Сайн байцгаана уу. Энэ цахим хуудсаар зочилоод нилээд удаж байна. Эхнэрээ зоддог нөхөр, хэрүүлтэй гэр бүл, хүүхдээ бодоод тэвчдэг эцэг, эх гээд зөндөө л олон хүний зовлонг уншсан.

Тэгээд бусдад хэрэг болж магадгүй гэсэн үүднээс өөрийнхөө амьдралын нэгээхэн хэсгийг хуваалцъя гэж бодлоо. Би 20 орчим настай энгийн л нэгэн оюутан хүү. Туулсан амьдралын туршлага бага ч эдгээр хүмүүсийн хүүхдэд хэрэг болж болохуйц ихийг үзсэн. Юунаас ч болдог байсан юм бага байхаас л аав ээж 2 үе үе хэрэлддэг заримдаа аав ээжид гар ч хүрдэг байлаа. Надад харуулахгүй гэсэндээ цаанаа байж бай гээд өрөөгөө түгжээд хэрэлдэх тэр хоёр, юу ч хийхээ мэдэхгүй дэмий уйлж суух би, маргааш нь эвлэрээд хөгжилтэй нь аргагүй хоолоо хийцгээх тэр хоёр, өчигдрөөсөө салж амжаагүй гайхан зогсох би. Одоо бодоход миний амьдралын хөндүүр үе тэр л байсан. Бага ангид байсан нэг л өдөр урьдынх шиг маргааш тохиогоогүй. Бид дахин нэг гэрт хоноогүй. Би хэнийг ч буруутгадаггүй. Аав ээж хоёр маань 2 лаа л сайн хүмүүс байсан хоорондоо л тохироогүй. Би аав ээж хоёрыгоо салсанд хэзээ ч харамсдаггүй ээ. Харин ч зөв шийдвэр гэж боддог. Мэдээж эхэндээ амаргүй байсан байх л даа. Гэхдээ одоо тусдаа ч гэсэн аль алинтай нь уулзаад явж байгаа нь амар байдаг. Гэм нь надад бусад хүүхэд шиг гэр бүлийн аз жаргалтай дурсамж ховорхон байдаг. Бага насаа санах бүрт л тэдгээр хэрүүл уруултай, хүйтэн өдрүүд л санаанд түрүүлж буудаг. Эндээс юуг хэлэх гэсэн бэ гэхээр: Аав ээжийнхээ хэрүүлийг харах шиг зовлон үр хүүхдэд байдаггүй. Хэзээ ч битгий хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж байгаарай. Салалтыг дэмжиж байгаа юм биш шүү. Гэхдээ миний хувьд тэр 2-н гаргасан шийдвэрийг зөв гэж боддог. Энэнээс илүү сонголт байсныг үгүйсгэхгүй ч лав л одоо бид 3 нэгэн дээвэр дор бус ч өөр өөрсдийнхөөрөө сайхан л амьдарч байна. Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүнийг өшиглөж, цохих эрх хэвлий дотор нь байгаа үрт нь л байдаг!