Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын Хөрөнгө Орлогын Мэдүүлэг(ХОМ)-ээс Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүдийн мэдээллийг онцлон танилцуулъя.

 

Энэ удаагийн парламент одоогоор 73-уулаа танхимдаа сууж буй. Тэдний хамгийн их хөрөнгө, орлоготой буюу баян хүн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байна. Тэрбээр анх 2004 онд УИХ-ын гишүүн болсон бөгөөд өдгөө гурав дахь удаагаа парламентад сонгогчдоо төлөөлөн сууж байна. Түүний нийт хөрөнгө, орлого нь 18.4 тэрбум төгрөг. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нь 

  • Хоёр тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц барилга байгууламжтай
  • 170 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй
  • 72 сая төгрөгийн үнэт эдлэл
  • 8.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай
  • 2.3 тэрбум төгрөгийн авлагатай гэх зэргээр 2022 оны ХОМ-ээ гаргажээ.

Харин УИХ-ын хамгийн "ядуу" гишүүн нь Ж.Батжаргал болов. Тэрбээр өөрийнхөө хөрөнгө орлогыг 375 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх оноосоо 114 саяар буурсан дүн юм. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь 

  • 110 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц барилга байгууламжтай
  • 133.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай
  • 21.2 сая төгрөгийн авлагатай зэргээр ХОМ-ээ гаргасан байна. 

Сонирхуулахад 2020-2024 оны парламентад суугаа 73 гишүүний 58 буюу 79 хувь нь тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө, орлоготой байна. Тэдний 10 нь 10-аас дээш тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготойгоо мэдүүлжээ.