Нийслэлчүүд бид  дулааны улиралд өдөрт дунджаар 1000-1200 тн хог хаягдлыг гаргадаг бол өвлийн буюу хүйтэн сэрүүний улиралд өдөрт дунджаар 1500-2500 тн хог хаягдлыг гаргадаг  байна.

  Тэгвэл нийслэлчүүдийн  гаргаж байгаа энэхүү хог хаягдлыг Улаанбаатар хотын гурван том хогийн цэгт аваачиж асгадаг бөгөөд хамгийн том, гол хогийн цэг нь Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэг аж. Тус цэг нь 96 га талбайтай. Удаах хогийн цэг нь БЗД-ийн Цагаан давааны хогийн цэг. Тус хогийн цэг нь 23 га талбайтай. Харин гуравдахь том хогийн цэг нь Хан-Уул дүүргийн Морингийн давааны хогийн цэг бөгөөд нийтдээ 20 га талбайтай юм байна.  Нийслэлийн хэмжээнд  хаягдаж байгаа хог хаягдлын 75 хувийг дахин боловсруулалт хийлгүйгээр шууд хогийн цэгт хаядаг байна. Энэ нь хөрс, агаарын бохирлол үүсгэж хүн байгальд сөрөг нөлөө үзүүлж байна.  Тэгвэл  хөгжингүй орнуудад хог хаягдлыг 100 хувь дахин боловсруулах технологит шилжээд байгаа. Тухайлбал Швед нь байгаль орчинд үзүүлэх хүний сөрөг нөлөөг бууруулах тал дээр дэлхийн ихэнх улс орноос хэдэн алхмын өмнө явдаг улс. Жишээ нь тус улс эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нэгэн онцгой арга хэмжээ авдаг, тэр бол үндэсний хэмжээнд хог хаягдлаас цахилгаан эрчим хүч гаргадаг юм. Ингэснээр хоёр том асуудлыг шийдвэрлэх боломжтой, нэгдүгээрт манай улсынх шиг хог, новш нь овоорохгүй, хоёрдугаарт нүүрс, байгалийн хий зэрэг ашигт малтмалыг шатаах, хэрэглэх шаардлагагүй.

Харин манайд хогоо дахин боловсруулах нь байтугай бэлэн байгаа түүхий эдээ ашиглаж чаддаггүй.  Манай улсын хэмжээнд жилд дунджаар 1.2-1.3 сая тонн хог хаягдал гардаг. Үүний 30 гаруйхан хувийг нь л Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний Холбоо /МХХДБҮХ/-ны гишүүн байгууллагууд цуглуулан ангилан ялгаж, боловсруулан экспортод гаргадаг аж. Харин үлдсэн 70 орчим хувийг ямар ч боловсруулалт хийлгүйгээр ландфилын аргаар буюу шууд хөрсөнд булдаг. Уг нь манай улсад хог хаягдлыг дахин боловсруулах цэгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Японы Тоеотагаар байгуулуулсан бөгөөд тэр нь одоогоор эвдрэлтэй байгаа учраас ажиллахгүй байгаа.  Уг нь энэ үйлдвэрт ихэхээн найдлага тавьсан ч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа болохоор  хүч хөрөнгө зарсан хэрэг болоод байна.

Өнөөдөр бид  хог хаягдлаа шууд булж, агаар хөрсөө бохирдуулахын зэрэгцээ хүн амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж  байгаа энэ байдлаа  хурдан шийдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл  сая гаруй оршин суугчтай  нийслэлийн энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төрийн эрх баригч, хотын захиргааныханд  сэтгэл, зүтгэл байхад л болчих асуудал.  Сэтэгл дутаж байгааг  гадаадынхан манай хогонд анхаарал хандуулж байгаагаар жишээлж болно.    Тухайлбал Германчуудтай манай улсад  хамтран  ажиллах санал тавьж, Монгол Улсад тулгамдаж байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлж, хог хаягдлыг дахин боловсруулан эрчим хүч, хий гарган авах саналаа өгөөд байгаа. Өнөөдөр энэ ажил Улаанбаатар болон 21 аймгийн хог хаягдлын нэгдсэн судалгаа, хог боловсруулах технологийн шийдлийг сонгох ажил хийгдэж байгаа гэнэ лээ.

Үйлдвэр баригдах хүртлээ багагүй хугацаа өнгөрөх биз. Ядаж тэр хүртэл  эрх баригчид маань дараах ажлуудыг  хийчих хэрэгтэй байна.  Тодруулбал,  

•           Автомат машинаар хог хаягдал цуглуулах явдлыг нэвтрүүлэх.  

•           Хогийн сав ойр орчимдаа нэмж байршуулсан байгууллага, СӨХ-үүдийг урамшуулах.

•           Хотын хог хаягдлыг эргүүлэн ашиглах, цуглуулахад зориулсан сан байгуулах.  Шил, хуванцар савтай бүтээгдэхүүн, гялгар ууттай бараа зэрэг байгальд шингэдэггүй хог хаягдлыг зах зээлд нийлүүлдэг байгууллагуудад хуванцар сав, гялгар уут, шил буцааж худалдан авах болон цуглуулж хоёрдогч түүхий эдийн зах зээлд нийлүүлэх норм өгч хог багасгах ажилд оролцуулах.

•           Хог хаягдлаар үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэрийн газруудад түүхий эдээ татан авах, тоног төхөөрөмжүүдээ сайжруулахад нь зориулж зээл тусламжаар дэмжих

•           Хог хаягдлыг экспортод гаргадаг иргэн, аж ахуйн нэгжийн хог хаягдлаа хадгалах, сортлох ажилд зай талбай гаргаж өгч дэмжих.

•           Хог хаягдлын талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, тэдгээрийн хор уршгийг таниулах ажлыг эрчимжүүлэх.  Жишээ нь: олон нийтэд зориулсан анхан шатны мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас, видео бичлэг ашиглах түгээх. Энэ чиглэлийн үйл ажиллагаанд хувийн хэвшил, ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх. Мөн оюунтан залуучууд, өсвөр насны хүүхэд багачууд, иргэдийг эко, дахин боловсруулах үйл ажиллагаанд оролцуулах зэргээр олон арга хэмжээ авах боломжтой юм.

Ядаж ингэж чадвал өнөөдөр бид хогноосоо тодорхой хэмжээгээр салах боломжтой юм.

Э.Мөнгөн