"Буруу тогтолцоо" болгоныг ил гаргаж энэхүү буландаа онцолдог билээ. Тэгвэл энэ удаад төрлийн албыг төрөл садангийн ажил болгож зөвхөн өөрийн ойрын хүрээллээрээ тойруулдаг нөхдүүдийн нэг хэсэг нь өдгөө СОНГУУЛЬД хүртэл хүч үзэхээр зүтгэж байна. Тухайлбал,

НЭР ДЭВШИГЧ  С.БЯМБАЦОГТ,  Д.БАТЦОГТ НАР НЭГ АЙЛЫН ХҮРГЭЧҮҮЛ

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар төрсөн эгч дүүсийг авч суусан нэг айлын хүргэчүүл билээ. Тэд хоёр өөр орчинд өссөн хүмүүс боловч нэг айлд хүргэн орсон ах дүүсийн барилдлагатай болсон төрөл садангууд. Тэгвэл энэ хоёр хоёул нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөхөөр болсон юм. Тодруулбал, баруун бүс буюу УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшиж байгаа. Тэд 2016 оны сонгуулиаар мөн Ховд аймагт буюу нэг тойрогт нэр дэвшиж, С.Бямбацогт ялалт байгуулсан байдаг. 

Харин УИХ-ын гишүүн асан Д.Батцогтын хувьд Ховд аймгийн Мөст сумын уугуул бөгөөд 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөж, 1999 онд Гаалийн ерөнхий газрын тамгын хэлтэст байцаагчаар ажилд орж, дараа нь жил буюу 2000 онд Нефть онцгой албан татварын гаалийн газрын даргаар томилогдож байжээ. Түүний эл ажлын томилгоо нь бас л төрөл садангийн холбоосоор явагдсан гэлцдэг. Тодруулбал, тухайн үед нагац ах Т.Лхагваа нь Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.  Түүнээс хойш тэрбээр Гаалийн ерөнхий газрын дэд дарга болж, улмаар 2012 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагтаа бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. 

ДАРААГИЙН ТӨРӨЛ САДАНГААРАА ДЭВШИЖ БУЙ ЦУВААГ САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ, П.МӨНХТУЛГА НАР ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ

Өмнөх сонгуулиар Архангай аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон УИХ-ын сонгуульд АН-аас I тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулга, Сангийн сайд асан С.Баярцогттой мөн л худ ургийн барилдлагатай нөхдүүд. Тодруулбал, Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгс буюу П.Мөнхтулгын төрсөн эгч нь, Сангийн сайд асан С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ хоёр багаасаа үерхэж, 2016 онд АН-ын томчуудыг цуглуулан хуримласан. Өдгөө П.Оюунтөгс нь ээж С.Төмөрчөдөрийнхөө “Хатан лаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин Б.Гомбо-Эрдэнэ аав С.Баярцогтыгоо Сангийн сайд байхад туслахаар нь ажиллаж байсан удаатай. 

С.Баярцогтын хувьд Ардчилсан намын жагсаалтад багтах гээд хөөгдсөн гэх. Сонсогчид хүртэл түүнийг нэр дэвшиж буйд таатай бус байгаа гэх яриа ч чих дэлсэж буй.  Жагсаалтаасаа аниулсан тэрбээр УИХ-ын V тойрог буюу Сэлэнгэ, Дархан, Төв аймгаас төрд дахин суучих гээд хүч үзэж байгаа юм. 

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ХУД С.АМАРСАЙХАНТАЙГАА ТӨРИЙН СЭНТИЙД СУУХ УУ

Худ ургийн барилдлагатай Ерөнхийлөгч асан Х.Баттулга , Шадар сайд С.Амарсайхан нар УИХ-ын сонгуульд мөн л өрсөлдөхөөр болсон билээ. Ерөнхийлөгч асангийн хувьд УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа бол С.Амарсайхан нь УИХ-ын сонгуулийн XIII тойро болон Налайх, Багануур дүүрэгт өрсөлдөнө.

Тэдний хувьд худ ургийн барилдлагыг тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр агсны хүү О.Тэнүүн нар гэр бүл болсон гэдгийг ард түмэн мэддэг. Энэ хоёр өөрсдөөрөө төрийн албын холбоо сүлбээг зогсоохгүй цааш үргэлжлүүлэхээр  О.Тэнүүнийг энэ удаагийн сонгуульд өрсөлдүүлхээр хүч хавсарсан байдаг. Гэвч дүү нь АН-аас нэр дэвших эрхээ авч чадаагүйгээс энэхүү хүсэл нь дуусгавар болсон. 

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

Буруу тогтолцоо: Усан парк нэрээр боссон авлига хорооллыг нураах шүүх хурал хойшлогдов, анх газрыг хэн олгов!

Буруу тогтолцоо: Малаа барсан малчид хот бараадаж яндангийн тоог нэмэхээс өөр сонголтгүй юу?!

Байр суурь: Ерөнхий сайд, хотын дарга хоёр хүч хавсран газрын наймаачид, барилгын компаниудтай үзэлцэж, сонсголоор авлигачдыг зарлана

Буруу тогтолцоо: Есөн хотын дарга нарын хэн нь хамгийн их газар олголтыг хийж байв

Буруу тогтолцоо: Хууль зөрчиж баригдсан хаус, шунал хороолол, аваргын хашаа гээд газрын дуулиан эхэллээ