Д.Мөнх-Эрдэнэ: АН-ын нэр дэвшүүлэлт  шударга бус болсонд генсек Ц.Баатархүү  хүртэл сэтгэл гундуу байна

 

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл ажиллагаа шударга бус болсон талаарх гомдол тасрахгүй байна. Энэ сарын 16-нд болсон АН-ын ҮБХ-ны хуралдаан дуусахтай  зэрэгцэн залуучууд нь   “100, 100 саяыг тушаасан ч тойроггүй хоцорлоо” хэмээн ярьж эхэлсэн. Зарим нь ил гарч  хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн бол зарим нь цахим хуудсаараа дамжуулан гомдол тавьсан. Нөгөө хэсэг нь нэр, зүсээ нууцлан ярилцлага өгөх явдал ч гарсаар байгаа юм. АН-ын нэр дэвшүүлэлтийн хуваарилалт “шог” болсон талаарх гомдол, маргааныг энэ удаад  ҮБХ-ны гишүүн асан, 100 сая төгрөгөө тушаасан ч намаасаа хөөгдсөн Д.Мөнх-Эрдэнэ үргэлжлүүллээ.

Түүний хувьд АН горилогчдоосоо 100 сая төгрөг хураагаад  зогсохгүй хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр нэмж 300-400 саяыг шаардсанд дургүйлхэн олон нийтэд хандсаныхаа төлөө АН-аас хөөгдсөн.   Тэрбээр өдгөө бие даан нэр дэвшихээр болсон бөгөөд сонгуулиар шударга өрсөлдөх уриалга гарган, АН-д хүргүүлсэн байна. Энэ үеэр АН-ын шинэхэн генсек Ц.Баатархүүтэй уулзаж,  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн талаар солилцсон аж.

Энэ  тухайгаа тэрбээр    “АН-ын нэр дэвшүүлэлт шударга бус боллоо.  Би дүүрчээ, яагаад энэ олон сайхан  залуусаас мөнгийг нь авчихаад нэр дэвших эрх олгосонгүй вэ  гэж  Ц.Баатархүү даргаас асуухад сэтгэл гундуу байгаагаа хэлж байна. Нэг, хоёрдугаар шаты мөнгөө тушаачихсан олон залууг  дэвшүүлсэнгүй шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, АН-ын  залуучууд шивнээд ярьж байна. АН нэг хүний нам болсон нь үнэн, Д.Мөнх-Эрдэнэ ээ чиний хэлж байгаатай бид санал нэг байгаа шүү гэж байна” хэмээн ярив. 

https://www.newslife.mn/?p=6795