Ер нь бол “...АН эвлээд байна уу, эвдрээд л яваад байна уу” гэдэг нь мэдэгдэхгүй болсон. Наанаа нийлээд гүйгээд байгаа мэт байдаг. Гэвч цаанаа намын дарга нь хоёр экс Ерөнхийлөгчийн хайчинд орчихоод удаж байгаа юм.

Сүүлд, нэг нь “эрхээ шилжүүлж”, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт төлөөлөх болжээ. Харин Х.Баттулга нь өөрөө фракцаа удирдаад, намаа дагаад л жирийж байна. Гэхдээ маапаан ихтэй. АН-ын ҮБХ сар гаруйн өмнө хурлаа нээсэн. Арав гаруй дэд дарга томилоод зогссон. Харин генсекээ томилж чадалгүй завсарласан. ҮБХ-ны хурал нээлттэй хэвээр үлдсэн.. Генсек хэн бэ гэдгээ одоо хүртэл тогтож чадахгүй л байна.

Чухамдаа АН-ын ҮБХ-ны хурлаас хойш Х.Баттулга, С.Баярцогт гэдэг хоёр хүн Лу.Гантөмөрийн “шүдний өвчин”, бас “уураг тархи” нь болчихоод байгаа аж. Нэг үгээр хэлбэл, АН-ын дээгүүр түвшиндээ МоАХ, “Од”, “Нэг Монгол” гэсэн гурван фракцын дунд зодоон болж байна. “...Нэг нь нөгөөгөө АН-аас шахаад “Нэг Монгол”-тойгоо үлдэнэ” гээд л үзэж тарж байгаа аж.

Яагаад гэхээр генсек дээрээ тохирч амжаагүй байтал намынх нь эмэгтэйчүүд хуралдаад ерөнхийлөгчөө сонгосон. Тэр сонгуульд Х.Баттулга ч, С.Баярцогт ч хүнээ сойсон. Х.Баттулга А.Адьяасүрэнгээ, С.Баярцогт Б.Пунсалмаагаа зүтгүүлсэн. Хэнийх нь ч хүн гараагүй. Хоёулаа бухимджээ. Ингээд намынхаа дунд, доод шатыг гартаа авахаар хоёр тийшээ гараад гүйжээ. Нэлээд л ажиллаж байгаа мэдээлэл байна. Тэгж байтал Нийслэлийн АН-ын даргын сунгаа юу юугүй яригдаад эхэллээ. Х.Баттулгын зүтгүүлж буй, МоАХ-д харьяатай, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт С.Эрдэнийн АН-ын даргаар сонгогдож, “Од” фракцад харьяалагддаг байсан, одоо С.Баярцогтын дэмжлэгтэй М.Тулгат, УИХ-ын гишүүд хийгээд АН-ын даргын “Нэг Монгол” фракцаас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна. Энэ чамгүй том зодоон болно.

Энэхүү албан ёсны сонгуулийн хажуугаар АН-ын хэсэг гишүүд “...С.Баярцогтыг эсэргүүцэж байна” гээд хэвлэлийн хурал хийгээд гарч ирсэн. Энэ санаачилга яваандаа давалгаа болж мэдэхээр байгаа юм. Мөн Х.Баттулга МоАХ-ныхоо хурлыг 2023 оны арваннэгдүгээр сарын дундуур Бөхийн өргөөнд хийж магадгүй байна. Тэр хурал дээр “...С.Баярцогтыг АН-ын удирдлагаас холдуулах уу, эсвэл МоАХ-ноос нам байгуулах уу” гэдгээ ярих сураг мэдээ бий.

Үнэхээр ч Х.Баттулгын зүгээс ийм байр сууриа шууд илэрхийлэх болжээ. Тэрбээр саяхан Лу.Гантөмөрт “...Би генсекээ аваад больё. С.Баярцогтыг ч боль гэж хэл” гэсэн байна. Үүнийг нь С.Баярцогт дуулаад нэлээд бухимджээ. Ерөнхийдөө, эцсийн бүлэгт АН-ын генсек гэдэг Х.Баттулгын ч, С.Баярцогтын ч хамгийн их сонирхож байгаа суудал болоод байна. Лу.Гантөмөр ч өөртөө ганц үлдсэн “тулах цэг”-ээ алдахгүйг бодож буй. Дээрээс нь УИХ-ын гишүүд “...Бид намын юунд ч ороогүй, аваагүй. Генсекээ авъя” гэжээ. Ийм тал талын сонирхол генсекийнх нь ганц суудал дээр олдчихоод “өлдчихөөд” байгаа юм. Гол нь Х.Баттулга, С.Баярцогт хоёр ийн “барилдаж”, намын дарга Лу.Гантөмөр голд нь “засуул” хийж байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин