БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран "Хүүхдэд ээлтэй цэцэрлэг" төслийг амжилттай хэрэгжүүлснээ Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгийн жишээ нь дээр танилцуулсан гэх мэдээлэл гарах боллоо.

Хүүхдийн цэцэрлэг, сургууль бүгд л хүүхдэд ээлтэй тэдний төлөө гэсэн багш, сурган хүмүүжүүлэгч нар байдаг гэж би боддог. Гэтэл энэ "Хүүхдэд ээлтэй цэцэрлэг", "Хүүхдэд ээлтэй сургууль" гэдэг үгийг сонсоод гайхшрал төрснөө нуулгүй хэлье.

Хүүхдийн сурч боловсрох, хүүхдийг соён гэгээрүүлэх үйлсэд нь хувь нэмэр оруулж байдаг цэцэрлэг нь тэдэнд ээлтэй хандаж, тэдэнд инээд хөөрийг бэлэглэдэг. Харин Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа цэцэрлэг, сургуулиуд бүгдээрээ хүүхдэд ээлгүй болж таарлаа.

Учир нь Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй төвийн болон захын 38 цэцэрлэгт гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Хүүхэд, эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих таатай орчин бий болгож эцэг, эхчүүдийнх нь хөгжилд оролцуулахыг зорьжээ.

Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг хэрхэн хүмүүжүүлдэг, боловсрол, мэдлэг олгодог туршлагаасаа хуваалцсан гэнэ. Тэд 7 хоногийн ажлын 5 өдөр хүүхдүүдээ хүлээн авч ажилладаг. Энэ хугацаанд ч бас ангийн хүүхдүүдэдээ хэл яриаг хөгжүүлэх хичээл, дуу хөгжим, тоо тоололын хичээл зэргийг зааж сургадаг л баймаар.

Манай улсын цэцэрлэгүүдэд нэг ангид ангийн багш, туслах багш гэж үндсэн 2 багштай. Гэтэл эцэг, эхчүүд ч тэр багш нар ч адилхан. Ангийн багш хичээл заадаг мундаг багш. Харин туслах багш хүүдүүдийн бохирдуулсан аяга таваг, шал угаах зэргийг хийдэг гэсэн ойлголттой байдаг. Энэ нь боловсролын буруу тогтолцоо гэдгийг хаа хаанаа мэддэггүй байх. Мэдсэн ч энэ буруу ойлголтоо засахыг хүсдэггүй байж мэднэ.

Нэгэн жишээ дурдахад, Японд улсын цэцэрлэг манайхтай адил 2 багштай. Ангийн багш хүүхдүүдэд хичээлээ заана. Мөн туслах багш цэвэрлэгээний ажлаа хийдэг. Гэхдээ 7 хоногт 2-3 удаа сурагчдадаа хичээл заах үүрэгтэй байдаг. Нэг ёсондоо ангийн багш, туслах багш 2 адил тэнцүү үүрэгтэй. Гэтэл манайд энэ бүгд эсрэгээрээ гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Аягүй бол туслах багш хичээл заагаад зогсож байвал эвэртэй туулай үзсэн мэт зарим нэг эцэг, эх нь уурлаж мэднэ. Яагаад гэвэл манайд зөвхөн ангийн багш л хичээл заадаг гэсэн буруу ойлголттойгоор явдаг болохоор тэр.

Ер нь хүүхдэд ээлгүй цэцэрлэг гэж юу байхав. Энэ төслийнхээ нэрийг буруу өгчээ. Тухайлбал, "хүүхдийн суралцах орчинг сайжруулах", "Хүүхдэд тохирсон орчин" төсөл гэх мэт нэр хайрлаж болно доо.

Хийж бүтээж байгааг нь муулж, хэн нэгнийг буруутгахгүй гэсэнгүй. Аливаа үйл ажиллагаа төсөлд нэр өгөхдөө бодож үзэж баймаарсан гэдгийг дайхыг хүссэн юм.

Түүнчлэн цэцэрлэгийн багш нарын хүүхдүүдэдээ хэр юм зааж сургасан бэ? гэдгийг яамнаас шалгахдаа зөвхөн багшийн цаасан дээр буулгасан тайлангаар дүгнэдэг хэмээн олон багш нар ярьдаг. Энэ нь багш нарт хүүхдүүдэдээ хичээлийн заахад төвөг учруулдаг гэж ярихыг хэд хэдэн багшийн амнаас сонсож байсан. Уг нь багшийн юу заасныг бичсэн тайлангаар нь биш юу сургасан бэ гэдгээр нь дүгнэдэг болмоор юм.

Шалгалтын багийнхан тухайн ангийн хүүхдүүдийн юу мэдсэнийг бодитоор асууж шалгадаг болох цаг нь болсон. Ангийн багш яамын болон энэ тэндээс ирэх шалгалт дөхөөд ирэхээр бичиг цаастайгаа зууралдаад хүүхдүүдэдээ тухайн өдрийн заах хичээлээ орж амждаггүй гэдэг.

Цалин мөнгийн ч бас тэрхүү бичиг тайлангаар нь дүгнэдэг байна. Гэтэл бодит байдал дээр хүүхдүүд үнэхээр сурч мэдэх ёстой зүйлээ бүрэн гүйцэд олж авч байна уу? гэдэг нь асуудалтай байгаа юм.

Х.Даваа