Даншигаар биднийг дамшигласаар байх уу
2018/06/29
Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр 2017 оны эхний найман сард Монгол Улсад 339 649 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 56 мянгаар өссөн үзүүлэлт аж. Монголыг зорих жуулчдын тоо ийн өссөн шалтгааныг манай төр, засгийн түшээдийн сайных, тэд зөв зүйтэй бодлого явуулсных гэж бодож байна уу.
“Жуулчид олноор ирдэг долоо, наймдугаар сард үзэж харах юм ихтэй байлгах үүднээс “Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээ зохион байгуулж байхаар боллоо” хэмээн гурван жилийн өмнөөс зохиож ирсэн Даншиг наадмын ач тус лав үүнд бараг алга. Өнгөрсөн жилийн Даншигийг гэхэд 46 газраар зуучлуулсан 750 орчим жуулчин л ирж үзсэн байх юм. Жуулчдыг татах зорилгоор тасалбарыг нь үнэгүй тараагаад байхад шүү дээ.
Өмнөх хоёр жилийнх нь статистик ямархуу байсныг нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан нарийн тооцож гаргаж амжаагүй гэнэ. Харин Үндэсний их баяр наадмаар манайд жил бүр хамгийн багадаа 6000 гаруй жуулчин ирдэг бөгөөд Төв цэнгэлдэхэд нээлт, хаалт үзэх тасалбар хүрэлцээтэй, хамгийн гол нь хүндрэл чирэгдэлгүй байдаг сан бол гадаадынхан гар татахгүй хошуурдаг байна.
Үндэсний зан заншил, соёл, түүх, уламжлалыг олон нийтэд сурталчлах боломжтой чухал арга хэмжээ гэх тодотголтой Даншиг наадмыг 2015 онд анх зохион байгуулахдаа 480 шахам сая төгрөг зарцуулсан бол дараа жил нь 500 гаруй саяыг зориулсан. Харин өнгөрсөн жил Хүй долоон худагт ган гачигтай, дээрээс нь мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тул морь уралдуулалгүй, Төв цэнгэлдэхэд шашин, соёлын арга хэмжээ зохиож, бөх барилдуулснаар зардал нь илт буурсан л гэдэг.
Гэхдээ яг хэдэн төгрөгөөр Даншиг зохион байгуулж, үр дүнд нь хэдий хэмжээний орлого олсноо хотын захиргааныхан ихээхэн нууцалж буй. Тэгвэл өнөө жилийн “Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээг наймдугаар сарын 4-5-нд Хүй долоон худагт урьд урьдынхаас ч өргөн зохион байгуулах болжээ. Төсөв нь мөн л нууц бололтой. Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаас энэ тухай асуухад тэмээ гэхээр өөдөөс ямаа гэдэг шиг “Мөнх тэнгэр” хэмээх бас нэг наадмын тухай яриад унав.
Ямартай ч улсын баяр наадмаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Хүй мандлын дэнжид дахиад 256 бөх барилдуулж, азарга, их нас, соёолон насны морьд уралдуулж, сур, шагайн харваа зохиох нь. Даншигийн бөх, морь, сурын бай шагнал улсын наадмын байтай адилхан байдгийг энд сануулахад илүүдэхгүй биз. Олон нүсэр баяр наадам ар араас нь угсруулан зохиож, түрүүлсэн бөхөд (Даншигийн арслан) 15 сая төгрөг өгөөд байх хэмжээний бэл бэнчинтэй улс манайх мөн бил үү. Даншигийн ач тус, үр өгөөжийг хамгийн их хүртдэг хүмүүс нь бөхчүүд, уяачид гэхэд хилсдэхгүй. Гэвч олгойндоо ч, тогоондоо ч багтаж шингэхээ байсан өнөөгийн монгол бөхчүүдийн байр байдлаас харахад цол нь улам нэрмээс болж хэрүүл, талцал нэмэхээс хэтэрдэггүй.
Нэгэнт “Даншиг наадам-Хүрээ цам” жуулчдын сонирхлыг тэгтлээ татахгүй, зорилгоосоо гажаад байгаа бол энэ арга хэмжээг улсын наадамтай хамтатгавал дээр бус уу. Тэртээ тэргүй наадмаар Хүй долоон худагт “Сэрсэн тал” гээд 10 жилийн түүхтэй соёлын наадам болдог шүү дээ. Морь, бөхөөс илүүтэй энэ арга хэмжээг харин ч гадаадынхан их сониучирхан үздэг. Жилийн жилд зөвхөн тус соёлын наадмыг л зорин ирж үздэг жуулчид хүртэл байдаг юм билээ. Даншигаар түмэн олонд үзүүлж, ид
хавыг нь “гайхуулах” гээд байгаа Хүрээ цам тэргүүт шашны уламжлалт зан үйлүүдээ соёлын наадмын үеэр толилуулбал харин ч жуулчдад илүү хүрэх юм бил үү. Даншиг өргөх ёслол бол Монголын шарын шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазарыг сэнтийд нь залах үеэс эхлэлтэй баяр наадам. Тиймээс утга, агуулгын хувьд соёлын наадамтай хамтатган түмэнд үзүүлэхэд болохгүй гэх шалтгаан үгүй санагдана.
Монголчуудын найр наадам, баяр цэнгэл ихэдсэн үү л гэхээс ер багадаагүй. Багийн, сумын, аймгийн, аймгийн төвийн, бүсийн, улсын наадам, даншиг, дээрээс нь элдэв ойн арга хэмжээнүүд нэмэгдэнэ. Хавтгайрсан найр наадам, хөл хөөртэй элдэв баяруудаас залхсан зарим нь эхнээсээ орон нутагтаа наадам тэмдэглэхээс татгалзаж эхэлсэн таатай мэдээ энэ зуурт дуулдав.
Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Хангайн бүсийн хурдан морины зуны уралдааныг Булган аймагт, Төвийн бүсийнхийг Орхон, Зүүн бүсийнхийг Сүхбаатар, Говийн бүсийнхийг Дорноговьд долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар тогтсон. “Баруун бүсийн хурдан морины зуны уралдааны товыг яагаад зарласангүй үлдээв” гэж та гайхаж байна уу. Баруун бүсийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байсан Завханд гандуу, дээрээс нь малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа тул аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ уралдааныг нутагтаа явуулах боломжгүй гэдэг саналаа ирүүлсэн юм байна.
Тиймээс Баруун бүсийн уралдааныг хуваарьт оруулаагүй аж. Бүсийн уралдааныг аймагтаа зохион байгуулахаас татгалзаж “зүрхэлсэн” анхны Засаг даргад баяр хүргэе. Хаврын болон зуны бүсийн уралдаануудыг зохион байгууллаа гээд тухайн нутаг усныханд үнэндээ юу ч (хурдан морины зурагтай хэдэн хуанлиг эс тооцвол) наалддаггүй. Харин ч малын гоц халдварт өвчин тархах аюул нүүрлүүлж, гантай газар нутгийг нь улаан шороогоор л булдаг.
Одоохондоо эрүүл саруул ухаанаар үүнийг бодож тунгаах сөхөө манайханд үгүй тул Сүхбаатарчууд шиг Баруун бүсийн уралдааныг аль нэг аймаг нь уухайн тас “шүүрч аваад” удахгүй зохион байгуулах биз. Тус аймгийнхан төрийн тахилгат Алтан дарь овооны тэнгэрийг тайх ёслолынхоо маргаашаас шууд үргэлжлүүлээд Зүүн бүсийн хурдан морины зуны уралдааныг аймагтаа хоёр өдөр зохион байгуулах юм билээ. Яаж Алтан овооны тахилгатайгаа хамтатган хийж, Дарьганга нутгаа, Ганга нуураа улаанаар нь эргүүлчихээгүй юм. Энэ тухай саяхан “Хэтийдсэн хийрхэл буюу Төрийн тахилга” нийтлэлдээ бичиж байв.
Улс, аймгийн алдарт уяач гэсэн сэтэр зүүхийн тулд аймаг, бүсийн уралдаануудад төдөн удаа айраг, түрүү авсан байх ёстой гэдэг шалгуур буй. Тэр өндөрлөгт хүрэх гэсэн уяачдын хувьд уралдаан будлиулах, эрлийз, монгол морьдыг ялгах гэсэн хүмүүсийг барьж авч “гөвөх” зэрэг бол энүүхэнд. Хурдан морины комиссын гишүүн, төрсөн нутгийнхаа залуугийн машины түлхүүрийг аваад хот руу “оргож” хэдэн өдөр чангалсан хөгтэй явдал ч нэгэн аймагт гарч байв.
Уул, овоо тахиж, Даншиг наадам хийж, бүсийн уралдаан зохион байгуулснаар монгол түмний буян заяа тэгширч, хийморь сүлд нь дээрддэг бол тэнгэрээс мөддөө бууж ирэхээргүй болтлоо л хангалттай их наадаж цэнгэлээ. Сумынхаа, аймгийнхаа, нийслэлийнхээ, улсынхаа авдар дахь мөнгийг хуу хамаад, уруу нь харуулж гөвөөд ч хамаагүй баяр наадам тэмдэглэсний хэргийг хэзээ үзнэ гэж ийм байдалтай явсаар байх вэ. “Хөөрсөн хүмүүс, хөлстэй морьд хараагүй биш. Улсын наадмаа л үзчихвэл болоо доо” гэдэг байсан монгол өвгөдийн ухаан эрхбиш нэгийг бодуулмаар.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумынхан ирэх сарын 5, 6-нд Үндэсний их баяр наадам, сумынхаа 81 жилийн ойг тэмдэглэхээр товоо зарласан байснаа уржигдар болиулсныг дуулаад тэдний өмнөөс ямар их баярлав. “Тэртээ тэргүй аймгийнхаа наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байж дахиад сумын наадам тусдаа хийж, давхар зардал гаргаад дэмий. Тэр мөнгийг сум орон нутгийнхаа хөгжилд зарцуулсан нь дээр” гэсэн ард иргэдийнхээ саналыг Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дэмжсэн юм билээ.
Аймагтайгаа “барьцаад” заавал наадам хийдэг, морь уралдуулж, бөх барилдуулан, бас болоогүй сумын цол хүртэл олгодог ийм гаж уламжлал Монголын бүх аймагт бий. Харин одооноос орон нутгийнхан энэ мэт завхралыг халах санаачилга гаргаж эхэлсэн нь сайн хэрэг. Сумын наадам зохион байгуулахад дор хаяж таван сая төгрөг зарцуулдаг. Тэр мөнгөөр сумандаа хэрэгтэй хөрөнгө оруулалт хийвэл өөрсдөө л хожно.
Жирийн нэг сумаас үлгэр жишээ авч, Даншигийг улсын наадамтай хамтатган зохион байгуулаад, хэмнэсэн мөнгөө нийслэл өвөлжилтийн бэлтгэлээ базаахад нэмэрлэж, Гандантэгчэнлин хийдийнхэн сүм, дуган, дацангийнхаа дотоод орчныг сайжруулахад зориулж бас болно оо доо.
Л.Ганчимэг
Өнөөдөр сонин
ЗОЧИН · 2018/06/29
ХУЛГАЙЧУУДЫН МӨНГӨ ИДЭХ АРГА.