Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагаа болон 2014 оны төлөвлөгөөний талаар мэдээллээ.

Н.Алтанхуяг: "Өнгөрсөн онд ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх чиглэлээр Монголбанктай хамтран багц хөтөлбөр хэрэгжүүлж, цалин орлогоос хумслагч инфляцид илүү нөлөөлдөг гол нэрийн бараа, бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнийг дунд хугацаанд хазаарлаж чадлаа. Үр дагавартай нь бус үндсэн шалтгааныг нь арилгахаар ажиллав. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх үндэс шалтгааныг нь арилгах дэд хөтөлбөрүүдэд 248 тэрбум төгрөгийг олгосон.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд гурилын үнэ тогтвортой байж, нөөцийн махаар тасралтгүй хангаж чадлаа. Иргэдэд очих нүүрсний үнийг 2.5 дахин бууруулж, 200 мянган төгрөг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөг болтол хямдруулсан. Шатахууны үнэ 50 төгрөгөөр хямдрав. Машинтай иргэн жилдээ 200 гаруй мянган төгрөг хэмнэх боллоо. Бараа бүтээгдэхүүн зах зээлдээ хүрч ирэх хугацаа, зардал багасав. Төмөр замд 20 зүтгүүр, 1000 вагон нэмж, ачаа тээвэрлэх хүчин чадал өслөө. Барилгын үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн, түүний дотор үндсэн хэрэгцээ болсон цемент тонныг нь 165 мянган төгрөгөөс 135 мянга болгон хямдрууллаа. Өргөн хэрэглээний барааг Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 24 цагийн дотор тээвэрлэдэг болсон" гэлээ.

Мөн хямд, чанартай орон сууцаар ард иргэдээ хангах ажлыг эрчимжүүлэв. Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэн эрэлт, нийлүүлэлтийн талаас нь зэрэг дэмжиж өгсөн. Үүнд: “Төрийн орон сууцны корпораци” /ТОСК/-ийг байгууллаа. Орон сууц нийлүүлэлтийг дэмжиж 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хот, хөдөөгийн 70 гаруй компанид олгосон. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, импорт, гаалийн албан татвараас чөлөөлөх жагсаалт гаргаж, 156 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгов. Барилгын импортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрт 129 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо.

"Цалин орлоготой бол байр сууцтай" 8 хувийн ипотекийн зээл шинээр олгож эхэлснээр сарын дотор 29 мянган өрхөд хүрэв. 17 мянган өрхийн зээлийн хүү хоёр дахин багассан. Нийтэд чиглэсэн халамжийн бодлогоос татгалзаж, хавтгайрсан биш илүү хэрэгтэй, эзнээ олсон, иргэндээ хаяглаж хүрсэн нийгмийн хамгааллын бодлогод шилжих эхлэлийг тавив. Үүнд,14 хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд жилд нэг удаа олгодог 60 мянган төгрөгийг 120 мянга, 2 болон 3 ихэр хүүхдэд олгодог байсан 120, 180 мянган төгрөгийг 1-3 сая төгрөгт хүргэж нэмэгдүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны зардлын 90 мянган төгрөгийг 200 мянга болгож, хараагүй иргэний сар бүрийн тэтгэмж болох 10 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүллээ. Хүн амын 35 хувийг эзэлдэг 930,000 бяцхан иргэддээ "Хүүхдийн мөнгө"-ийг олгож эхэллээ. "Хүүхдийн мөнгө" авахдаа дараалалд зогсох шаардлагагүй боллоо. Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвүүд хилийн чанадад ажиллаж эхлэв. Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэтгэврийн даатгалд хамруулах, гадаад улс оронд төлсөн шимтгэлийг нь буцаан олгуулах зэрэг эн тэргүүний хэрэгцээ шаардлагатай үйлчилгээ үзүүлж байна. Эрчим хүчний хэмнэлт, ухаалаг хэрэглээг урамшуулж дэмжсэн үнэ тариф мөрдөгдөж эхэлсэн.
Сард 150 КВт.цаг хүртэлх хэрэглээний үнийг өсгөхгүйгээр хэмнэлтийг дэмжив гэлээ. Өнгөрсөн онд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлогын үр дүнгээр 2013 онд 52 мянган иргэн ажилтай, орлоготой болжээ.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн, 192 мянган төгрөгөөр тогтоосон байна. Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машины үйлчилгээг нэвтрүүлснээр зөвхөн нийслэлд суурилуулсан 17 машинаас таван сарын дотор 54 мянган иргэн үйлчилгээ авч, тэрбум төгрөг хэмнэж чаджээ.  Сурагчдын 70 хувь нь "Монголд үйлдвэрлэв" шошготой, илүү чанар, өнгө үзэмжтэй шинэ дүрэмт хувцас өмсөж байгаа. Монгол мэргэжилтний ур хийц, монгол ажилчны сэтгэл зүтгэлээр 350.000 гаруй дүрэмт хувцасыг дотоодын 100 гаруй үйлдвэр хүч боломжоо хамтатган бүтээж, 1300 гаруй ажлын байр баталгаажсан байна.  Засгийн газраас зээлээр олгосон 23 тэрбум төгрөгийг дүрэмт хувцас борлуулсан орлогоос буцаан төвлөрүүлэх юм.

Өнгөрсөн онд бүтээн байгуулалтын ажлууд  нэлээд хийгдсэн.  Жишээ нь, 450 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Таван толгойн цахилгаан станц 2017 онд ашиглалтад орно. Шинэ станцын бүтээн байгуулалтад бондын хөрөнгөөс 50 сая ам.доллар зарцуулах бөгөөд Тавантолгойн уурхайг түшиглэсэн станц Монгол Улсын өсөн нэмэгдсээр байгаа эрчим хүч, гэрэл цахилгааны хэрэглээг хангана. V цахилгаан станцын барилгын ажлыг 2014 оны 7 дугаар сард эхлүүлэхээр боллоо. Концессийн гэрээний дагуу гурван жил хагасын дотор ашиглалтад хүлээлгэн өгнө. Нийслэлийн зүүн хэсгийн 50 гаруй мянган айл өрх өнтэй өвөлжих найдвартай эх үүсвэр болох Амгалан дулааны станцын барилгын ажил эхэллээ. Ирэх оны 10 дугаар сард бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орно. Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт эрчим хүч, 180 Гкал дулаанаар нэмэхээр ажиллаж байна. Уралын турбины үйлдвэрийн Т-120/130 маркын турбогенератор суурилуулж, энэ оны 3-р улиралд ашиглалтад оруулна. Гуравдугаар цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөн, энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Улаанбаатарын цахилгаан дулааны шинэ эх үүсвэр ашиглалтад хүртэл хэрэглээний өсөлтийг найдвартай хангах болсон. Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд 50 МВт-ын том чадлын салхин цахилгаан станц ашиглалтад оруулав. Салхин цахилгаан станц 50 мянган айл өрхийг хангах 30 гаруй МВт-ын эрчим хүч нийлүүлж байна. Жилд 150.000 тонн нүүрс хэмнэж, хүлэмжийн хийн ялгарлыг 180.000 тонноор багасгасан" хэмээн мэдээлсэн юм.

Түүнчлэн Замын-Үүд боомтыг өргөтгөн шинэчилж, хоёр терминалтай болгон, ачаа эргэлт 2-3 дахин нэмэгджээ. Жилд 50 сая тонн ачаа тээвэрлэн, экспортын бүтээгдэхүүнээ зах зээлд нь хүргэх төмөр замын бүтээн байгуулалт өрнөв. Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын ажил төлөвлөсөн ёсоор 40 хувьтай үргэлжилж байгаа аж.  1.5 тэрбум ам.долларын "Чингис бонд" амжилттай арилжаалсан нь дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангасан давхар үр өгөөж өгсөн байна.

"Гудамж" төслөөр энэ онд дөрвөн замын уулзвар 33-ыг ашиглалтад оруулахаас өнөөдрийн байдлаар 18-ыг нь нээгээд байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 184 мянган өрх буюу 700 мянган иргэний амьдрах орчныг үндсээр нь өөрчилж, Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлыг арилгахыг зорьж байгаа ажээ. Өнгөрсөн онд 1700 км замыг бүрэн дуусгаж хүлээж авсан байна.

Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд Монголбанктай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 2014 оны батлагдсан төсвийн хүрээнд тэтгэврийг 90 орчим тэрбум төгрөгөөр, цалинг 110 орчим тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлэх юм байна.  Замын салбарт энэ онд бий болгосон амжилтаа ирэх жил ахиулах хүсэл зорилготойгоор ажиллана. Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох аж.

"Гудамж" төслийн хүрээнд нэмж 15 уулзварыг ашиглалтад оруулснаар 2 жилийн хугацаанд нийтдээ 33 уулзварыг шинэчлэх бөгөөд энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад мэдэгдэхүйц үр дүн гарна гэж үзэж байгаа бололтой.

Шинэчлэлийн Засгийн газраас ойрын  гурван жилдээ утааг эрс бууруулах зорилго тавьсан билээ. Энэ ондоо утааны шийдлийг зарлаж, ажлуудыг эхлүүлнэ гэж байх юм. Уг нь одоо өвлийн дэн хүйтний цаг дуусах дөхөж байгаа. Ид утааны цагаар багасгаж чадах ажил хийхгүй байж, дулаарах дөхөөд ирэхээр утааг багасгах ажил хийсэн хийгээгүй өөрөө багасдаг шүү дээ. За яахав ирэх өвөл утааг багасгахаар ямар ажил хийхийг нь харж байя. Гэхдээ л утаа эхлэх цагаас өмнө ажлаа хэрэгжүүлж үр дүн гаргаасай билээ.

Үр хүүхэд минь утаатай Нийслэлд бойжиж, мөнгөтэй томчууд харь улсад өвөлжөөд хавар, намар, зун нь Монголоо гэх болоод удаж буй. Энэ байдал хурдан шийдэгдэж, хэзээ бид нэг уртаараа амьсгаа авдаг болох юм бол доо. Гэхдээ утаатай тэмцэхэд иргэн бүр, эрх мэдэлтэн, албан тушаалтан хэн хэнийхэн оролцоо маш чухал гэдгийг хаа хаанаа эерэгээр хүлээж авч үзэх хэрэгтэй.

Ингэж байж л Нийслэлчүүд бид утаанаасаа сална. Улс төрчид нь талцахгүй байж утааг хүртэл бүү улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Нийслэлийн утааг багасгахад "тамын тогооны үлгэр шиг" байвал нэгнээ дэмжиж ажиллахгүй нэг нэгнийхээ хийж байгаа ажил, авч буй аргыг ажил хэрэг болгохгүй доош нь татаад байвал ажил явахгүй шүү.

Х.Даваа