Бид өөрсдийгөө “Олон намын тогтолцоотой” хэмээн онгирцгоодог. Гэсэн ч хоёрхон нам л ээлжлээд төр барьж ирсэн. “Хүний эрх, эрх чөлөөг хангадаг. Ардчиллын баянбүрд” гэж хөөрцгөөдөг. Гэвч энэ хэзээ ч биеллээ олж байгаагүй. Эдгээрийг бидний туулж өнгөрүүлсэн 33 жилийн түүх нотолно.

Өнөөдөр Улсын дээд шүүхэд улс төрийн 37 нам бүртгэлтэй байна. Сүүлд 3-4 нэмэгдсэн гэж үзвэл ерөнхийдөө 30 гаруй намтай 30 жилийг өнгөрөөсөн. Гэсэн атал МАН, АН хоёр ээлжлэн төр барьдаг. Жижиг хэмээх тодотголтой бусад 30, түүнээс олон нам нь бүх талаараа энэ хоёр намынхаа хаана нь ч хүрдэггүй. АН, МАН хүсэх юм бол механикаар өндөр рейтингэд хүрч болно. Ерөнхийдөө арай идэвхтэй, тэнхээтэй болсон нь нөгөөх хоёрынхоо халаасанд гүйгээд орчихдог. Тэгэхээр ойрын 2-3 сонгуульд АН, МАН-аас өөр сонголт бидэнд олдохгүй. Хэлэх, бодох дургүй боловч бодит үнэн маань энэ. 1990-ээд онд Үндсэн хуулиа баталж аваад өмчөө хувьчилсан. Төрд байсан өмчийн дийлэнх нь мэдээлэлтэй хэсэгт очсон. Дараа нь уул уурхайн лицензийн наймаа цэцэглэсэн. Бас л мэдээлэлд ойр хүмүүс асар их мөнгө эргэсэн энэ наймааг хийсэн. Араас нь газрын наймаа бичигдэнэ. Мөн л мэдээлэлд ойр, албан тушаалтай хүмүүст хамаатай. Ингээд энэ нийгэм 90:10 харьцаатай болчихсон. Хэдэн сарын өмнө нэг гишүүн эмэгтэй “Улныхан” гээд байсан. Үнэн шүү дээ. 10 хувийнхны амьдрал тасраад, үлдэх 90 хувийнх нь үнэндээ ул тавхай хоёроор л байна. Маш товч хэлэхэд өнгөрсөн 30 жилд Монголын улс төр үзэл баримтлал дээр огт нийлээгүй. Нэгдэж нийлсэн “эвийн цавуу” нь өмч хувьчлал, лиценз, газрын наймаа юм. Өөр утгаараа АН ч, МАН ч үзэл баримтлалгүй гэсэн үг. Цаасан дээр бол бий. Зүүний, барууны үзэлтэй гэнэ. Сүүлдээ нийгмийн хандлагад тааруулж нэр усыг нь өөрчилж л байна. Харамсалтай нь АН хэзээ ч барууны үзэлд тууштай яваагүй. МАН ч гэсэн зүүний үзэл суртал хэрэгжүүлээд сүйд болсон юмгүй. Тэгэхээр энд учиргүй их онол суртал бичээд тайлбарлаад байх шаардлагагүй. Байхгүй юмыг юуг нь бичих вэ дээ. Харин дэлхийн хаана ч байхгүй, монгол маягийн улс төрийн онол үйлчилдэг. Түүгээр АН ч, МАН ч замнадаг. Тийм байсан. Одоо ч тийм. Харин арай логиктой, системтэй сэтгэдгүүд нь тухайн цаг үеийнхээ улс төрийг авч явдаг. Сүүлийн үеийнхээр лидер хэмээнэ. Энэ бүх холион бантан, эсхүл Монгол маягийн улс төрийн хэв маяг нь анх 1992 оны Үндсэн хуулиас эхтэй. “1992 оны Үндсэн хууль атамангүй байх бодлогоор хийгдсэн” гэдэг юм. Засаглалыг хуваасан байдалтай. Яг хууль дахь эрх мэдлээ хэрэгжүүлбэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэн нь ч илүүрхэх боломжгүй. Тэр утгаараа нэг эхнэртэй эрчүүд, эсвэл нэг нөхөртэй хүүхнүүд шиг л аж төрж ирсэн юм. Өнөөдөр ч тийм байна. Гэхдээ 2019 он, түүний дараах Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн. Ийм боловч өнөөдөр мөнөөх уламжлалт зөрчил байсаар л байна. Оршил болгож үүнийг тоочсон нь учиртай. Дэлхийд байхгүй энэ засаглал маань Монголдоо болоод байдаг. Харин гадаад ертөнцийг ангайлгадаг. Тэд биднийг дотооддоо хэрхэн учраа олж, аж төрдгийг ихэд сонирхдог. “Хоёр их гүрний дундах жижигхэн Монголын улс төр асар их амбийцтай. Дөрвөн сая дөхсөн энэ ард түмэн улс төрийн асар өндөр мэдрэмжтэй. Улс төрд оролцдоггүй, мэддэггүй нийгмийн ямар ч төлөөлөл байхгүй” гэцгээдэг. Тэгээд ч ойлгодоггүй л дээ, манайхныг. Бид ч ойлгохоор амьдардаг ард түмэн биш. Өөрсдөө ч өөрсдийгөө ойлгодоггүй цаг үе олон. Тэгэхээр олон таван үггүйгээр Монголын одоогийн улс төрийн адал явдлуудаас хүргэе. Агуулгын хувьд “Л.Оюун-Эрдэнэ төвтэй улс төр” хэмээвэл яг болно. Угсраа найман жил засаглаж буй МАН-ын дарга, бас Үндсэн хуулиар нэмсэн эрх мэдлийг хэрэгжүүлэгч анхны Ерөнхий сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэ яалт ч үгүй улс төрийн төв хэсэгт төвхнөчихөөд байгаа юм. Түүнийг “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ямар харилцаатай байгаа вэ” гэдэг нь сүүлийн жилүүдийн асар сонирхолтой асуултуудын нэг болоод байна. Анх 20082009 оны үед У.Хүрэлсүх түүнийг МАН-д оруулж ирсэн. Тэр хоёрын харилцаа 2000 оноос хойш үргэлжилсэн. Ах дүү, дарга цэрэг аль ч хэлбэрээр нь ойлгож болно. У.Хүрэлсүхийн тухайд Л.Оюун-Эрдэнийг их улс төрд оруулсандаа харамсахааргүйгээр үр шимийг нь хүртсэн. 2016 оны сонгуулийн дараа жил У.Хүрэлсүх тагнасан чагнасан асуудлаар буланд шахуулаад байхад Л.Оюун-Эрдэнэ аварсан. Үнэн шүү. Л.ОюунЭрдэнийн МАНАН руу хийсэн довтолгоо амжилттай болж, У.Хүрэлсүх засгийг, намыг гартаа авсан. У.Хүрэлсүх 2021 он гарангуут Ерөнхий сайдаас буугаагүй бол өдийд Ерөнхийлөгч болохгүй ч байсан байх магадлалтай. Л.Оюун-Эрдэнийг орондоо тавьчихаад явсан нь оносон. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд ийм юм. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш удалгүй сөрж эхэлсэн байна. Дэл сул яриа тоймоо алдсан. ҮАБЗ-ийн хурал дээр хэд хэдэн удаа муудаж сайдлаа гээд л яригдаж байна. Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнийн өмнө нь ч ярьдаг байсан шүүхийг шүүмжилдэг үгсээс нь сүүлийн үед У.Хүрэлсүх харагдаад байдаг болсон. Сая 2023 оны аравдугаар сарын 19-нд УИХ дээр хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн улстөрчдийн хэн нь, юуны төлөө зорьж байгааг, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг, хэн нь хоосон дүр үзүүлэн жүжиж байгааг, хэнийх нь биеийн хэлэмж, нүдний харц үнэн ба худал байгааг таньдаг болжээ” гэснээс гэхэд л тэгж ойлгохоор байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын харилцаа нэг ийм, Л.Оюун-Эрдэнийн хэлснээр “хөшигний ард” яагаад байгаа нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ өмнөх Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайд Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэсэн харилцаануудыг бодвол хоорондоо эвтэй байгаа мэт зураг үзэгдэнэ. Ерөнхийлөгчийн дэргэдэх тэрбум мод, төмөр зам, шонхрын зөвшөөрөл зэрэг аж ахуйн ажлууд, гадаад томилолтоороо ураны гэрээ, Эрдэнэбүрэнгийн УЦС зэргийг ярьж тохироод яваагаас У.Хүрэлсүх Л.ОюунЭрдэнэ хоёыг “Аргагүй л ах дүү хоёр юм даа. Ажлаа хүртэл сольж сэлгэж хийгээд байна” гэмээр. Ерөнхийлөгч шиг Ерөнхий сайд, Ерөнхий сайд шиг Ерөнхийлөгч харагдаад байгаа шүү. Тэгэхээр тэд сайн байгаа юу, муудсан уу гэдэг нь ерөнхийдөө ойлгомжгүй л байна. Ерөнхий сайд УИХ-ын дарга хоёр бол гар нийлдэг. Ингэж харагддаг. Уг нь УИХын дарга Г.Занданшатар бол 1970-аад оны гол төлөөллүүдийн нэг. МАН дахь 1980-аад оныхны эмээж явах хүмүүсийн нэг мөнөөс мөн. Гэхдээ Л.ОюунЭрдэнийн санаачилсан хуулиуд УИХ дээр хэзээ ч унадаггүй. Тэр ч байтугай өнгөрсөн зун гацаанд орчихоод байсан нүүрсний сонсголыг Г.Занданшатар захирамж гаргаж байж гацаанаас гаргасан. Одоо бол төсөвтэй холбоотойгоор зарим нэг сөрөг байр суурь илэрхийлээд байгаа. Тэр ойрд ихээхэн бухимдалтай гарч ирэх болсон. Гэхдээ энэ нь Л.Оюун-Эрдэнэ буюу Засгийн газар гэхээсээ Сангийн сайд Б.Жавхлантай шууд тулаад байгаа байдал харагдаж байгаа юм.

Б.Жавхланг Ерөнхийлөгчийн хамаатан. Тэр хэрээр Засгийн газартаа ч, нам дээрээ ч баргийн хүнд дийлдэхээ больсон гэдэг юм. УИХ-ын даргатай НӨАТ-ын асуудлаар маргахад нь ч тэр дүр нь тодорч л байна. Мэдээж Г.Занданшатар, Б.Жавхлан хоёрын маргаан энэ НӨАТ-аасаа болоогүй нь тодорхой. Уул нь нэг үеийнх, 2016 оны сонгуулийн дараа Энканто хавьд уулзалдаад салдаггүй байсан 10 гишүүний хамгийн идэвхтэй нь энэ хоёр байсан шүү. Гэвч өнөөдөр маргах шалтгаан гарсан бололтой. Хов жив ч гэх үү, бор шувуу болж яригдаж байгаагаар Г.Занданшатарын уурыг С.Баярцогт маш ихээр хүргэх болсон гэлцэж байна. С.Баярцогт түүнийг Оросын думын дарга Володинтой холбоотойгоор сайн шүүмжилсэн байсан. Гэхдээ үүнийг уурлах шалтгаан гэхээр жижигдэнэ. Намаас нь сонгогдсон Ерөнхийлөгчийн толгойг эргүүлээд байна гэж бухимдаад байгаа ажээ. Оронд нь өөр УИХ-ын даргын нэрийг ярьсан юм уу даа. МАН-ынхан АН-ын асуудалд ороод байна л гээд байсан. Харин УИХ-ын даргатай холбоотойгоор АН-ынхан МАН-ыг бужигнуулаад байгаа гэнэ. Энэ удахгүй УИХ-ын гишүүдийн С.Баярцогтын шүүхийн шийдвэрийн асуудлаар сонсгол хийх эсэхийг шийдэх дээр илэрнэ. “ Л . О юун-Эрдэнэ Д.Амарбаясгалан хоёр ямар байгаа вэ” гэдэг бол топ асуулт болсон. Түүх яривал тэр хоёр мөн ч олон амьдралыг хамт туулжээ. Өөрсдөө бол эвтэй байгаагаа л гайхацгаана. Логикийн хувьд тийм байх боломжгүй. Гадуур тэднийг “Сайнгүй” гэж ярьж байна. Л.Оюун-Эрдэнийн ярьдаг авлига, хулгай бүр дээр Д.Амарбаясгалангийн нэр гарч ирдэг. Өөрөө бол “Би холбоогүй. Та нар хараарай” л гээд байгаа. Баримт, фактууд нь өөрөөр тайлбарлаад байгаа. Л.Оюун-Эрдэнийн тухайд Д.Амарбаясгалангаас генсекийг нь авах байр суурьтай гэнэ. ЕТГ-ын дарга Я.Содбаатар очно. Цаг хугацааны хувьд энэ сэлгээ хойшилжээ. Сая Д.Амарбаясгалан Францад Ерөнхийлөгч, Я.Содбаатар хоёртой яриад сонгууль өнгөртөл генсекээрээ үлдэхээр болсон гэж байна. Я.Содбаатар гэснээс сүүлийн үед МАН-ын ч гэх үү, ямар ч байсан эрх барьж буй бүлгийн гол хүн нь тэр болжээ. Аливааг шийддэг гэдгээрээ алдаршаад байна. Өнөөгийн улс төрийн гол албан тушаалуудыг хашиж буй дээрх хүмүүсээс гадна өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, МАН-ын дарга нар, АН-ынхан гээд улс төрийн цөмийг бүрдүүлэгчид тус бүрдээ хөдөлгөөнд орчихоод л байна. Энд нэг зүйлийг хэлэхэд бид албан тушаалаа өгөөд явчихсан улстөрчдийг хашааны гадна гарсан мэтээр ойлгодог. Үгүй. Өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар өөрийн улс төрөө хийсээр байна. Үүний баталгааг АН эргэж нийлж буй үйл явцад Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар идэвхтэй хийгээд нөлөөтэй оролцож байгаагаас харж болно. Жишээ нь АН-д хамгийн нөлөөтэй байгаа гэх С.Баярцогтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй, Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэтэй холбоод байдаг. Алийг нь ч батлах, эсвэл нотлох боломжгүй юм. Яалт ч үгүй мэдэж байгаагаар бол Х.Баттулгын 2021 онд дахин нэр дэвших эрхийг Л.ОюунЭрдэнэ 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт санаачилж оруулаад үгүй хийж байсан юм. Ер нь Л.Оюун-Эрдэнийн хувьд дээр нэр ярьсан ах дүү, анд найз, журмын нөхөд гэсэн статустай хүмүүстэй ямар ч харилцаанд хүрч мэдэх хүн. Тэгж харагддаг. Өнгөрсөн хугацаанд зарим хүнд гаргасан зангаас нь харвал тэр зорьсондоо хүрэхийн тулд замд нь тээглэвэл хэнийг ч яаж ч мэднэ. Боломж нь байвал дахин босохооргүй болтол нам дарж, няц гишгэж чадна. Хүн чанарын тухай ярих нь илүүц. Тэр үг түүнд үйлчлэхгүй. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг… гээд яривал түүхтэй найз нөхөд нь өнөөдөр хаана юу хийж байгаа билээ дээ. Эндээс үзэхээр Л.ОюунЭрдэнэ Ерөнхийлөгчтэй бие биеэ анасан, УИХ-ын даргатай ойр нягт, ЗГХЭГын даргатай цаг нь ирвэл яаж ч мэдэх харьцаан дээр очоод байгаа бололтой байна. Тэднээс гадна Хөгжлийн банк, Эрдэнэт, Оюу толгой, нүүрсний хулгайтай холбогддог хүмүүс тэр чигтээ Л.Оюун-Эрдэнийг занаж зүхээд сүйд болж байгаа. Гэхдээ Л.Оюун-Эрдэнээс түрүүлж буулт очихгүй л болов уу. Авлигачин, хулгайч, тэднийг хамгаалдаг…. гээд ярьдгаа ярьсаар л байна. Тэгээд ер нь Л.Оюун-Эрдэнэ нэг зуухаараа тарвага шиг, зууралдахаараа зангуу шиг юм байна лээ. Олон асуудлаас тэр нь харагдсан. Тэрчлэн Л.ОюунЭрдэнийн улс төрийн үзэл баримтлалыг тодорхойлох боломж хомс. Бусадтайгаа л ижилхэн. Авлига, хулгайг л үзэж чадахгүй нь харагддаг.Л.Оюун-Эрдэнэ авлигын хэргүүд, тэр дотроо УИХ дээр нүүрсний сонсгол, хууль шүүх дээр нүүрсний хулгайг шийдүүлэх гэж байдгаа тултал явж мэднэ. Түүнийхээ төлөө чөтгөртэй л нөхцөж мэднэ. Ерөнхий сайд болоод тавьсан зөвлөхүүдийг нь л хараарай. МАН-ын түүхэн дэх ямар ч даргын хэзээ ч хийхгүй томилгоо явдаг. Их л сонин хүмүүсээр зөвлүүлдэг хүн дээ. Удахгүй сонгууль болно. Дээр дурдсан хүмүүс Л.ОюунЭрдэнэтэй квот тохирно. Ерөнхийлөгчийн дүү, хүргэн, зөвлөхүүдийн олонх нь нэр дэвшихээр болсон. УИХ-ын даргын хэвлэлийн албан дарга асан эмэгтэйгээс эхлээд ойр хавийнхан нь сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базаагаад эхэлсэн. Генсек ч гэсэн ирэх сонгуульд том бүрэлдэхүүн сойхоор дуулдаад байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ эдний санал болгосон бүгдийг нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдэг бас л тодорхойгүй юм. Лу.Гантөмөрийг анх АНын дарга болоход нь баяр хүргээд уулзахдаа “2024 онд нэр бүтэн нэр дэвшигчид явуулна шүү гэж тохирсон гэнэ лээ” гэж яригдаад удаж байна. Бас “Л.Оюун-Эрдэнэ өөрөө ирэх сонгуульд жагсаалтаас татгалзаж тойрогт нэр дэвших гэнэ” гэсэн яриа байдаг.

Гэвч сонгуулиас наана “Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болсонд авлигын тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзнууд, тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй хэмээн хүсэж байна” гэж сая чуулган дээр хэлсэн үг нь улс төрийн тодорхой үйл явдлын үндэс болж мэдэхээр байна.

 

Б. Тулгат