Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3 сарын 25-нд ард түмэндээ хандан  зургаан зүйл бүхий уриалга гаргасан билээ.

Уг уриалгадаа : "

1. Улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

2. УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

3.Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

4. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

5.Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

6.Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх." гэсэн байв.

 

Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх 3 сарын 27-нд Төрийн ордонд мэдээлэл хийж, коронавирусын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээгээ танилцуулав.

 

Тодруулбал Ерөнхий сайдын хэлсэнчилэн Монгол Улсын Засгийн Газар: "1. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэнэ.

 2. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

 3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс ААНОАТ авахгүй бөгөөд бүрэн чөлөөлнө.

 4. Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно.

 5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно.

 6. 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгоно. 

7. Шатахууны үнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна." гэсэн шийдвэр гаргалаа.

 

Эдгээрээс Засгийн Газрын "18 хүртэлх насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгоно, Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно." болон Ерөнхийлөгчийн " хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах" гэсэн байр суурь л адил бөгөөд бусад санал нь эрс тэс ялгаатай байгаа нь тодорхой боллоо.

 

Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсвийн тодотгол хийх ёстой гэж буй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм шийдвэр шаардлаггүй, төсөвт хөрөнгө оруулалтуудаа заавал хийнэ гэв.

Мөн Ерөнхийлөгчийн төрийн удирдлагыг төвлөрүүлэх, шинэ комисс байгуулах саналыг ч  Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрсөнгүй.

 

Хэдийгээр Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ: "ҮАБЗ-ийн гишүүд, төрийн гурван удирдлага хоорондоо маш сайн ойлголцож байгаа" хэмээн өгүүлсэн ч үнэн хэрэгтээ маш том байр суурийн зөрүүтэй байгаа нь тодорхой боллоо.

Улсын төсөвт тодотгол хийх эсэх, УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх байр сууриа Ерөнхийлөгч Х.Баттулга цаашид хэрхэн хамгаалж, ямар алхам хийхээс  цаашдын улс төрийн амьдралын өрнөл шалтгаалах биз ээ.

 

Э.Мягмар

sonin.mn