С.Зориг агсны эхнэр Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусчээ
2016/08/31
-СЭЖИГТНҮҮД ТАЛИЙГААЧИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ҮҮ-
Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн эхнэр Б.Булганыг нь цагдан хориод олон сар болж байна. “Маш нууц” гэх нэрийн дор буй энэ хэрэгт Б.Булганыг шалгаад дуусч буй гэсэн мэдээллийг хуулийн байгууллагын эх сурвалж өглөө. Эх сурвалж “Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулаад дууссан. Хэргийг хараахан прокурорт шилжүүлээгүй байна” гэв. Нэг үгээр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт хэргийг шилжүүлэхэд дөхөж байгаа гэнэ. Мөн өнгөрсөн оны сүүлчээр Б.Булгантай хамт С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй гэсэн хоёр иргэнийг Орхон аймгаас баривчилж, цагдан хорьсон байдаг. Тэдний гэм буруутай эсэхийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа мөн дуусч, хавтаст хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхэд бэлэн болжээ. Харин сэжигтэн этгээдүүд талийгаачийн амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл чих дэлсэв.
Хуулийн эх сурвалжийн мэдээллээр анх гурван хүнийг сэжиглэн барьсан байдаг. Тэднийг Содномдаржаа, Чимгээ, Ганхуяг гэдэг тухай өмнө нь хэвлэлээр мэдээлж байв. Тэдний нэгийг хуулийнхан батлан даалтад гаргасан гэх мэдээлэл ч байдаг. Дээрх сэжигтнүүдийн нэгийнх нь ээж Жавзмаа нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Би үнэхээр гараа сарвайтал бичиг бичлээ. Үртэй хүний гол тасрахгүй. Үхчихдэггүй л юм бол би хөлөө хүрэх газар хүртэл явна. Явахгүй байж би чадахгүй. Би Ц.Нямдорж гишүүнд бас бичсэн юм. Ганцхан тэр хүн надтай утсаар ярьсан. Хөөрхий минь ёстой их санаа нь зовсон шүү дээ.
Миний бүх учир байдлыг тэвчээртэй утсаар сонссон. Тэгээд надаас “Таны хүү өмнө нь хэрэг төвөгт орж байсан уу гэж асуусан. Би үгүй ээ, миний хүү ерөөсөө хэрэг төвөгт орж байгаагүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Нямдорж гишүүн наадах чинь яасан хэцүү явдал вэ. Би таны хүүг ингэж ярилцлаа гээд шоронгоос гаргачих биш. Бүх юм маш төвөгтэй шүү дээ. Би чадахаараа л анхаарал хандуулъя. Та өөрөө сэтгэлийн хаттай байгаарай гэж хэлсэн. Үртэй хүний гол тасрахгүй. Хоёр ч өмгөөлөгч аваад чадлаараа л явж байна даа. Хүүгийнхээ төлөө би юунаас ч айхгүй. Юугаа ч харамлахгүй. Эцсээ хүртэл үзнэ л гэж бодож байгаа. Даанч надад чадал алга” хэмээсэн байдаг.
Эх сурвалжийн мэдээллээр дээрх сэжигтнүүд нэр бүхий улстөрч агсны малчид болохыг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон гэж буй. Мөн дээрх улстөрчийн малыг хариулдаг нэгэн эмэгтэйн үс хэргийн газраас олдсон тул баривчлан хорьсон гэдэг. Үсийг Япон улсад шинжлүүлсний дүнд ДНК нь бүрэн нийлж байгааг баталсан гэх мэдээлэл бий. Харин сэжигтэн этгээдүүдийн эзэн нь одоогоор амьд бус гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Юутай ч С. Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийнхний эргэн тойронд ийм мэдээлэл байна. Харин энэ хэргийн талаар хэн юу гэж ярьсныг тоймлон эргэн сануулъя.
Улс төр, стратеги судлалын төвийн тэргүүн, улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Сонгууль өнгөрчихлөө аль хэдийнэ Ерөнхий сайд нь солигдчихлоо. Цагдаа, тагнуулынхан ч гэсэн тэнэг биш. Удирдлагууд нь өнөө маргаашгүй солигдоно. Бусад хүмүүс ч ажил дээрээ үлдэх эсэх нь тодорхойгүй. Улстөрчдийн захиалгаар ажилладаг үй олон хүн хүчний байгууллагад байгаа. Тэднийг цэвэрлэх хэрэгтэй. Дээр нь шинэ Засгийн газар байгуулагдангуут Б.Булганы асуудлыг яаралтай шалгаж, шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэх байна. Ерөнхий сайдад болон УИХ-ын дарга М.Энхболд нарт биечлэн хандаж Б.Булганы асуудлаар хүсэлт тавина гэж бодож байгаа. Яагаад түүнийг олон cap хорж тарчлаан зовоов. Хэрэв үндэслэл байгаа бол шалгаж, дараагийн шатанд нь шилжүүлж өгч, хамгийн гол нь ил тод мэдээлэлтэй байлгах хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна”.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байгаа юм байна гэдэг нь ажиглагдсан. Хоёрдугаарт, Ардчилсан оронд хүнийг маш нууц обьект мэтээр олон түмнээс, ар гэрээс нь, УИХ-ын гишүүдээс нууж болдог тогтолцоон доторх ардчилсан бус тогтолцоо үүсчихсэн байна. Энэ тогтолцоог яаралтай цэгцлэх шаардлагатай. Ийм тогтолцоо Ардчилсан оронд байх ёсгүй. Сүүлийн 20 гаруй жил хүний эрхийг хамгаалж олон газраар явж үзсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг хүнийг нуудаг ийм сонин тогтолцоо манай улсад байна гэж зүүдлээ ч үгүй. Энэ бүхнийг хууль хэрэгжүүлэх байгууллагуудын гар, хөл оролцоод хийж байгаа нь Ардчилсан засаглалтай оронд байж боломгүй үйлдэл. Б.Булганыг залхаан цээрлүүлж байгаа шинж тэмдэг олон ажиглагдсан” гэжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зориг агсны гэр бүлийн хүн Б.Булганы ээжээс ирсэн өргөдлийг манай байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий прокурорт шилжүүлж, шалгуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэний ч эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Хэн нэгнийг эрүүдэн шүүх замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглодог… Миний бие ӨБХ-ны даргын хувьд прокурорт хүсэлт гаргаж, Б.Булгантай уулзах бодолтой байгаа. Тэр хүнийг шалгаж байгаа нөхцөл байдлыг биечлэн харахыг хүсч байна. Аливаа хэргийг шалгахдаа монгол хүний үндсэн эрхийг эдлүүлэх ёстой. Хэрэв зөрчил байгаа бол түүний эсрэг хуулийн арга хэмжээ авна” гэж дуугарсан бол Ё.Сагсай хэлэхдээ “Талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэг. Үүнд цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нэгэнт хэрэг маань нууцын зэрэгтэй явж байгаа учир ажлын хэсгийн үр дүн гэдэг чухал. Ар гэр, шаардлагатай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдийг уулзуулах асуудал журам зааврын дагуу шийдүүлж болох байх. Энэ бүх өргөдөлтэй танилцсаны дараа албан ёсоор хариуг өгнө” гэж хэлсэн байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хэрэг ямар шалтгаанаар нууцын зэрэглэлд орсон гэдэг албан ёсны тайлбараа УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлбэл сайн байна. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хууль хэрэгжүүлэхийг шаардах эрх нь УИХ-ын гишүүнд байдаг. Б.Булган гэж хүний хорих хугацааг сунгасантай холбоотой түүний ээж Д.Байгалмаа надтай яриад “Би 80 гарсан хүний хувьд эрүүл мэнд хүнд байна. Гэхдээ нөхцөл байдлыг тэвчээртэй харж байгаа. Хамгийн гол нь үр хүүхэдтэйгээ уулзмаар байна” гэсэн.
Б.Булганы ээж Д.Байгалмаа “Эх хүний хувьд хэлэхэд миний охин шоронд орохоор хэрэг хийгээгүй. Өөрийнх нь байж байгаа байдал, амьдралын нөхцөлийг хар. Монгол Улсад үйлчилдэг хууль дүрмийг биелүүлдэг болохын төлөө хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн бүх л хүмүүс дуугарч надад туслаач гэж хэлье. Өндөр настай надад хийж чадах юм алга. Монголд байгаа хууль дүрмийг хэрэгжүүлэхэд түлхэц болох байгууллага байвал бидэнд туслаач. Энэ талаар дуугараач. Хүний төлөө анхаарахаа байчихсан нийгэм юм биш үү, энэ нийгэм чинь. Ардчилал гээд л байдаг. Энэ ардчиллыг нас өндөр болсон надад бодитоор харуулаач. Охинтойгоо эсэн мэнд уулзмаар байна. Бушуухан гаргаж авмаар байна. Түүний С.Зоригтой суусан зургаан жилийн амьдралыг харахад тэд хэн нэгнээ алчихаар ширүүн, догшин харилцаатай байгаагүй. Ер нь ямар эмэгтэй хүн нөхрийгөө маргааш Ерөнхий сайд болно гэж байхад хүмүүстэй нийлж алах юм бэ. Тийм хүнийг би лав мэдэхгүй. Тэр тусмаа манай охин хэзээ ч тийм муу зүйл хийхгүй. Булганыг минь хар шуурга шиг юм дайраад л өнгөрсөн. Охин минь золиос болж 17 жил явлаа. 17 жилийн турш үргэлж сэтгэлийн шаналалтай явсан” гэсэн байна. Тэгвэл олон улсын байгууллагууд байр сууриа илэрхийлээд байгаа. Тухайлбал “Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буй болон сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад тайлан, зөвлөмж ирүүлсэн.
Үүнд “Эх үүсвэрүүдийн нотолж байгаагаар, гэм буруугүйн презумпцийг үл хүндэтгэхээс гадна Булганыг Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчин хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлснээс хойш түүнийг ийнхүү хоёр дахь удаа хорьсон байна. ...С.Зоригийн амь насыг хороосонтой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу шударга ёс ялахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийхийг дахин зөвлөмж болгож байна. С.Зоригийн бэлэвсэн эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой мэдээ сонсоод, мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна. Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан түүнийг даруй суллахыг уриалъя. Түүнийг хэрэгт сэжигтнээр татах ямар нэг нотлох шинэ баримт байгаа бол зөв зохистой ажиллагааны хэм хэмжээг, түүний дотор гэм буруутайг нотолсон шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруутайд тооцохгүй байх эрхийг бүрэн хэмжээгээр ямагт дээдлэн хүндэх ёстой. Урьд өмнө мөрдөн байцаах ажиллагааны явцад сэжигтэнтэй буруу харьцаж, албадан мэдүүлэг гаргуулж байсан. Тухайлбал, мөрдөн байцаах ажиллагаа дөнгөж эхлэх үед дээрхийн төстэй нөхцөлд Булганы анх баривчилж байсантай холбогдуулан хэд хэдэн тохиолдолд, санаа зовниж байгаагаа илэрхийлж байсныг мартаж болохгүй. Хороо энэхүү хэргийг үргэлжлүүлэн судалж, зохих ёсоор эргэж тайлагнахыг хүсч байна” гэжээ.
Г.ЯЛГУУН
ЗочинЗочин · 2016/08/31
Энэ бол атигар мангас Элбэгдоржийн найруулгаар дэглэгдэж байгаа хорлонт хошин шог жүжиг гэдгийг монголын хүн толгойтой болгоно нь мэдэж байгаа сэдэв. Энэ хэрэгт хамаатай гэрч байцаагч гээд л олон хүн хорлонт алуурчины гарт алуулчихаад байхад яаж үнэн илрэхэв дээ. Ээлжит гүжир гүтгэлгийн ялтан л гарч ирж таараа.
Зочин · 2016/08/31
nice