Иргэдийн фэйсбүүкийн нууц үгийг мэдэж аваад бусдыг залилж байсан бүлэг хүнийг Дундговь аймгийн Цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж эхэллээ. Улсын хэмжээнд зохион байгуулж буй, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд уг хэргийг илрүүлсэн бөгөөд иргэн А, Л, Н, Д нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх хүмүүс өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байсан аж. 

Тэд тус аймгийн Сайнцагаан, Баянжаргалан, Адаацаг сумын иргэдийг залилсан нь шалгалтаар тодорхой болжээ. Орон нутгийн иргэдийн фэйсбүүкт нэвтрэх нууц үг нь тогтооход амар, ихэвчлэн дөрвөн оронтой тоо, регистрийн болон утасны дугаарынхаа сүүлийн дөрвөн цифрийг хэрэглэдгийг ашиглан фэйсбүүкт нь нэвтэрдэг байж.

Улмаар мессенжерийг нь ашиглан найзууд руу нь “Мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн дээрх гурван сумын долоон иргэнээс 50-500 мянган төгрөг залилан авснаа хүлээсэн байна. Тус аймгийн цагдаагийнхан тэдний эсрэг маш нарийн арга тактик хэрэглэн олж тогтоон, баривчилжээ. Мөрдөн байцаалтын явцад 19 настай оюутан залуу нь мөн л фэйсбүүкээр бусдыг залилсан хэрэгт холбогдон Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгуулж буй нь тодорхой болсон гэнэ.

Иргэдийн ашигладаг фэйсбүүкийн нууц үгийг хулгайлж, “Мөнгө хэрэг боллоо, зээлээч” гэх мэтээр найзууд руу нь зурвас илгээн залилдаг хэрэг гарсаар байгаа учраас дээрх утгатай мэдээлэл ирвэл найзаасаа заавал утсаар тодруулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.