Б.Лакшми: Тэтгэврийн зээлийг тэглэснээр ОУВС-тай байгуулсан гэрээ зөрчигдөж, үлдэгдэл төлбөр орж ирэхгүй байх эрсдэлтэй
2020/01/15
-2021 OHOOC БАРАГДУУЛЖ ЭХЛЭХ БОНДУУДЫН ӨР ТӨЛБӨРТ ХҮНДРЭЛ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ-
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.
-ОУВС-гийн хөтөлбөрийн гол зорилго манай улсыг санхүүгийн сахилга баттай болгоход оршдог. Гэвч тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсантай холбоотойгоор тус сангаас гэрээний нөхцөлийг зөрчсөн хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт ямар эрсдэл үүсэх магадлалтай вэ?
-ОУВС-гийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусна. Хөтөлбөрийн гол зорилго нь манай улс реформын шинжтэй өөрчлөлтүүд хийж түүнд нь ОУВС болон бусад улс орон, олон улсын байгууллагуудаас төлбөр өгч байгаа шүү дээ. Санхүүжилт нь үе шаттайгаар орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд сүүлийн төлбөр болох 500 сая орчим ам.доллар орж ирээгүй байна.
Хамгийн сүүлд буюу 2019 оны есдүгээр сард гэрээний үнэлгээ хийсэн. Ингэхдээ хоёр төрлийн зөвлөмж өгсөн. Нэг нь төсвийн хөрөнгө оруулалтыг багасгах хэрэгтэй гэсэн. Мөн 2021 оноос эхлээд төлөх өр төлбөрийн бэлтгэлийг хангах шаардлагатайг анхааруулсан.
Манай улс ирэх зургаадугаар сараас Хятадын своп хэлцлийн төлбөрийг төлнө. Ингээд жилийн дараагаас ээлж дараалсан томоохон бондуудын төлбөрүүдийг барагдуулах ёстой. Гэвч манайд уг төлбөрүүдийг барагдуулах нөөц алга.
Гэтэл тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарснаар ОУВС-raac гэрээгээ зөрчсөн гэдэг асуудал тавьж байна. Ингэснээр дээр дурдсан хамгийн сүүлийн төлбөр орж ирэхгүй байх магадлал өндөр. Гэтэл төгрөгийн ханш суларч байгаа үед зайлшгүй гадаадаас орж ирэх валютын нөөц хэрэгтэй байна.
Хэрэв дээрх төлбөр орж ирэхгүй бол төгрөгийн ханш сулрахад ихээхэн нөлөөлнө.
Нөгөөтээгүүр, Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн асуудал тавигдаж байгаа тул 2021 оноос өрөө эргүүлэн төлөхөд хүндрэл үүсэж магадгүй. Бидний өнөөгийн нөхцөл байдлаас харахад дахиад л ОУВС-гаас хөтөлбөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудалтай тулна.
Гэрээгээ биелүүлдэггүй, их хэмжээний өртэй учир бага хүүтэй зээл өгөх газрууд олдохгүй болов уу. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байж бидэнд зээл олох нөхцөл боломжууд бүрдэнэ.
-Төв банкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөр энэ оны тавдугаар сард дууссан ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай тухай хэлсэн. Нэг үгээр хэлбэл, их өрийн дарамтыг даван гарахын тулд ОУВС-гаас өөр дэмжлэг хүсэх газар байхгүй байхад гэрээ зөрчсөн асуудал яригдлаа?
-2016 оны сонгуулийн дараа зээл өгөх газар байгаагүй. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноор тус сангаас болон Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк, бусад байгууллагаас дэмжлэг авсан. Дээр нь үүний үр дүнд Монгол Улс “Гэрэгэ” бонд босгох боломж бүрдсэн.
Хөтөлбөрийн хүрээнд урьдчилж мөнгө өгөхгүй. Реформын шинжтэй хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүдийг хийж байж л туслалцаа дэмжлэгүүд орж ирэх болов уу.
-Өмнө нь бэлэн мөнгө тарааснаас үүдэлтэй олон сөрөг үр дагавар гарсан. Тухайн үед бүх нам бэлэн мөнгө тараах нь асар их хор уршигтай хэмээн санал нэгдэж байлаа. Зээл тэглэсэн нь сонгуулийн мөчлөгтэй холбоотой гарсан шийдвэр үү?
-Мэдээж сонгуулийн мөчлөгтэй холбоотойгоор ийм асуудал үүсэж байна. Нэг хэсэг байнга бэлэн мөнгө тараадаг байлаа. Гэрлэлтээ батлуулахаар 500 мянга, шинэ хүүхэд төрөхөд 100 мянган төгрөг өгнө.
Мөн 2008 онд иргэдэд 1.5 сая төгрөг тарааж байв. Ингэж мөнгө тараахын оронд нийлбэр дүнгээр нь бүтээн байгуулалт хийсэн бол илүү өгөөжтэй байсан. Тухайн үед бэлэн мөнгө тараахын тулд “Чалко”-гоос урьдчилж зээл авсан. Олон жил энэ өрийг төлж 2019 оны дөрөвдүгээр сард барагдууллаа.
Хэдийгээр нүүрсээр төлсөн ч гэсэн олон боломж алдагдсан. Түүнээс хойш бэлэн мөнгө өгөхийг хориглосон шийдвэрүүд хууль эрх зүйн орчинд гарсан шүү дээ. Одоо үүний өөр хэлбэрүүд орж ирж байна гэж харсан.
Зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер өгнө гэх зэргээр ярьж байна. Нөгөөтээгүүр тэтгэврийн зээл чанаргүй зээлийн тоонд бараг ордоггүй. Давхар баталгаатай явдаг. Нэг талаас төрөөс баталгаатай мөнгө нь орж ирж байна. Нөгөө талаас өндөр настан нас барсан тохиолдолд үр хүүхдүүд нь төлнө гэсэн давхар баталгаатай.
Тиймээс чанаргүй зээл болох магадлал маш бага. Иймд тэтгэврийн зээлийг тэглэсэн нь ерөөсөө л сонгуультай холбоотой шийдвэр. 2008 онд хүн бүр 1.5 сая төгрөг авснаар бидний амьдрал сайжирсан уу гэдгийг бодох хэрэгтэй.
-Цагаан сарын өмнө зээлийг тэглэж, эдийн засагт мөнгө нэмж нийлүүлснээр ямар эрсдэлүүд үүсэх вэ. Манайх ихэнх бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Ялангуяа, Цагаан сарын үеэр худалдан авалтыг дэмжсэнээр валютын ханшийг өсгөж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй юу?
-Цагаан сараас өмнө бүх өрийг дарна гэж байна. Ингэснээр эдийн засагт гарах хамгийн том нөлөө нь төгрөгийн ханшийн сулрал явагдана. Үүнтэй холбоотойгоор инфляц өснө. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, эдгээр хүний зээл тэглэгдсэн ч гэсэн дахиад л зээл авна. Зүй тогтлоороо цагаан сараар ханш сулардаг. Яагаад гэвэл бараа бүтээгдэхүүний 70-80 хувийг бид гаднаас импортолдог. Тэгвэл дээрх үйлдэл төгрөгийн ханшийг сулруулах алхмыг хоёр дахин хурдасгачихлаа.
Урт хугацаанд гэвэл мэдээж үүний цаана зарлага гарч байгаа. Төсвийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Хэн нэгэн хүн төлөх л болно. Бид өссөн инфляц, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд зарцуулж буй мөнгөөрөө эргүүлж төлж таарна.
Нөгөөтээгүүр, хүмүүсийн ёс суртахуунтай холбоотой нэг том асуудал гарч ирнэ. Энэ нь миний зээл, өр төлбөрийг хэзээ нэгэн цагт төрөөс төлчихнө гэсэн байдлаар хандах хандлага. Тухайлбал, машины торгуулийн хуудас нь овоороод төлөхгүй байгаад л байдаг. Зөвхөн машинаа зарах үед торгуулиа төл гэдэг. Бусад үед яваад л байна.
Тэгээд Өршөөлийн хууль гараад бүх өрийг нь тэглэчихсэн. Тэгэнгүүт ихэнх жолооч торгуулиа төлөхгүй байна.
Яагаад гэвэл шударга төлж байсан хүмүүс хохироод үлддэг учир барьцаж байгаа юм. Нэг нь улсдаа торгуулиа төлчихсөн байхад нөгөөх нь өршөөгдчихөөр дараагийн хүмүүсийн ёс суртахуунд нөлөөлж торгуулиа төлөхгүй байвал төрөөс өршөөчихнө гэж ханддаг. Нийгэмд ийм сэтгэхүй суух нь их аюултай.
-Та тэтгэврийн зээлийг тэглэснээр ханшийн сулрал үүсэх эрсдэлтэй гэлээ. Ер нь иргэдийн өмнө тулгамдаж буй гол бэрхшээл нь төгрөгийн ханш тасралтгүй суларч байгаа явдал шүү дээ. Төв банкнаас энэ жилээс төлөх своп, ирэх оноос барагдуулах бондын өр төлбөрүүдтэй холбоотойгоор валютын нөөц бүрдүүлэхийг гол зорилгоо болгож, зах зээлд ам.доллар нийлүүлэхэд хойргошиж байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор төгрөгийн ханш улам суларсаар байх уу?
-Манай улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байна, гэхдээ энэ нь хангалттай нөөц биш. Бид ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг учраас валютын нөөц тун чухал.
Төв банкнаас хийсэн судалгаагаар валютын нөөц хамгийн багадаа зургаан тэрбум ам.доллар байх ёстой гэж тооцсон. Тэгэхээр 4.3 тэрбум хангалттай нөөц биш. Байнга өсгөж байх шаардлагатай байна. Ер нь төгрөгийн ханшийн сулралыг тогтоон барьж, гаднаас орж ирэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй.
Мөн томоохон төслүүдийг эргэлтэд оруулж хөрөнгө оруулалт татах нь нэн тэргүүний асуудал болж байна. Тэгж байж л төгрөгийн ханш тогтворжино.
Одоо сонгуулийн үр дүнг харна. Үр дүн ямар байхаас хамаарч хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Иймд эдийн засаг эхний хагас жилд хүндрэлтэй байх болов уу гэж харж байна. Хоёрдугаар хагас жилээс сайжирч магадгүй.
Г.БАТ
Зочин · 2020/01/16
Зээл тэгэллээ гээд нээг их баярлах ч хэрэггүй дээ. Өргөн хэрэглээний барааныхаа үнийг нэмчихнэ тэгээд бүх юмны үнэ нэмэгдчихнэдээ. Харин үнэ нэмэгдмэгц импортлогч болоод худалдаалагч нарт өндөр татвар ноогдуулах ёстой. Тэгээд ОУВС хавтгай халамжинд дургүй татварт дуртай болохоор болчихын биш үү? Үнэ нэмэгдмэгц худалдаачдад оногдуулдаг татварыг нэм тэд үнээ дахин нэмнэ татвараа бас нэм тултал нэм үнэ тултал нэмэгдэнэ .Үнээ нэмээгүй худалдаачдын татварын хэмжээг бууруул тэгээд болчихыш дээ. КККККККК
Зочин · 2020/01/15