УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бичсэн “ЗААГ” нэртэй номыг уншсан хүн цөөнгүй байх. Түүний өнгөрснөөс өнөөдрийг хүртэл туулж ирсэн нийгэм хийгээд улс төрийн үйл явдлыг бүхэлд нь дүрсэлсэн эл номд зарим нэгэн сонирхолтой факт баримт дурдсаныг зарим нь төдийлөн анзаараагүй байж мэднэ. 

Төр нийгмийн зүтгэлтнүүд тэр дундаа улстөрчид өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай намтарчилсан ном бичиж гаргасан тохиолдол манайд цөөнгүй ч улс төр хэмээх “дэглэлттэй” тайзны хөшигний ард чухам юу болдгийг, ямар тохироо явдгийг тэр бүр дурдсан нь ховор. Харин Д.Тэрбишдагва гишүүн өөрийн бичиж эмхэлсэн номондоо сонгуулийн өмнө явсан улс төрийн зарим нууц тохироог “ЗААГ"-ласан нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм.

Өөрөөр хэлбэл, номын агуулга гэхээсээ тэнд байгаа зарим баримт, материал олон нийтийн дунд төдийлөн ил болоогүйд асуудлын зангилаа оршиж байгаа юм. Тодруулбал, “Нууц тохироо: Долдугаар сарын 1-нд уучлал үзүүлнэ” нэртэй түүний номын хэсэгт 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН МАХН-тай хэрхэн тохироо хийсэн тухай дурджээ. Түүнийг сийрүүлэн хүргэж байна.

2013 он гэдэг бол МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс ял сонсч, хоригдсоныхоо дараа бие нь муудсан шалтгаанаар "Сайд нарын хоёр” буюу Улсын клиникийн хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан үе, ацаг шүдний зөрүүтэй гэдэг шиг МАН, МАХН-ыг иргэд, сонгогчид төдийлөн ялгадаггүй нэг малгайн дор хардаг байсан цаг. 

2012 оны УИХ-ын сонгуульд хувь хүнийхээ рейтинг, хувьсгалт намын нэрийг хослуулж УИХ-д Бүлэг байгуулах хэмжээний суудалтай болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын хувьд хамгийн үнэ цэнэтэй тоглогч хэвээр байсан үе.

Гэхдээ ялалтын буухиагаа үргэлжлүүлэх, төрийн тэргүүнээ улираан сонгуулахад АН-д ганцхан зүйл гох дэгээ болж байсан нь МАХН-аас хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, МАН-ын саналыг хуваах тухай байв. Хэдийгээр сонгуульд эвсэж оролцсон МҮАН, М.Энхсайханд ч нэр дэвшигч санал болгох эрхтэй атал Н.Энхбаярын нөлөө, эзлэх байр суурь нь Эвслийн бүлэгт том учраас МАХН-аас бүх зүйл хамаарч байсан хэрэг.

Тухайн үеийн хэвлэлээр ч МАХН-ын автортой Л .Цог, Ч.Улаан, Ц.Цолмон, Д.Тэрбишдагва нарыг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай бичиж, таамаг дэвшүүлж байсан нь үүнийг гэрчилнэ. Гэхдээ эдгээрээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэж байсан юм. Гэвч бусдаасаа улс төрийн дадлага туршлага “нимгэн”-тэй нэгэн гэнэт тодорсон нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал байв. Түүнийг АН-ын тэр дундаа Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу тодруулсан гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн номондоо өгүүлжээ.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, намууд нэр дэвшигчээ тодруулаагүй байхад хоёдугаар эмнэлэгт эмчлүүлж байсан Н.Энхбаяртай тэрбээр очиж уулзжээ. Тэгэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёулаа тагтан дээр гаръя” гэсэн бичиг үзүүлсэн байна.

Шүүхээс ял ногдуулсан ялтан хүн хэвтэн эмчлүүлж байгаа учраас МАХН-ын даргыг 24 цагийн турш камераар хянаж, бичлэг хийж байсан учир амин хувийн нууц яриа болохыг тэрбээр шууд гадарлажээ. Ингээд тагтан дээр гарсны дараа Н.Энхбаяр дарга “Журмын нөхөрт, долдугаар сарын 1” хэмээн гараар бичсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй номыг харуулсан байна. Түүгээрээ “Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг дэвшүүл, долдугаар сарын 1-нд уучлал үзүүлнэ” гэсэн тохироо хийснийг ч тайлбарлажээ. Мөн “Манай гэр бүлийг хоморголох нь ээ, асар их дарамт ирж байна. Биеийн байдал ч тааруу байна. Өөрийн чинь оронд Н.Удвалыг дэвшүүлэхийг санал болголоо” хэмээн нэмж хэлсэн байна. Хариуд нь Д.Тэрбишдагва гишүүн, УИХ-ын дэд дарга асан Л.Цогийн хамт нэр дэвшихгүй гэсэн баталгаа бичиж өгсөн аж.

2013 оны тавдугаар сарын 6 гэсэн огноо бүхий уг баталгаанд ’Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч МАХНын дарга Н.Энхбаярын биеийн байдал өдөр хоног бүрээр муудаж, ар гэр, өмгөөлөгчөөс нь гаргаж өгсөн ялаас чөлөөлөх хүсэлтийг холбогдох хуулийн байгууллага хэрхэн шийдвэрлэхийг намын олон мянган гишүүд, дэмжигчид, ар гэр, хань ижил, үр хүүхдийнх нь нэгэн адил хүлээж байгаа билээ.

Дээрх байдалтай давхцан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах МАХН-ын Бага чуулган хуралдахаар төлөвлөж байжээ. Намын дарга Н.Энхбаяртай холбоотой шийдвэр гаргахгүй хүлээлт үүсгэсэн хэвээр гэсэн үг. Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2013-05-08-ны өдрөөс өмнө ялаас чөлөөлсөн шийдвэр гаргасан тохиолдолд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвших бид нэрээ татаж МАХН сонгуульд оролцохгүй болохыг баталгаажуулж байна” баталгаа гаргасан МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Цог нар гэжээ.

Эндээс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН, МАН-ын саналыг хуваах зорилгоор урьдаас бэлдсэн АН-ын төлөвлөгөөний дагуу оролцсоныг харж болохоор. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч улиран сонгогдсон тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаярт долдугаар сарын 1-нд уучлал үзүүлэх амлалттайгаар Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг нэр дэвшүүлэх чиглэл өгснийг Д.Тэрбишдагва гишүүний бичсэн ном, дурдсан гар бичмэл нь баталж байна.

Гол нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон, Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Юу үнэн гэвэл энэ үнэн. Нэг үгээр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярт сонгууль бус зөвхөн өөрийн эрх ашиг нь чухал байжээ. МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвалын тухайд МАН-ын саналыг хуваах зорилгоор гал унтраах үүрэгтэй байсан гэсэн үг. Угтаа бол МАХН-аас Д.Тэрбишдагва Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бол МАН гэхээсээ АН-аас дэвшигчийн саналыг хувааж, дараалсан ялалтад нь цэг тавих хэмжээний гал дуудах байсныг Ц.Элбэгдорж урьдаас харж Н.Энхбаярын эрх чөлөөг барьцаалж наймаалцсан нь энэ. Энгийнээр тайлбарлавал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАН, АН, МАХН-ын гэсэн гурван намын өрсөлдөөн гэхээсээ Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэсэн хоёрхон хүний тохироогоор явсан нь энэ юм.

Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй зөвхөн мөнхийн эрх ашиг л гэж байдаг гэсэн үгийн энгийн жишээ Н.Энхбаяр дээр ийн тодорчээ.

С.Гандөл

www.24tsag.mn