( Богино өгүүллэг)

Зуны дэлгэр цаг аль хэдийн болж наадам дөхөж буй ч Улаанбаатарт гандуу, нар ээсэн хуурай халуун өдрүүд үргэлжилсээр. Яргайтын богинын зусланд зусах айлууд зунаас зун шилжих бүрийд шинэ айлаар сэлбэгдэх аж. Ноднинхон л Гонгор гуайнх зуншдаг асан зуны хүрэн том дүнзэн байшинд хэдхэн хоногийн өмнө нэг танихгүй айл нүүж ирсэн бөгөөд амьтан хүний хэлэлцэх нь Гонгор гуайнх байшингаа зарсан гэлцэнэ . Байрны шинэ эзэн нас тогтсон бүдүүн эр залуухан сэлбэлзсэн шар эхнэр, бас миний үеийн охины хамт гаднаа сойсон машин тэрэг, гэртээ оруулж буй тавилга сэлтээс хархуйяа нэлээд чинээлэг гэдэг нь шууд л харагдах аж. Зуслангийн авгай хүүхнүүд, за ер нь хүний л амьдрал тул хотод ч хаана ч тэр хов жив, золбин үг тасрах биш. Шинээр нүүж ирсэн айлын 18 орчим насны хөөрхөн охиныг саяхан галзуугийн эмнэлэгт хэвтээд гарсан, тэр ч байтугай ангийнхаа багшид хүчиндүүлсэн гэсэн гэх үнэн худал нь мэдэгдэхгүй үг айлаас айлд, чихнээс чихэнд дамжсаар бүр сүүлдээ үнэн үг мэт яригддаг болов. Зарим нь бүүр дэргэд нь хамт байж харсан мэт үнэмшилтэй ярьсаар цуу үг зуслангаар нэг тарсан юм. Би хаа нэг эрт босож гүйх дуртай. Яргайтын богинын зуслангийн уулын жимийг даган гүйх шогших хоёрыг хослуулан явтал миний урдхан талд Гонгор гуайн байшинг худалдаж авсан гэх айлын охин гүйж байгааг харав. Тэр үнэхээр сайхан охин байлаа. Ойртож очмогц сайн байна уу гэж амар мэндийг мэдхэд тэрээр надаас айж байх шиг санагдав. Би танай хажуу ногоон байранд байдаг ш дээ намайг Амгалан гэдэг гээд гараа өгөхөд өөдөөс Тунамал гээд инээмсэглэв. Тийм ээ тэр чийг шүүдэр дайсан зуслангийн өглөө надад тэр анхны хайр гэгч нь ирсэнийг би тэр үедээ мэдээгүй ч биеэр минь сонин жирвэс жирвэс хийж, бас Тунамал, Тунамал гэх нэр өдөржин шөнөжин чихэнд минь дүнгэнэх боллоо. Маргааш, нөгөөдөр нь нөгөөдрийн цаад өдөр би дахин дахин гүйж түүнтэй тааралдах болов уу хэмээн горьдож байсан ч бид хоёр тааралдахгүй байсаар зуслангаас буух ойртлоо. Өдөр орой бүр би Тунамал хэмээх хөөрхөн охиныг бодож, харуулдсаар. Зуслангийн ах эгч нартай найз нартайгаа сууж гитар дарж, сагс тоглох бүрийд л яагаад ч юм бүгд л Тунамалын тухай муу муухайг ярих. Сүүлдээ ч би өөрөө ч тэр ярианд өөрийн эрхгүй үнэмшиж автдаг болсон юм. Зуслангаас буухаас хэдхэн хоногийн өмнө би хотын унаанаас хоцроод алхаж явтал миний урдхан Тунамал алхаж байгаа харагдав. Зүрх минь лүг лүг цохилж арай гэж Сайн байна уу Тунамлаа гэж уруул давуулан үг унагав. Харин Тунамал уйлж байсан бололтой нүүрээ сандран арчаад толгой дохив. Чи зүгээр үү гэхэд Тунамал өөрийн эрхгүй намайг тэврээд уйлж орхив. Би юу хэлэхээ ч мэдэхгүй, яах ёстойг ч мэдэхгүй хий дэмий л битгий уйл, яасан юм бэ гэж болхидуу асуулаа. Тунамалын ээж нь өнгөрсөн жилээс гэнэт л өвдөж онош нь тодрохгүй байсаар сүүлдээ Шар хаданд хэвтэж байгаа аж. Ээж нь гэнэт л хий хоосон зүйл харж, айж орилж хашгирах болсон гэнэ. Сүүлдээ бүр хутга, шанага барихгүй зүйл үгүй болсон тул ээжийг нь аав нь хүчээр Шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн аж. Харин энэ хооронд аав нь гэртээ өөр эмэгтэй авчирч Тунамалыг ээж рүүгээ эмнэлэг явахыг хориглосон тул Тунамал хааяа нууцаар ээжийгээ эргэдэг болсон гэнэ. Ээжийгээ эргэхийн тулд хичээлээ хааяа таслаж бас ангийнхаа багшид л ганцхан бүх үнэнээ ярьж уйлж байсан өдөр нь ангийнх нь хэл амтай Баярмаа гэгч охин ангийн багшдаа хүчиндүүлээд уйлж байсныг нь харсан гэж сургуулиар нь нэг тараасан аж. Арван наймхан настай миний үеийн сайхан охины нэрийг ямар аймшигтай сэвтээж чадсан тэр золбин үгс ямар их чадалтай байдгийг би тэгхэд л ухаарч билээ. Санаатай санамсаргүй байдлаар бусдын тухай уухайлан унагах тэр үгс, түүнд итгэж байсан өөрөөсөө би илүүтэй ичиж азаар харанхуй байсан тул чих минь хүртэл улайхыг Тунамал хараагүй юм. Анх удаа хүн надад итгэж амьдралынхаа зовлонг хуваалцаж, зуслан уруугаа хамтдаа алхсан анхны бөгөөд сүүлчийн тэр үдэш би сэтгэл зүрхээрээ жинхэнэ эр хүн болж ухаан сууснаа бас л тэр үедээ мэдээгүй юм. Хэдийгээр би анхны минь хайрын эзэн Тунамал хэмээх сайхан охинтой эргэн уулзах ерөөл хувь дутсан ч "Золбин үгэнд" үг хийлгүй бусдын үгээр биш өөрийн зүрх сэтгэлээр амьдарч сурахыг сурган таниулсан тэр жилийн Яргайтын зусланд өнгөрөөсөн мартахын аргагүй сайхан агшинг хэзээ ч мартаж чадаагүй билээ л. Аяа арван наймхан настай асан сайхан охин Тунамал минь альхан газар яажшуухан амьдарч байдаг бол доо......

Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015 Чикаго хот. (НОМЫН ХЭСГЭЭС АВАВ)