Компанийн шилдэг ажилтнуудыг тодруулах шинэ жилийн цэнгүүн энэ сарын 28-ны өдөр боллоо. Энэ үдэш компанийн хамт олон 2018 оны ажлаа дүгнэж, Оны шилдгүүдээ тодруулан, Төрийн дээд одон медалиар ажилтнуудаа шагнав. Ёслолын цэнгүүнд ЗГХЭГ-ын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн болон Орхон аймгийн Засаг дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, түүний удирдлагын баг, цех хэсгийн шилдэг ажилтан, “Мастерын манлайлал” хөтөлбөрийн шилдэг мастерууд, компаниас төрсөн алдартан, гавьяатууд оролцлоо. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, “Алтан гадас” одонгоор Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсгийн механикч Л.Баасанчулуун, Хөдөлмөрийн  хүндэт медалиар Хууль эрхзүйн газрын тэргүүлэх хуульч З.Жаргалмаа нарыг тус тус шагнав.

                    Оны шилдэг ажилчнаар Автотээврийн байгууллагын хүнд даацын машины жолооч Б.Гарам-Очир, Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Бямбадорж, “Сэлэнгэ” амралтын баазын үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч М.Нармандах нар шалгарлаа. Оны шилдэг санаачлагчаар Ил уурхайн эрчим зүйч Н.Бат-Ирээдүй, Засвар механикийн заводын хэсгийн мастер А.Ууганбаяр, Лаборатори судалгааны төвийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Т.Доржсүрэн нар тодорсон. Оны шилдэг мэргэжилтнээр Засвар механикийн заводын хэвний загварчин Тарасов Ю.М., Ган бөмбөлгийн цехийн цахилгаан механикч С.Сумьяабазар, Спорт ордны усан сангийн ахлах арга зүйч С.Алтантуяа, Оны шилдэг удирдах ажилтнаар Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн дарга Д.Бямбадорж нар шалгарлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны Шилдгийн шилдэг ажилтнаар Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч Д.Ганзориг тодорсон. Тэрээр сүүлийн таван жилд Нунтаглан баяжуулах хэсгийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн технологийн тохируулгын ажилд хамт олноо удирдан идэвх санаачилгатай оролцсон байна. “А.Ф.Трюряковын нэрэмжит шагнал”-аар Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Машинец Е.А., Цахилгаан цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Ж.Эрдэнэцогт, Эрчим  хүчний цехийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Л.Балдорж нарыг шагналаа.