УИХ-ын 2016 оны Хаврын “отгон” чуулган нээлтээ хийх үеэр УИХ-ын дарга Таван толгойн гэрээний асуудлаар өөрийн байр суурийг дахин илэрхийлэв. Тэрээр өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Таван толгойн гэрээг хийх гэж оролдсон сайдуудыг огцруулах болно гэдгээ хатуу мэдэгдэж байсан.

 

Тэгвэл нэг жилийн дараа тэрээр энэхүү байр сууриндаа бүр ч хатуу зогсож, ордыг үр ашигтай ашиглах шинэ хувилбаруудыг дэвшүүллээ. Таван толгойн ордын коксжих нүүрсийг шууд экспортлож, үлдсэн чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах болон хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлох зэрэг бодит, төлөвлөгөөтэй саналуудыг хэлж байлаа. Тиймээс уг асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдтой цөөн хором ярилцлаа.

 

-2012-2016 оны Улсын Их Хурлын хамгийн сүүлчийн ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх гол асуудлууд юу байх вэ

 

- Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган энэ Улсын Их Хурлын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтой. Энэ удаагийн чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл”, “Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл”, “2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан”, “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн шагналын тухай хуулийн төсөл, “Худалдааны тухай” хуулийн төсөл,“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад хууль тогтоолын төслүүдээс гадна өмнөх чуулганы төгсгөлд баталсан хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд бүгдээрээ, мөн хэлэлцүүлэгт байгаа бусад бүх асуудлууд үргэлжлүүлэн хэлэлцэгдэнэ.

 

 

-Цөмийн энергийг ашиглах хамгаалах, цөмийн аюулаас сэргийлэх чиглэлийн олон улсын конвенцид нэгдэхийн тулд ээлжит бус чуулган зарласан. Гэвч энэ талаар МАН-ынхан ямар ч мэдээлэлгүй байгаа гэдгээ хэлж байсан. Уг конвенцид нэгдээд орчих юм бол манай улсад ураны хаягдал булшлах юм уу?

 

-Иймэрхүү буруу ойлголтыг зориудаар тараагаад байгаа юм. Нэгдүгээрт, энэ бол шинэ зүйл биш. Жил гаруйн өмнө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Засгийн газарт тогтоол гаргаж хүргүүлсэн байдаг. Эдгээр конвенцийн нэрийг дурдаад үүнд орох нь зүйтэй, ажлаа эхэлье гэсэн. Цөмийн аюулгүй байдал гэдэг бол нэг улсын хэмжээнд яригддаг асуудал биш болоод удаж байгаа. Нэг харахад зэвсэг, нэг харахад цахилгаан станцын түлш болдог олон улсын хяналтад байдаг тусгай бодис. Манай улс цөмийн аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн конвенцид нэгдэж орсон байгаа.

 

Цөмийн хаягдалтай холбоотой конвенцид 71 улс нэгдсэн байдаг. Бидний нэгдэж орсон конвенци дотор өөрчлөлт хийхээрээ шинээр бүртгэх гэж байгаа юм. Улс орнууд хийсэн өөрчлөлтийг нь зөвшөөрөх ёстой байдаг. Ийм шалтгаанаар гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Вашингтон хотод болсон цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын өмнө бага хэмжээний цөмийн хаягдлыг биечлэн хамгаалах тухай конвенцийг соёрхон батласан улс орнуудын тоог гүйцээхээр болоод хүсэлт ирсэн. Уг нь бүтэн жилийн өмнө Засгийн газарт өгч байхад энэ ажлаа хийх ёстой байсан. Засгийн газрын зүгээс цагийг нь тулгаж өргөн барьсан. Дээрх асуудлыг хэлэлцэхээр болсон ч МАН-ын гишүүд чуулганд орж ирээгүй. Энэ конвенцитэй холбоотой янз бүрийн цуурхал тараахын оронд конвенцийг нь аваад уншаад үзэх хэрэгтэй. Манай улс шар нунтаг үйлдвэрлэж экспортлох гэж байгаа. Хэд, хэдэн лиценз өгсөн. Мардай гэдэг газар 1960-аад оноос хойш ураны олборлолт явагдаж байсан. Тэгэхээр бид ураны шар нунтаг гаргагч улс. Шар нунтаг үйлдвэрлэдэг маш олон улс байна.

 

Гэхдээ тэд бүгдээрээ ураныг баяжуулж зэвсгийн ч байдаг юм уу, цөмийн түлш болгох эрх байхгүй. Тэгэхээр шар нунтгийн бизнес, түлш болгодог эсвэл зэвсэг болгож хувиргадаг улс маш хатуу хяналтан дор байдаг. Хэдхэн улс л байгаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болох Орос, Хятад, Америк, Англи, Франц. Эдгээр улс зэвсэг ч хийдэг, цөмийн түлш ч хийдэг. Энэ конвенциудын талаар буруу ойлголт зориудаар тараагаад байгааг залруулах нь зүйтэй. Шар нунтаг гаргасан улс нь буцааж авах юм гэнэ гээд байгаа. Харин ч эсрэгээрээ цөмийн хаягдал хаана үүсч байна, тэнд нь булшилна гэх конвенцид бид нэгдэх гэж байсан. Тэр хаягдал манайд гарахгүй. Манайд станц байхгүй болохоор хаягдал гарахгүй гэсэн үг.

 

Манай улсын хувьд шар нунтгаа өгч явуулаад бүх үүрэг, хариуцлага дуусаж байгаа юм. Бид шар нунтгаар юу ч хийхийг сонирхохгүй. Тэрийг худалдаж авч байгаа улсуудын л асуудал. Ийм нарийн заагтай конвенцийг хүссэн хүн бүр аваад уншиж болно. УИХ-ын цахим хуудсанд байж байгаа. Тэнд “А” гээд бичсэн юмыг “Б” байна гэж үзээд хэвлэл мэдээллээр зориуд худал мэдээлэл тараагаад байгаа юм. Засгийн газар дахиад хууль өргөн барьсан. Монгол Улсын хилээр цөмийн хаягдал оруулахгүй гэж. Энэ хуулиа баталъя гэхээр бас улстөржөөд алга болсон. Тэгэхээр цөмийн хог хаягдлыг булах сонирхолтой хүмүүс бий гэдгийг нуухгүй байгаа. МАН-ын гишүүн Г.Занданшатар сайд байхдаа “Энийг булаад хэдэн төгрөг олчихъё” гээд яваад байсныг санаж байна.

 

Цөмийн хаягдлын өмнө зургаа авахуулчихсан байсан. МАН-ын гишүүн байсан, сүүлдээ МАХН-ын гишүүн болсон талийгаач О.Чулуунбат бас булаад мөнгө олж болох юм байна гэж ярьж байсан. Иймэрхүү хүсэлтэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм хүмүүс нь бүгдээрээ МАН-ын гишүүд байгаа юм. Ер нь бол ядуу буурай улс орнууд цөмийн хог хаягдал хадгалаад бөөн мөнгө аваад байна уу гэхээр үгүй. Цөмийн энергийн комиссоос бидэнд гаргаж өгсөн судалгаагаар цөмийн хаягдал хадгалдаг арван тавхан улс байгаа. 15 дотор дээр дурдсан таван улс тавуулаа багтдаг. Дээр нь нэмээд өөртөө олон цөмийн станцтай улсууд ооно. Станц дээр түлшээ хэрэглэлээ яг тэр дор нь хашаан дотроо хадгалдаг технологи л бий. Станцгүй улс түлш авч хадгалж байсан түүх нэг ч байхгүй.

 

Цөмийн аюулгүй байдалтай холбоотой конвенцид бүх дэлхийн улсууд орж байна. Уран үйлдвэрлэж гаргаж байна уу, гаргахгүй байна уу гэдгээсээ үл хамаарч байгаа. Гэхдээ хаягдлын конвенцийн хамгийн гол агуулга бол хаягдал гарч байна, тэр газраа хадгална гэдэг. Маш энгийн ойлгомжтой зүйл бол Монгол Улсад хаягдал гарахгүй болохоор хадгалахгүй гэсэн үг. Дээр нь энэ конвенцид нэгдсэн улс бүр цөмийн хаягдлыг оруулахгүй байх эрхтэй. Тэр эрхийнхээ дагуу бид хуулиа баталж байна. Ийм ойлгомжтой зүйлийг улстөржүүлээд, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нь харин ойлгомжгүй байгаа юм. Хадгалах сонирхолтой улсуудын эрх ашиг нь хөндөгдөөд Засгийн газар хууль санаачлахаар нь эсэргүүцээд байгаа юм болов уу л гэж ойлгогдож байгаа.

 

-Төмөр замын цэрэг бүтээн байгуулалтын ажил эхэлчихлээ. Эхний ээлжийн цэргүүд МСҮТ-д сургалтдаа суугаад эхэлсэн. Бүтээн байгуулалтынх нь ажил хэзээ, хаана эхлэх вэ?

 

-1990-ээд онд барилгын цэргийг ажлын фронтгүй болсон учраас татан буулгасан. 2004 оноос хойш барилгын цэрэг хэрэгцээтэй гэж үзсэн учир дахин байгуулсан. Улаанбаатар, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудад байгууллаа. Барилгын цэргийн ангиудаар өнөөдөр юу хийлгэж байна вэ гэхээр Батлан хамгаалах яам өөрийнхөө мэдлийн ажилчдын орон сууц мэтийг бариулж байгаа. Мөн голдуу хүнд нөхцөлтэй, хөдөө орон нутагт ажилладаг, энгийн хүмүүс очиж ажиллахааргүй засмал зам, төмөр замын бүтээн байгуулалтад ажиллуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Яагаад гэхээр тарифын асуудал байна.

 

Одоо манай өгч байгаа засмал зам барих нэг км-ийн өртөг, төмөр зам барих нэг км-ийн өртөг нь зах зээл рүүгээ ойртож чадахгүй байна. Бульдозорчин юмуу, самосволын жолоочид сая төгрөгийн цалин өгөх хэмжээний мөнгөөр улсын захиалгын ажлыг хийж байгаа. Тэр мөнгөөр хотод амьдардаг залуус цалинжихгүй байна. Замын ажил гэдэг бол зунжин, хаваржин, намаржин хөдөө орон нутагт майханд юмуу гэрт амьдарна. Амрах цаг багатай, ажиллах цаг урт. Тэнд ажиллах цалинг 10 сая болгочихвол хэн ч хамаагүй очиж ажиллах юм шиг байгаа юм.

 

Гэтэл тэр мөнгө улсын төсөвт байдаггүй болохоор замын компаниуд ихэвчлэн гадаад ажилтнуудыг хөлсөлж байна. Тэр хүмүүс нь бас ажилчид биш. Зохион байгуулалттай, цэрэгжсэн хүмүүс ирээд байгаа. Гадаад улсын цэрэгжсэн хүмүүсийг тэжээж байхаар өөрийнхөө цэргүүдийг тэжээх нь зүйн хэрэг. Хугацаат цэргийн албанд явлаа гэхэд эхний гурван сар МСҮТ-д сурч хүнд машин механизмын жолооч, оператор гэхчлэн янз бүрийн мэргэжил эзэмшинэ. Замын ажил хийгээд цалин аваад байр, хоол үнэгүй учраас хуримтлуулаад байж болно. Жилийн дараа цэргээс халагдахдаа үргэлжлүүлэн ажиллахыг хүсвэл гэрээт цэргийн алба хаагчийн гэрээ байгуулаад ажиллаж болно. Үгүй бол халагдаад иргэний компаниудад ажиллаж болно.

 

Нэг ёсондоо цалинтай цэрэг гэсэн үг. Манай одоогийн барилгын цэргийнхэн гэхэд сүүлийн хэдхэн жилд 50, 60 тэрбум төгрөгийн ажил хийж байна. Асгатын мөнгөний орд руу явсан уулын хүнд нөхцөлтэй засмал замыг барилаа. Энгийн компаниуд үнийг нь голоод ордоггүй ажлуудыг хийгээд байгаа юм. Төмөр замын цэрэгт яг өнөөдрийн байдлаар шинээр цэрэгт татагдсан хугацаат цэргийн 650 алба хаагч байгаа. Тэд цэргийн ангидаа хамгийн ойрхон МСҮТ-д сурж байна. Төгсөлтөө хийнэ, дадлагаа хийнэ. Дараа нь Гашуунсухайт юмуу Сайншандын төмөр зам дээр ажиллана. Энэ хоёр төмөр замын ажлыг газар гэсэхээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Зээлийн гэрээнүүд хийгдэж байна. Зээлийн гэрээтэй, гэрээгүй дотоод санхүүжилтээр ажлаа эхлүүлэх хэрэгтэй.

 

Энэ хоёрыг хийхгүй болохоор Тавантолгойн орд үнэ цэнгүй хэвээр байсаар л байна. Бид зүүн тийшээгээ ч тэр, урагшаагаа ч тэр хямд үнээр тээвэрлэж зах зээлд гаргах ёстой. Замаа барих явцдаа мэргэжлийн ажилчид нь цалингаа буухаар архи уугаад алга болдоггүй, сахилга баттай, аль ч компанид очсон гологдохооргүй чамбай улсуудыг бэлтгэхээр зорьж байгаа. Энэ хөтөлбөр хоёр зорилготой. Нэг нь цэрэгт яваад мэргэжилтэй болохын зэрэгцээ хэдэн төгрөгтэй болоод буцаад ир. Нөгөө нь насан туршдаа бүтээн байгуулалтын ажил хийх чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гээд байгаа юм.

 

-Манай улсын нийт өр 21 тэрбум ам.доллар гэж яриад байгаа. Өчигдөр МАН-ынхан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ аль Засгийн газрын үед хамгийн их өр тавьсан бэ гэдгийг тогтоохоор ажлын хэсэг байгуулсан гэж ярьсан. Ер нь МАН, АН хоёрын хэн нь илүү өр тавьчихаад байгаа юм бэ?

 

-21 тэрбум ам.доллар гэх яриаг МАН-ынхан анх ярьсан юм. Өрийн менежментийн тухай хууль бий. Тэр хуульд олон улсын ангиллаар өрөө тооцдог болсон юм. Олон улсын ангиллаар улсын өр гэдэгт бүх өр орж байгаа. Оюутолгойн өр бид нарт хамаагүй шүү дээ. Бид 34 хувиараа л хариуцлага хүлээнэ. Гэтэл Оюутолгойд Рио Тинто компаниас охин компанидаа өгсөн бүх өрийг толгой компаниас охин компанидаа өгсөн өр гээд биччихэж байгаа юм. Нөгөө талдаа хөрөнгө оруулалт гээд байгаа. Тэгэхээр Рио Тинтогоос Оюутолгойд өгсөн зээл бол санхүүгийнхээ стандартаар зээл. Ямар ч хөрөнгө оруулалт биш.

 

Олон жилийн дараа ашгаа олохоор буцааж өгнө. Тэгэхээр бид яаж 11.3 тэрбум ам.долларын өр тавьчихсан юм бэ гээд байдаг. Задаргаа нь бий л дээ. Шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр толгой компаниас охин компанид олгосон зээл долоон тэрбум 61 сая. МАН-ыг засаг барьж байхад хувийн хэвшлийнхэн 2012 оны дунд үе хүртэл 1.088 тэрбум ам.доллар гадаадаас зээлсэн.

 

Арилжааны банкуудын гадаад зээл 541 сая ам.доллар, Хөгжлийн банкных 581 сая ам.доллар, Төв банкных 263 сая ам.доллар, Засгийн газрынх 402 сая ам.доллар, Оюутолгой төсөл дээр гадаад хөрөнгө оруулагчаас Засгийн газар урьдчилгаа авсан нь 250 сая ам.доллар, Тавантолгой төсөл дээр гадаад худалдан авагчаас Засгийн газрын авсан урьдчилгаа 350 сая ам.доллар, Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмших 34 хувийг санхүүжүүлэх зорилгоор гадаад хөрөнгө оруулагчаас авсан зээл 770 сая ам.доллар. Ингээд энэ бүхний нийлбэр 11.307 сая ам.доллар болж байгаа юм. 9.9 гэдэг тоог 2007 оны өрийг хасаад 2008-2012 он гэхээр гарч ирнэ.

 

Янз бүрийн тоо яриад байна гэдэг нь тэр. Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед авсан өрийг бас тооцсон. Өрийн тухайд эхний гурвыг Засгийн газар зайлшгүй төлнө. Дараагийн гурвыг оруулахаар нийт Монгол Улсын өр болж байгаа юм. Яг үнэн хэрэг дээрээ Оюутолгойд орсон их мөнгийг хэзээ ч буцааж төлөхгүй. Оюутолгой төлж чадахгүй байлаа гэхэд Рио Тинто хохироод үлдэнэ. Тэгэхээр Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын төлөх өр энэ бүхнийг ялгах ёстой юм. МАН 20 тэрбум ам.долларын өр гэж бичээд тэрийгээ нийт ард түмнээрээ төлүүлнэ гээд улстөржөөд байгаа учраас дээрх өрийн задаргааг нэг нэгэнгүй тайлагналаа. Энэ графикийг уншигчиддаа хүргэнэ биз. Урьд өмнө Сангийн яам зээл аваад төлөөд л явдаг байлаа. Ямар ч Засгийн газар зээл авна.

 

Зээл авдаггүй Засгийн газар гэж байхгүй. Аль, аль нь зээл авсан байгаа. Авсан зээлээ юунд зарцуулав гэдгээрээл ялгагдана. Харамсалтай нь МАН-ын авсан зээл бол халамжаар тараагдаад дууссан. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед авсан зээл бүгд ямар нэгэн бодитой зүйл, бодитой ажил болсон. Засмал зам, дэд бүтэц, цэвэр бохир усны хангамж, цэвэрлэх байгууламж, 1055 компанид өгсөн зургаан хувийн үйлдвэрлэлийн зээлд зарцуулагдсан. Энэ бүх зээл хугацаандаа төлөгдөөд явна. Харамсалтай нь МАН-ын авсан зээлийн нэг нь ч төлөгдөхгүй. Харин ч балансын гадуур авсан 600 сая ам.долларын зээлийн 400-г нь энэ Засгийн газар төлөөд дуусгаж байна. Яагаад гэвэл энэ Засгийн газрын бонд биш. Компаниудаас хугацаа богино, өндөр хүүтэй авсан зээл.

 

Ийм зээлээсээ түрүүлж салдаг зарчмаараа 400 саяыг нь барагдуулсан байна. Нөгөө муу нэртэй Эрдэнэс Тавантолгой. Гэх мэтээр өр зээлийн тухай яривал ярья. Энэ улстөржсөн яриаг бид эхлээгүй, харин эхэлсэн улсууд нь мэдэж байгаа. МАН-ынхан ажлын хэсэг гаргаад судлаад байх зүйл огт байхгүй. Тайлбар нь байна. Надад байгаа эдгээр материалыг би ажлын хэсэгт нь өгчихье л дөө. Сү.Батболд гишүүн ирээд асуугаад л байна лээ. Ямар их өр яриад байна вэ гэж. Үгүй яагаав, Оюутолгойн зургаан тэрбум орчихсон шүү дээ гэсэн чинь “Аан, тэрийг оруулж болохгүй ш дээ” гэсэн. Тэгээд өөрсдөө л ярьсан шүү дээ. Монголын ард түмэн арилжааны банкуудын авсан зээлийг төлөхгүй. Хувийн хэвшлийнхэн болон шууд хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгийг төлөхгүй. Ард түмэндээ өрөө хувааж байгаа бол ядаж эд нарыг хасах хэрэгтэй.

 

-Тавантолгойн асуудал олны анхаарлын төвд байсаар байна. Таван толгойн ордыг цаашид ямар бодлогоор явуулах вэ. Ер нь Тавантолгой хөдлөх үү.

 

- Өнөөдрөөс нэг жилийн өмнө Улсын Их Хурлын чуулганы нээлтийн үеэр Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцээгүй тухай, энэ гэрээг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг талаар би байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд маш хариуцлагатай хандсан. Улсын Их Хурлын Ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан.

 

Тавантолгойн ордыг ашиглах компани санхүүгийн хүнд байдалд орж, хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан нь Улсын Их Хурлын Ажлын хэсгийн дүгнэлтээр болон энэ компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласнаар батлагдаж байна. “ММС” болон “Энержи Ресурс” компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг Улсын Их Хурлын Ажлын хэсэг илрүүлсэн.

 

Компанийнхаа өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг Улсын Их Хурал хэзээ ч зөвшөөрөхгүй. Би энэ байр сууриндаа хатуу зогсох болно. Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг дахин хэлье. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх “ММС” компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа.

 

Энэ бүхнээс харахад Улсын Их Хурлын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараах Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж чадсан. Тавантолгойн нүүрсний ордыг Монгол Улс цаашид хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Тавантолгойн нүүрсний орд бол коксжих нүүрс, чулуун нүүрс аль алиныг нь агуулсан дэлхийд ховорт тооцогдох том орд. Тавантолгойн ордын коксжих нүүрсийг бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулна. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай.

 

Хоёр төмөр замаа энэ хавар барьж эхэлнэ. Гол нь төмөр зам барих. Үнэ өндөр байхад машинаар зөөгөөд ашигтай ажиллаж болдог байсан бол үнэ уначихаар төмөр замаар тээхээс өөр аргагүй болж байгаа. Таван толгойн ордын коксжих нүүрсийг шууд экспортлож, үлдсэн чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах болон хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлох зэрэг төлөвлөгөө бий. Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах бодит, ойрын ирээдүй мөн.

 

-Иргэдийн хүлээж байгаа 1072 ширхэг хувьцаа хэдийгээс идэвхжжих вэ?

 

-1072 ширхэг хувьцааг бүх иргэддээ тараагаад өгчихсөн. Одоо чиний болон миний нэр дээр хувьцаа хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байна. Хөдөө явж байхдаа иргэдтэй уулзахаар “Бид нар хэзээ хувьцаагаа зарах эрхтэй болох вэ” гэж асуугаад байгаа. Хэзээ нүүрсний үнэ сайжирна, хэзээ Гашуунсухайт Тавантолгойн төмөр зам тавигдана, хэзээ бид нар япон улстай хамтраад Улаанбаатарыг синтетик байгалийн хийгээр хангадаг болно тэр үед хувьцаагаа зарж болно. Тавантолгойн коксжих нүүрсийг тэртээ тэргүй гангийн үйлдвэрүүд худалдан авч байгаа. Үлдэж байгаа чулуун нүүрсийг Шинхуа компани угаасаа авахгүй гэсэн.

 

Тэр гологдол нүүрсээр газ, хуванцар үйлдвэрлэх зорилго тавьж байгаа. Улаанбаатарыг хангах хэмжээний газ үйлдвэрлэнэ. Хятадын “Синопек” компанитай ярьсан яриа нефтийн үнэ буурснаас болоод зогсчихсон. Цаад газар маань “Нефтийн үнэ хэтэрхий бага байгаа болохоор төсөл ашиггүй болсон. Тиймээс бид нефтийн үнэ өсөхийг хүлээж байна” гэх хариу өгч байгаа. Япон улстай бид нефтийн үнэ хэд байхаас үл хамаараад газ болон хуванцар үйлдвэрлэх түүхий эд ярих учраас одооноос төлөвлөлтөө хийе, нефтийн үнэ үргэлж ийм доошоо байхгүй гэдэг яриа эхлүүлж байна.

 

 

потекийн зээл хэрэгжиж эхэлснээсээ хойш иргэдийн дунд анхаарал татсан сэдэв хэвээр байна. Найман хувь байсан зээлийг таван хувь руу шилжүүллээ. Гэсэн ч нийт иргэдийн дунд хүлээлт байгаа. Хэзээ бүрэн таван хувь руу шилжих гэх мэт.

 

 

-Ардчилсан нам УИХ-д олуулаа болоод олон ажил эхлүүлсний нэг бол Ипотекийн зээл юм. 2013 онд орон сууцны найман хувийн зээл эхэлснээр 78 мянган өрх шинээр тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэж, жилд дунджаар 1322000 м2 орон сууц ашиглалтад орж байна. 2008 онд барилгын салбарт 50 мянган хүн ажиллаж байсан бол одоо 96 мянган хүн ажиллаж байх жишээтэй. Ипотекийн 8 хувийн зээлээс 5 хувь руу шилжиж буй шилжилтийн хувьд, Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 434 айл, 21 аймагт 17017 айл 8 хувиас 5 хувь руу шилжихийг зөвшөөрсөн байгаа. Энэ онд л гэхэд Улаанбаатар хотод шинээр 6282 өрх, хөдөө орон нутагт 3500 орчим өрх нийтдээ 10 мянга гаруй өрх айл 5 хувийн зээлд хамрагдах тооцоо байна.

 

Таван хувь руу шилжих нөхцлийн хувьд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, алслагдсан гурван дүүрэг, 21 аймагт иргэд таван хувийн зээлээр орон сууцанд орох нөхцөл бүрдчихээд байгаа. Би чуулганы завсарлагааны хугацаанд хөдөө орон нутагт ажиллах үеэрээ аймгуудын Төрийн банкны үйл ажиллагаатай танилцах үеэр ипотекийн 8 хувийн зээлээс 5 хувь руу шилжиж буй иргэдтэй уулзсан. Хэдийнээ бодит ажил болоод эхэлсэн байгаа. Ипотекийн зээлийн үр ашгийн хувьд зөвхөн 5 хувийн зээлээр байранд орсон айлуудын асуудал биш, харин ипотекийн зээлийн нөлөө нь барилга, барилгын материал, зураг төсөл, дотоод засал, тавилга гэх мэт хоорондоо уялдаа холбоо бүхий барилгын салбарыг чирж явдаг. Олон монголчуудыг ажилтай, орлоготой байлгадаг. Цаашдаа макро эдийн засгийн орчин сайжирвал үлдсэн 8 хувийг жилийн 5 хувийн хүүтэй болгож, 80 метр квадратын хязгаарыг чөлөөлнө.

 

-Малчдын зээлийн хүүг бууруулсан ч зээл хязгаарлагдмал байгаа. Хэзээнээс бүрэн хэрэгжиж эхлэх вэ. Мөн малчдын зээлийн босго өндөр байна гэх юм?

 

-Малаа эрүүл болгосон малчинд нээлттэй. Бүх малчинд өгөх бололцоогүй. Бүх малчны зээлийн хүүг 29.5 хувиас 18 болгосон. 18 хувийн хүү бол ямар нэгэн шалгуургүйгээр бууруулж байгаа. Малчин хүн өөрөө ч ирэхгүйгээр зээлийн хүүгээ бууруулж байна. ХААН банкныхан хүүгээ бууруулахгүй байна. ХААН банкинд зээлтэй олон хүн бий. Малчны зээл гэж малынхаа улсын тооллогын дүнгээр барьцаалж таван сая төгрөг дотор байдаг зээл. Малчин айлууд түгээмэл авдаг.

 

Тийм барьцаа, баталгаатай хөрөнгөтэй зээлийг Төрийн банк анх удаа зээлийнхээ хүүг 18 хувь болгочихсон. ХААН банкинд зээлтэй байгаа малчин хүүгээ бууруулъя гэвэл банкин дээрээ очно. Банк нь хүнд суртал гаргаад байвал Төрийн банк руу шилжиж болно. Төрийн банк тэр бүх зээлийг даах хэмжээний чадвартай байгаа. Сайн малчны зээл бол тусдаа. Тэр бол малчин данстай байх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн байх, малаа эрүүлжүүлсэн байх гурван болзолтой.

 

Ийм гурван болзлыг шаардахаас өөр арга байхгүй. Эцсийн зорилго бол 200 мянган малчин айлаа нэг тэрбум ам.долларын махны экспорт хийх хэмжээнд малаа эрүүлжүүлэх. Нэг тэрбум ам.долларын ам.долларын экспорт гэдэг бол өнөөдрийн Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтыг хоёроор үржүүлсэнтэй тэнцэнэ. Хоёр “Эрдэнэт” үйлдвэрийн гаргадаг хэмжээний экспортыг 200 мянган малчин өрхөөрөө дамжуулаад гаргачихъя гэж байгаа юм.

 

Энэ экспортын орлого бол 200 мянган малчин өрхөд хуваарилагдаж очно. Монголчууд бидний өмнө хөдөө аж ахуйн шинэ боломжууд нээлттэй байна. Эрүүл малтай байж, хөрш орнуудын зах зээл дээр хүчтэй өрсөлдөх ёстой. МАА-н үйлдвэрлэл нь маx, сүү, ноос, ноолуур, арьс ширээр хязгаарлагдахгүй. Тийм учраас Тавантолгойд биш таван хошуу малаараа хөгжье гэж хэлээд байгаа нь энэ. Тавантолгой бол Эрдэнэс Тавантолгойг тооцохгүй бол “Энержи ресурс” гэдэг компани бол ерөөсөө хорьхон гэр бүл. Хорьхон гэр бүлийн өмчлөлийн Тавантолгой дээр бид маш их цаг алдаж байгаа.

 

Тэр 20 гэр бүл улсын дэмжлэгтэй байна уу, дэмжлэггүй байна уу биеэ аваад явах чадвартай боломжийн хангалуун айлууд байгаа. Харин 200 мянган айлынхаа амин зуулга болсон нэг тэрбум ам.долларын экспортод Монгол Улс дутуу анхаарч ирсэн. Р.Бурмаа гэдэг хүн ХХААХҮ-ийн сайд болсноосоо хойш анх удаа Вьетнам болон Хятад улс руу хөлдөөсөн, улаан мах гаргадаг эрх олж авлаа. Махаа гаргая гэтэл Хятадын малын эмч ирээд 21 аймгийн таваас нь мах авъя гэсэн.

 

Яагаад гэхээр сүүлийн гурван жил малын өвчин гарсан аймгаас мах авдаггүй юм байна. Хуучин малын өвчин гарахад улсаараа хаагддаг байсан бол одоо аймаг аймгаараа хаагдаж, нээгдэж байгаа. Мах гаргаж буй аймгууд Бургастайн боомтоор махаа гаргаад эхэлсэн. Бусад нь малаа эрүүлжүүлэхгүй бол цаашдаа махны экспорт хийж чадахгүй. Малаа эрүүлжүүлэх ажил нь олон жил уриа лоозон байсан бол одоо бодитоор хэрэгжээд ажил хэрэг болж эхэлсэн.

 

Засгийн газар Монголбанкнаас бага хүүтэй зээл аваад Төрийн банкинд өгч байгаа. Төрийн банк тэрийг нь зардлаа шингээж 10 хувийн хүүтэй болгоод малчдад өгч байгаа. Энэ бол хадгаламж дээр суурилаагүй зээл учраас 10 хувийн бага хүүтэй байгаа. Зорилго нь гурван жилдээ бүх аймгаа малын өвчингүй болгох. Ирээдүйн 200 мянган малчин өрхийг мах экспортлогч болгохын төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Ер нь бид мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалангийнхаа салбарт хөрөнгө оруулалт хийж байсан ч хангалтгүй байсан.