Шинэ сайд нарын томилгоог гацааж, ирэх долоо хоног болтол хойшлууллаа. Учир нь МАН-ын бүлэг АН-аас нэр нь тодорхой болсон гурван хүнийг сайдаар томилохын өмнө “завсарлага” гэх нэрийдлээр төрийн ажлыг уячихсан гэх.

Тэд сайдуудын асуудлаар тав хоног авч буй завсарлагаа нэгдүгээрт, Сангийн сайд асан Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт хариуцлага тооцсонгүй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах асуудлыг халъя гэдэг санал шинэ сайд нар дээр бүрэн хэрэгжсэнгүй. Гуравдугаарт, Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилох асуудлыг Ерөнхий сайд багцаар нь иж бүрэн болгон өргөн мэдүүлэлгүй, ээлж дараалан явуулж байна. Энэ асуудлыг УИХ-д цогцоор нь өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх ёстой гэдэг тайлбар тавьсан юм. Магадгүй УИХ дахь “Шударга ёс” эвслийн нэг сайдын асуудал энэ бүхэнд муугаар хэлэхэд гай болчихов уу гэдэг асуудал үүсээд байгаа юм. 

Уг нь УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн бүлгийн дарга Н.Батцэрэгийнхээ нэрийг сайдад дэвшүүлсэн гэдэг. Гэвч өнөөдрийг болтол УИХ-д өргөн мэдүүлчихсэн зүйл алга. Үүнээс болж сайд нарын томилгоог иж бүрнээр нь оруулж ирсэнгүй гэдэг шүүмжлэл дагуулсаар байгааг үгүйсгэхгүй. Харин үүнд ямар учир байгаа, хэн нь үнэн яриад байна вэ гэдэг таавар үүсчихээд байгаа юм. Угтаа “Шударга ёс” эвслийнхэн шинэ сайдынхаа нэрийг тодорхой болгоод Ерөнхий сайдад санал болгочихсон гэдэг тайлбар өгч байна. Өөрөөр хэлбэл, Н.Батцэрэгийн нэрийг сайдад дэвшүүлсэнээ уламжилсан ч Ерөнхийлөгч гадаадад айлчилж буй гэдгээр зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудал уягдаж байгаа гэх нь бий. Нэг ёсондоо эвслийн бүлгийн санал болгосон нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж томилох асуудлыг ярина гэдгээр хойшлуулж. Гэвч нөгөө талд “Шударга ёс” эвсэл сайдаар томилох хүнийхээ нэрийг санал болгоогүй гэх тайлбар өгч байна. Тэгэхээр хэн нь үнэн болох нь эргэлзээ дагуулж байгаа юм. Гэхдээ нэрээ уламжилсан тохиолдолд Ерөнхий сайд хойшлуулж суух учиргүйсэн. Нөгөөтэйгүүр тус эвслийн бүлэг нэрээ тодорхой болгосон бол яагаад албан ёсоор зарлаж болохгүй гэж. Гэтэл тэд өнөөдрийг болтол албан ёсны тайлбар хийгээгүй л байна. Мөн сайдаар томилох хүнийхээ нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэнгүй. Тэгэхээр  “Шударга ёс” эвсэл шударга бус "тоглоом" хийгээд байна уу гэдэг хардлага төрүүлж байгаа юм. Эвслийн бүлгийн нэг сайдын томилгоотой хамт Шадар сайдыг өөрчлөх, Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг огцруулах, орных нь шинэ сайдыг хэдийнэ ярьсан гээд олон зүйл гарч байгаа. Харин өнөөдөр "Шударга ёс" эвслийн бүлэгт оногдсон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам эзэнгүй байна. Тиймээс Ч.Сайханбилэг сайд энэ яамыг давхар хариуцахаар боллоо. Тэд уг нь сайдынхаа нэрийг өргөн бариад, албан ёсоор зарласан бол асуудал өөр баймаар. Харамсалтай нь "гинжин урвал" гэх шалтаг тоочиж л сууна. 

Харин өчигдөр шинэ сайдын томилгоо гацсан ч бүтцийн өөрчлөлтөд орсон яамны сайдууд огцорлоо. Өөрөөр хэлбэл, 

1/Чүлтэмийн Улааныг  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

2/Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;

3/Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;

4/Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдын;

5/Даваажавын Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдын;

6/Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын;

7/Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөв.
 

С.НАРАН