийг Цахилгааны инженер-1 ангийн оюутан Г.Одмаа нарт тус тус гардууллаа.
Шинэ хичээлийн жилд магистр, бакалавр, МБОС 1 жилийн анги, Ахлах сургууль болон бусад сургалтанд нийт 893 оюутан, суралцагч суралцахаар элсээд байна.
Технологийн сургууль 2018 онд Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, Сургалтын дэвшилтэт арга ажиллагааг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлсэн.
Дээд боловсролын байгууллагын түвшинд оюутан суралцагч бүрийг хөгжүүлж, тэдний бүтээлч санаачлагыг урамшуулан дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, суралцахуйн арга барилд сургах, төлөвшүүлэх замаар сургалт судалгааны ажлын чанарт ахиц гаргах зорилтоо найман чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.