Өөрөө ч мэдэлгүй хүүхдийнхээ амьдралыг бусниулдаг 10 төрлийн эцэг эх
2019/01/05
Сэтгэл судлаачид хүүхдэд нөлөөлөх эцэг эхчүүдийн зан авирын тухай ихээхэн судалгаа явуулдаг. Доор дурдах 10 зан авир бол таны өөрөө мэдэхгүй боловч хүүхдэд нөлөө үзүүлдэг "хорт" үйлдлүүд юм. Та анхааран уншаарай.
10. "Надаас ай, гэхдээ намайг хайрла."
Сэтгэл санааны дайралт бол хайр, анхаарал халамжаас өөр зүйл. Ийм төрлийн гэр бүлд амьдарч байгаа хүүхэд эцэг эхийнхээ түлхүүрээ хэрхэн шидэж, хэрхэн алхаж байгаа зэргээс тэдний сэтгэл санааны байдлыг мэддэг болдог. Ингэснээр айдас, дарамт үүсч эхэлдэг. Ийм төрлийн эцэг эхчүүд хүүхдийнхээ багахан үйлдэлд ч уурлаж бухимдан, "Чиний төлөө бүхнийг хийж байхад ямар ч талархал байхгүй шүү" гэж хэлдэг. Үүний хариуд хүүхдээсээ хайр нэхнэ гэдэг хэцүү зүйл.
9. "Чи насанд хүрсэн хүмүүст тулгардаг асуудлуудыг шийдэж, хүлээн авч сурах хэрэгтэй, гэхдээ чамд ямар ч эрх байхгүй."
Хорт зан авир гаргадаг гэр бүлд эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрсдийн хариуцлагыг үүрүүлдэг. Жишээ нь аав нь архи ууснаар өөрийгөө тайвшруулдаг гэж ойлговол өөрсдийн муу зуршлыг ч мөн хүүхдүүд тэгж ойлгох магадлалтай. Хүүхдэд хуваалцаж боломгүй тийм зүйл ярьж, хэт эрт том хүний хэцүү асуудлуудыг толгойд нь чихэх юм бол үүний дараа хүүхдүүд хамаагүй эрт олон зүйлд санаа зовдог болдог. Эцэг эхийнхээ оронд өөрийгөө тавьж, тэдний өмнөөс дүгнэлт гаргах ч үнэндээ өөрийн бодлоо илэрхийлж чаддаггүй.
8. Шилдэг нь бай. Гэхдээ өөрийгөө онцгой гэж найдах хэрэггүй.
Нарциссист эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгийн дээр байж, бүхнийг манлайлах ёстой мэтээр боддог. Маш өчүүхэн ч бай ололт амжилт хүүхдүүдийн маш их хичээл зүтгэлийн ачаар бий болдог. Гэхдээ үргэлж хатуу ширүүн үг хэлж, хэт шахах нь хүүхдийг ирээдүйд хэзээ ч хангалттай байж чадахгүй мэт, эцэг эхийнхээ сэтгэлд хэзээ ч хүрэхгүй мэт санагдуулдаг.
7. Надтай нээлттэй ярилц, гэхдээ тоглоом тохуу хийхэд хүндээр хүлээж аваад байх хэрэггүй.
Ийм төрлийн эцэг эх хүүхдүүдээ хүчээр яриулахыг хүсдэг, заримдаа мэдрэмжээ хуваалцаагүйн төлөө хүүхдийг өөрөө гэмтэй мэт мэдрүүлдэг. Гэтэл дараа нь хүүхдэд хүнд тусах зүйлс болдог. Хамаатан садан, хөрш, өөрийн найз зэрэгт хүүхдийнхээ хуваалцсан зүйлийг ярих. Сэтгэлээ онгойлгон ярьтал өөдөөс нь шоолж, тоглоом тохуу хийж, яриаг нь гуйвуулах.
6. Чи тааруухан, тиймээс илүү дээр болох гэсний хэрэггүй.
Өөртөө итгэх итгэлгүй байх тусам хүүхдүүдийг удирдахад амар. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдийнхээ сул тал, өөг гаргаж ирэн ярьдаг. Илүүдэл жин, хоолойн өнгө, хувцаслалт гэх мэт. Тэднийг ийм байдлаар шахаж, дарамтанд оруулж байгаа мэт боловч дараа нь хүүхэд ямар нэгэн шинэ зүйл туршиж, хийж үзэх гэхэд нь харин эсэргүүцдэг. Ингэснээр нэг ёсондоо хүүхдийг өөрөөсөө хамааралтай байлгаж, өөрөө илүү хүчтэй байхыг эрмэзлэж байна гэсэн үг юм.
5. Өөрийгөө улам дайчил, ирээдүйн тухай төлөвлөгөөгөө март.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ амжилтанд хүргэхийг хүсдэг ч яаж гэдэг нь тэдэнд хамаагүй байдаг. Жишээ нь гэрээсээ хэзээ ч явахгүйгээр мундаг карьертэй болно гэж боддог. Нарциссист эцэг эх хоёр шалтгаанаар хүүхдийнхээ амжилтыг хүсдэг.
1. Тэдэнд бусдад гайхуулж, атаархуулан ярих зүйл бий боллоо гэсэн үг.
2. Амжилттай яваа хүүхдүүд илүү сайхан амьдралыг тэдэнд бий болгож өгнө.
Заримдаа ийм төрлийн эцэг эх хүүхдүүддээ хүрэх гэсэн мөрөөдөл нь маш хол, биелэх магадлал бага гэж бодогдуулдаг.
4. Миний үгийг сонсож, дага. Гэхдээ бүтэлгүйтвэл өөрийгөө буруутга.
Хүүхдүүдээ яг л эд зүйл мэт харсан байдаг. Юу хийх, хэнтэй уулзах, хэзээ ирэх, яаж амьдрах гээд бүгдийг заахыг оролдоно. Гэхдээ ямар нэг зүйл буруу болох юм бол энэ тэдний биш хүүхдийн буруу болдог.
3. Эндээс зайл. Гэхдээ намайг ганцааранг минь битгий үлдээ.
Эрүүл харилцаатай гэр бүлд эцэг эхчүүд нь хүүхдээ бие дааж, өөрсдийнхөөрөө амьдрахад нь тусалж, дэмждэг. Харин хорт зан авиртай эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч явуулдаггүй. Бас ямагт гэр орон, мөнгө, тэдэнд өгч буй хоолоо ярина. Тэд хүүхдээ хажуудаа байнга байлгаж, хүссэнээрээ байлгахыг хүсдэг.
2. Бидний тусламжийг хүлээж ав. Гэхдээ биднийг ашиглахаа боль.
Ийм төрлийн эцэг эхчүүд хүүхдэд өөрт нь тийм ч хэрэгтэй биш зүйлийг санал болгож, өгөхийг хүсдэг. Харин хүүхэд үүнийг өөрт нь анхаарал тавьж бас хань татсандаа хийж байна гэж бодоод хүлээн авч, хариуд нь ямар нэг зүйл хийхийг хүснэ. Гэхдээ энэ бүхэн сайнаар дуусахгүй. Ямар нэг юм болох л юм бол эцэг эхчүүд өмнө нь өгсөн юм, тусалсан зүйлээ ярьж эхлэх болно.
Хүүхдүүд ийм үед хоригдол болж орхино:
1. Хэрэв эцэг эхийнхээ тусламжаас татгалзах юм бол. Татгалзвал бүдүүлэг зан гаргасан юм шиг санагдах болохоор чаддаггүй.
2. Тусламжийг нь хүлээн авбал. Хүүхдүүд байнга талархах ёстой юм шиг байж, тэдэнд хэрэг л гарвал очих ёстой мэт болно.
1. Надад итгэ. Гэхдээ байнга болгоомжтой бай.
Хувийн амьдрал? Хувийн орон зай? Ийм төрлийн эцэг эхтэй хүүхдүүдэд тийм зүйл байхгүй.
Өөрөө хувьдаа байртай байлаа ч гэсэн тэд илүү түлхүүртэй байхаас цааргалахгүй. Бас хүүхдүүд нь бүх асуултад байнга хариулж байх ёстой мэт байдаг. "Яагаад энэ аягаа угаагаагүй юм?", "Ийм зүйлд яагаад мөнгө үрдэг юм бэ?" гэх мэт. Ийм эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн орон зайд хүндэтгэлтэй харьцдаггүй.
Ийм эцэг эхтэй учраа хэрхэн олох вэ?
Насанд хүрсэн хүмүүст хүртэл энэ бол хэцүү асуудал. Гэхдээ өөрт байгаа эрхийг ухамсарлах хэрэгтэй:
- Өөрийн гэсэн гэртэй болж, өөрийн дүрмийг зохиох.
- Бусад хамаатан садны хүмүүсийн асуудлыг шийдэхэд оролцохгүй байх.
- Өөрийн хувийн орон зайг хамгаалах.
- Өөрийн туршлагыг бий болгож, эцэг эх тань "би үүнийг илүү мэднэ" гэх үед тоохгүй байж, өөрийн аргаар шийдэх.
- Мөнгө, цаг хугацаа, боломж, ажил гээд бүх зүйлийг өөрөө л шийдэх.
- Эцэг эхийнхээ биш өөрийн хүслийг дагах.
Юу ч болсон эцэг эх, үр хүүхдүүд бүгд өөр өөрийн гэсэн амьдралтай, өөрсдийн оюун ухаан, сэтгэлгээтэй гэдгийг санах нь хамгийн чухал. Бүхнийг өөрийн хүслээр байлгана гэдэг боломжгүй зүйл агаад хүчилсэн харилцаа бүхнийг нураадаг.