Бидний бага нас, наяад оны сурагчид пионерт элсэх гэж бөөн хөл болдог байв. Тэр тусмаа улаан бүч зүүчихээд пионерийн тангараг өргөхөөр сүр ороод явчихна шүү. Мөн “Хүн бүр бага балчраасаа арвич хямгач байж...” гээд лоозон цээжилчихнэ.

Ингээд л цаг үетэйгээ хөл нийлүүлээд алхаж байгаа хэрэг. Харин тангаргаасаа няцна гэж үгүй, түүндээ үнэнч байсаар хүүхэд насаа үддэг байсан бололтой. Томчуудын хувьд эвлэлийн гишүүний, намын гишүүний гээд тус тусын тангаргаа өргөж цагийн салхийг дагадаг байсан даа. Тухайн үед бүгд л энэ өргөсөн тангарагтаа үнэнчээр улс эх орондоо зүтгэсээр ирснийг саяхны түүх батлана. Харин өнөөдөр бол Төрийн албан хаагчийн тангараг хэмээн сүрхий зүйл бий, түүнийг биелүүлнэ, түүнд үнэнчийн тухайд бол ярилтгүй. 


      Гэтэл өнгөрөгч 2012 оны сонгуулиар АН-ынхан нэгэн сүрхий тангараг өргөсөн байна. Ард олон уярахаас аргагүй зүйл. Тангараг гэхээсээ илүүтэй гуйлт юм билээ.

Тангараг эхлэхдээ “Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, хууль ёсыг чанд сахиж, нийтийн үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэхээ эх орон, ард түмэндээ эхлэн тангараглая” хэмээжээ. Мөн эрх ашиг дээдлэдэг байхдаа, эд нар. Өнөөдөр ард олныхоо эрх ашгийг дээдлэсэн бол олон мянган хүнийг гудамжинд гаргах уу, намын харъяаллаар шүү. Тэдэнд өөрсдийнх нь эрх ашиг гэж байхаас ард олны эрх ашиг гэж түй ч байхгүй. Иргэдийнхээ эрх ашгийг  дээдлэх нь бүү хэл улам бүр уландаа гишгиж, ирээдүйгээ өрөөр барьцаалчихаад л ийм зүйл ярьж суугаа нь яавч зүйд нийцэхгүй. 
     Нэгэн ичмээр зүйл гэвэл “нийтийн үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэх..” гээд байгаа юм даа. Ийм тангараг өргөсөн өнөөдрийн эрх баригчдын дунд нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн нэг ч байхгүйг тангараг хэмээн гуйж гувшиж явсан цагаас хойшхи хоёр жилийн хугацаа батлан харуулна. Н.Алтанхуягаас эхлээд ах дүү амраг садангийнхаа төлөө санаа тавихаас өөр юу ч мэдэхгүй. Тэр ч бүү хэл АН хэмээх бүлэглэлийн төлөө ч санаа тавьж байгаа тангарагчид ч байхгүй болсон гэгийг баттай хэлж чадна. Бүгд хувийн эрх ашгийн төлөө явж байгааг бид бэлхэнээ харж сууна. 
      Цаашлаад бүр балай юм болно. “Сахилга хатуу, эрдэм илүү, ардаа ангилахгүй, ад шоо үзэхгүй, өргөн түмнийхээ буянаас өнчин ишиг ч дутаахгүй, олны итгэлийг дааж ажиллахаа бүрэн улсынхаа босоо сүлд хууль цаазанд сүслэн тангараглая” гэж элийрсэн байх юм. Өнөөдөр төрийн албан хаагчийн сахилга бат гэж хаана юу байна вэ. Бүх зүйлийг олонхийн хүч, шүүх засаглалаар далайлгана, айлгана, төрийн нэрээр бамбай хийх замаар л ажил явсан болж байна. Энэ тухай дурдана гэвэл цаг хугацаанаас эхлээд барагдахгүй ажил болно. 
      Тангараг цаашлахаараа бүр ч элийрнэ. “Ардчилсан намын гишүүн би андгай тангаргаа няцвал төрийн сэнтийгээс бууж, түмний өмнө гэмээ хүлээнэ” гэж хадуурсан байх юм. Эндээс харвал, өргөсөн тангарагтаа үнэнч байсан бол энэ төрд ажиллах хүн энэ бүлэглэлд нэг ч байхгүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ эхлээд хэзээ хаанаа ийм тангараг бий болсныг ч мартчихсан тууж яваа. Бас тухайн үед тангараг өргөхдөө төрийн сэнтийд очно гэдгээ мэдээд байсан бололтой юм. 
        Тангаргийн төгсгөл янзтай “Монголын ард түмэн мэдтүгэй тангараглая” хэмээгээд дор нь АН-ын гишүүдийн цусаараа шахам бичсэн гарын үсэг байх юм. Ийм л тангараг хэмээх гуйлтад ард олон итгэсэн гэхэд үнэмшимгүй. 

С.Баяр