Эвий минь дээ, хэдэн муу залуусаа гоочилж харийнхныг шүтэх үзэлд нэвт нэрвэгдчихсэн барилгын салбарт хүч бяраа үзэж яваа үндэсний цөөнхид хөндлөнгөөс дайх үг байна.

Монгол Улсын бүтээн байгуулалтын хөрсөнд хэдийнэ харийн үр үндэслэж үндэсний технологи, школ гэх зүйл баларч буй энэ цаг үед монгол залуусаа бүтээн байгуулалтын гол зэвсэг болгож тэднийг мэргэжилтэй, чадавхжсан ажиллах хүчин болгоё. Ингэхийн тулд мэдээж энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг их, дээд сургууль, барилгын коллеж, МСҮТ-үүдийн сургалт, арга барилыг чанаржуулахад төрөөс анхааръя. Ямагт энэ салбарт “юко” үнэлгээ авсаар байдаг Хятад, Солонгос, Вьетнам иргэнийг энд хийх ажилгүй болтол нь шахъя.

Монгол залуус тэднээс юугаараа дутуу юм. Тэгэхээр надад хэлэх үг байна. Энэ салбарын ажиллах хүчний хар хайрцагны бодлогыг мэргэжилтэй, чадвартай үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлье.

Манайдаа л барилгын салбарт нэлээд амжилттай яваа нэгэн компанийн захирлын хэлснээр “харийнхан, цагаа ягштал барьж, архи, тамхинд төдийлөн цаг зориулдаггүй юм гэнэ. Тэд дээд тушаалтныхаа үгнээс зөрдөггүй, нэг дор бүгдийг нь биш юм аа гэхэд зогсолтгүй гар нь хөдөлсөөр хийж дуусгадаг нь ажлын бүтээмжид нь илт нөлөөлдөг...” гэх Монгол залуусд ч байдаг чанаруудыг хуруу даран тоочно билээ. Миний л хувьд эдгээр жагсаалт тийм ч чухал санагдаагүй гэдгээ нуумааргүй байна.

Тэгвэл гүдэсхэн, гүндүүгүй, тайван амгалан гэгддэг өнөөх хөх монголын хөх харчуулд дээрх тодорхойлолт тохирохгүй боллоо, ажил олгогчид оо. Монгол залуус чадавхжиж, боловсорч байна. Худлаа гэвэл гарнаасаа салсан ч модоор Монгол гэрийн хэв загварыг шинэчилж хачин уран нарийн хээ сийлбэр бүхий өргөө бүтээж байгаа олон зуун залуусыг саяхны ҮОНТ-ээр харсан уу. Би андуураагүй бол “Амьдралын үргэлжлэл...” гэх нэвтрүүлэг тэднийг ийн ил болгосон. Энэ дутуу санагдаад байгаа бол Монгол залуус хачин их зориг, тэнхээтэй болж байна. Тэд чин зүрхний зоригтнууд. Арга ч үгүй биз. Тэдний цусанд энэ чанар бий. Үүний жишээ болсон эгэл баатруудыг сонин хэвлэлээр бишгүй л тодруулдаг даа.

Тэд минь оюуны өндөр чадвартнууд. “Монголын оюун ухааны академи”-ийг зориуд нэрлэмээр байна. Хатанбаатар гэх залуугийн ур ухааны модноос ургаж дэлхийн мянга мянган залуусыг гайхашруулж байгаа залуус харийнхнаас яаж дор үнэлүүлэх юм бэ. Улс төр, авлига, ханцуйн доторх хэлэлцээ наймаа бугшсан гэх балчиг, намагтай нийгэм дунд чимээгүйхэн ургаж, өндийж байгаа монголын энэ мэт залуучуудыг хэдий болтол танай салбарынхан голж харийн хазгай хэлтнүүдэд хүрд эргүүлж, хүүхнүүдийг нь богтлох боломж олгосоор байх вэ.

Бурууг бусдаас бус өөрсдөөсөө хайцгаая. Цаг барьж, архи хэрэглэдэггүй, “босс”-уудынхаа өмнөөс хэлээ залгичихсан юм шиг байгаагүйнхээ төлөө тэд автоматаар энэ салбараас шахагдаж, үгүй бол туслах ажилтнаас дээшээ ахьдаггүй гунигт тавилантай болчихсон бурууг энэ салбарын толгойд сандайлж суучихаад буухгүй байгаа эрхмүүд үүрцгээ. Тэгээгүйсэн бол барилгын салбарт 30 мянган харь залуус ажлын амттайг нь нугалж, 1-2 сая төгрөг халааслаж байх зуурт манай улсын хөдөлмөрийн чадвартай 100 гаруй мянган залуусын 40-өөд мянга нь солонгосыг зорьж хамаг залуу насаа харийнхны бүтээн байгуулалтад зориулахгүй байлаа. Тэгээгүйсэн бол энэ тооны охид бусдын хүүхдийг тээж орон гэр эзэнгүйдэхгүй байв. Тэгээгүйсэн бол...

Харийнхныг хаан мэт үнэлээгүйсэн бол...

Харьд суугаа залуусынхаа хүчийг эх оронд нь ашиглая. 2012 оны эхний таван сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 58.2 мянга болж ажилгүйчүүд өмнөх оны мөн үеийнхээс 15.4 мянган хүнээр нэмэгдсэн бол 2013 оны нэгдүгээр сарын эцэст 37.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 21 мянган хүнээр буюу 36 хувиар буурч, харин 2012 оны жилийн эцсийнхээс 4 хувь буюу 1435 хүнээр өсчээ.

Хэзээд хүний мөрөөсөл болсон энэ салбарт бодлогоор залуусаа бэлтгэе. Хөдөлмөрийн төв биржээс гаргасан судалгаанаас нийт ажлын байрны хүлээлтийн 51.9 хувь буюу 11819 нэн эрэлттэй 20 мэргэжлийн ажил байна гэнэ. Эдгээрийн 61.5 хувь буюу 7269 нь барилга , уул уурхай үйлдвэрлэлийн салбарт ногдож байгаа аж.

Барилгын угсралтын туслах ажилчин, засалчин, шаварчин, арматурчин, гагнуурчин, өрлөгчин , барилгачин, мужаан мөн зам индүүдлэгийн ажилтан, уул уурхайн салбарын хүнд даацын машин,том тэрэгний жолооч, өрмийн мастер, уурхайчин, үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан, хөдөлгүүрийн засварчин зэрэг ажил мэргэжлүүд илүү эрэлттэй байна гэдгийг хэлж байна. Тэгвэл надад хэлэх үг байна.

Багшийн их сургуулийн баруун урд хэсэгт байрлах “Тавтай морилно уу” гэх PC тоглоомын газарт өчигдрийн 20 цагийн орчимд л гэхэд 40-өөд компьютер завгүй анивчиж 16-26 насны залуус хашгичин элдэв янзын тоглоом тоглох нь хамгийн ойрын эмгэнэл байлаа. Тэднийг энэ салбарын өнөөх эрэлттэй 20-иод мэргэжлээр бэлтгэвэл ямар сайхан бэ. Тэд энэ газрын хаалга нээгдэх мөчөөс эхлэн хүлээж байгаад хаалга хааж гэрэл нь унтартал хашгиран тоглодог үнэнч үйлчлүүлэгчид нь гэнэ ээ. Бүтээн байгуулалт ундарч 100, зуун мянгаар нь барилга барьж гэр хорооллыг орон сууцжуулах гээд байгаа улсын залуус энэ мэт газруудыг дүүргэж болох уу, Боловсролын сайд аа. Тэдгээр залуусын ярианаас ажиглавал, оюутнууд гэдэг нь илт байна. Тэднийг хэн ийм тоглох завтай байлгаад байна вэ. Үүнээс нэгэн бодол хөвөрнө. Хөдөлмөрийн насны ажилгүйчүүдийн нэлээд хэсгийг өнөөх их, дээд сургууль бэлтгээд байна уу. Диплом өвөртөлсөн, мэдлэг чадваргүй татвар төлөгчдын мөнгөөр цалинжигчдыг тэгвэл энэ салбарт цахилгаанчин, арматурч, засал чимэглэл, засварчин, өрлөгчнөөр бэлтгэе л дээ. Тоглох завгүй байлгая.

Өндийж мэргэшсэн өнөөх хэсэг залуус ийм тоглоом эргүүлсэн дипломын гол бологсдын балагаар баллуурдагдсаар байна. Эдгээр PC тоглогчдын дараагийн амрах газар нь мэдээж архи, пивоны мухлаг байгаа нь энэ цагийн эгэл үнэн байна. Эмгэнэл ч юм уу даа.

М.Мөнхтунгалаг