Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн Засгийн газар ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлд бодлого баримталж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, 2022 оны төсвийн тодотголыг УИХ-д танилцуулахдаа: Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах боломжийг судалж байна хэмээсэн.

Өөрөөр хэлбэл урьдчилгааг 15 хувь, хүүг 3 хувь болгох асуудлыг Засгийн газрын хүрээнд судалж эхэлсэн гэж харагдаж байна. Үүний өмнө 2020 онд ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 болгож бууруулсан билээ.

Ерөнхий агуулгаараа бол ипотекийн зээлийг хүүг бууруулах эсэх нь зөвхөн Засгийн газрын мэдлийн асуудал. Харин арилжааны банкнууд болоод МИК-ийн оролцоо байхгүй. Хүүгийн хэмжээг Засгийн газар тогтоож,  үүнд уялдуулан арилжааны банкнууд зээл гаргаж, харин МИК зээлийг үнэт цаасжуулдаг. Тэгвэл энэ асуудлаар тун удахгүй бодит арга хэмжээнүүд авах аж. 

Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр "Шадар Сайдаас үүрэг өгсөний дагуу Ажлын хэсгийг миний бие ахлаж:

▪️ Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30%-иас багасгаж 20% болгох;

▪️ 2013-2020 онд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох зэрэг бусад боломжуудыг судлан ажиллаж байна." гэсэн байна.