Монголчууд бидний тэмдэглэх дуртай баярын нэг бол яах аргагүй наадам. Бид наадмаа жил бүрийн 7 дугаар сарын 11-ны өдөр тэмдэглэдэг. Чухамдаа бол 1922 оноос эхэлж тэмдэглэж ирсэн юм.

Архивын эх сурвалж үзвэл, 1912 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар  сарын  29-ний  өдрийг  Улсын  баяр  болгон  тэмдэглэж  байгаад  1922  оноос эхлэн Ардын Намын Төв Хорооноос улсын баяр ёслолыг шинэчлэн явуулах санал гаргасны  дагуу  Монгол  Ардын  засгийн  газрын  шийдвэр  гарч,  “Урьдах  автономит засгийн үед улсын баярыг жил бүр өвлийн дунд сарын шинийн есний өдөр явуулахаар   ирсэн   ажгуу.

Үүнд   бидний   Монгол   ардын   журамт   цэрэг   Олноо өргөгдсөний  11  он  зуны  сүүл  сард  гадаадын  харгис  дайсаныг  арилгаж,  Нийслэл Хүрээг эзэлж мөнхүү сарын шинийн зургааны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж Богд  Жавзандамба  хутагт  ламыг  Монголын  хэмжээтэй  эзэрхэх  хаан  өргөмжилж, ардын эрхтэй засгийг явуулсаны тулд одоо зүй нь улсын баярын ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохино”1 хэмээн тогтсон байна. Өөрөөр  хэлбэл  1912  оноос  1922  он  хүртэл  Улсын  их  баяр  наадмыг  жил  бүр  12 дугаар сарын 29-ны өдөр тэмдэглэж байгаад 1922 оны 7 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн тэмдэглэж ирсэн байна.

 

Чухам үүний учир нь Оросын улаан цэргийнхэн Ардын намынханы хамтаар Нийслэл Хүрээнд 1921 оны 7 дугаар сарын 6-наа орж ирсэн явдал юм. Тэр үед Нийслэл Хүрээнд нэг ч хятад цэрэг байсангүй, учир нь 1921 оны 2 дугаар сард Барон Унгерны цэргүүд тэднийг хөөж, Хүрээг чөлөөлсөн байв.

 

Оросын улаан армийнхан Богдын Засгийн газрын сайд, түшмэдийг баривчилж хорин, ажлын байр, орон гэрт нь нэгжлэг хийж, шуудай шуудай баримт бичгүүдийг хураан авч сүрдүүлэн айлгах тактик хэрэглэж, улмаар Нийслэл Хүрээнд Улаан орос цэргүүд комендантын дэглэм тогтоож, Хүрээгээр сэлгүүцсэн хүмүүсийг барьж хорьсон баримт орос хэлээр байхыг үзвэл үүнийг Орос комендантын тушаалаар хэрэгжүүлж байжээ хэмээхийг архивын баримтаас харж болно.

Ийнхүү засгийн эрхийг Богдын засгийн газраас Ардын нам, түр засгийн газрынхан Улаан оросын армийнханы хүчээр хууль бусаар авчээ. Хуучин засгийн газрын тамга сэлтийг айлган сүрдүүлэн, Богдын засгийн газрын гишүүдийн заримыг барьж хорьсоны хүчинд ардын намынхан хүлээн авлаа.

Эл үеэс хойш эл үйл явдлыг бид ардын хувьсгал хэмээн нэрлэж, тогтсон засгийг Ардын засаг хэмээн нэрлэх болсон билээ.

 

Сайтар эргэцүүлэн бодвол, энэ лав Монголын хувьсгал биш. Монголчуудыг хэнээс юунаас хамгаалав гэдэг нь огт харагддаггүй. Дээр нь Монголын хувьсгал байсан бол

монголчуудыг хэдэн арван мянгаар нь хоморголж алж хядан, өмч хөрөнгийг нь хурааж, өөр хооронд нь дайсагналцуулах байсан гэж үү.

Өчүүхэн хүний бодлоор энэ Оросын октябрийн хувьсгалын үргэлжлэл, бүр тодруулбал Монголд экспортолсон Оросын октябрийн социалист хувьсгал байжээ.

Тиймээс бид энэхүү “ардын хувьсгал” хэмээн нэрлэсэн 1921 оны 7 дугаар сарын 11-ны өдрийн үйл явдлын ойг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэж байх нь утга учиргүй хэрэг бус уу, монголчууд аа.

Коммунизмын өлгий нутаг Орос орон Аугаа Их Октябрийн хувьсгалын өдрийг 1918 оноос 1991 он хүртэл тэмдэглэж байгаад больжээ. Орос улсад 11 сарын 7-ны өдрийг 1996 оноос 2004 онд зөвшилцөлийн өдөр хэмээн тэмдэглэж байснаа 2005 оноос эл өдрийг бүр тэмдэглэхээ больсон байна. Коммунизмын хэмээн нэрлэсэн ангийн тэмцлийн онол оросуудад ямар их хохирол учруулсаныг тэд сайтар ойлгожээ.

Бид хэн хүнгүй л Зөвлөлт Орос улсад 11 сарын 7-ны өдөр Октябрийн хувьсгалын өдөр тэмдэглэдгийн нэгэн адил Монголд 7 дугаар сарын 11-ны өдрийг Ардын хувьсгалын ой хэмээн нэрлэж тэмдэглэж ирсэн болохыг мэднэ.

 

Энэхүү “ардын” хэмээх үг нь ард түмэн гэсэн үг биш, ард түмнээ хоѐр хуваасан, ажилчин анги байхгүй байсан тул түүнийг төлөөлүүлэн ядуу доорд ардыг хэлж гаргаж ирсэн үг болохыг түүхэн сурвалжид маш тодорхой байдаг билээ.

 

Өөрөөр хэлбэл, коммунизмын өлгий нутаг нь хүмүүс, нийгмийг өөр хооронд нь хувааж, ялгаварлан гадуурхдаг эл ангийн тэмцлийн үзлээсээ татгалзаад улмаар Октябрийн хувьсгалын өдрөө орон даяар тэмдэглэдгээ болиод зөндөө удаж байхад монголчууд бид коммунизмын үзэл тээсэн санаагаар буй болсон ийм өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэж байх нь зөв гэж үү. Эл ангичлан ялгаварладаг, бие бие дайсан мэт үздэг, өөр хооронд нь хуваадаг ийм үзлээс салах нь үүрдийн хөрш болсон Орос улсаас сална гэсэн үг биш гэдгийг одоо хэн хүнгүй л ойлгож буй хэмээн санах юм.

Монголчууд бидний эрийн гурван наадам бол эртнээс уламжлалтай Монгол наадам яах аргагүй мөн тул монгол хүн бүр дуртай байдаг. Харин эл наадмаа эрт урьдын үндэсний уламжлалаа баримтлан зуны дэлгэр цагт барагцаагаар 7 дугаар сарын сүүлч 8 дугаар сарын эх орчим гол төлөв долоон хошуу наадам хийж ирсэн цаг улирлаар хийж болдоггүй юм уу. Эс тэгвээс эв нэгдэл гэж хоосон яриад үүх түүхээрээ талцаж, өөр хоорондоо дайсагналцан, бие биеэ хэмхлэхээс бид салахгүй. Ийм байдалтай байх нь гадны олз болохоос монголчууд бидэнд хожоо үгүй хэмээхийг ухаарах хэрэгтэй бус уу.

Мөхөс миний бие Улсын Ерөнхийлөгч нарт удаа дараа хандан “ардын хувьсгал” гэсэн үгийг үндэсний баяр наадмын үер хэрэглэхгүй байхыг нэг бус удаа хүссэн ч биелэхгүй юм.

Өнөөдөр Монголчууд коммунизмын үзэл санаанаас татгалзсан байлтай байтал жил бүр тэртээ тийм үзэл санаагаар тавигдсан “ардын хувьсгал” хэмээхийн ойг үндэсний баяр болгон тэмдэглэж байх нь зохисгүй мэт санагдсан тул эл жижиг өгүүллийг тэрлэв. Монголчууд өөр хоорондоо ангичлан хуваагдаад юу хожив гэдгээ эргэцүүлэн бодоход илүүдэхгүй бус уу. Мэргэн оюундаа тунгаан болгооно уу.

 

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан