Александр Храмчихин ОХУ-ын Улс төр, цэрэг дайны судалгааны хүрээлэнгийн орлогч захирал.

Монгол Улс Хятадаас тусгаар тогтнолоо Оросын ачаар л олж авсан. Тодорхой хэлбэл 1911 онд Синьхай хувьсгалын дараа үүссэн эмх замбараагүй байдлыг ашиглан Монгол Хятадаас өөрсдөө салсан ч эхлээд Хаант Орос, дараа нь ЗХУ Бээжингээр Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний ачаар л тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чадсан.

Гэхдээ Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хэрхэн хүлээж авдаг нь сонирхолтой. Хятадын түүхийн бүх сурвалж бичиг, хэвлэлд Монгол Улс хууль бусаар тусдаа гарсан, Хятад орон сул дорой байсныг ашиглан ЗХУ хүчээр Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн гэж бичсэн байдаг. Тэгэхээр хэрэв боломж гарвал Бээжин Монголоос тусгаар тогтнолыг нь булаан авна гэсэн үг юм. Асар том газар нутагтай (1,56 сая кв. км, дэлхийд 18-т орно), маш бага хүн амтай (2,9 сая, дэлхийд 140-т орно) энэ орон Хятадын түрэмгийллээс өөрийгөө хамгаалах ямар ч боломж байхгүй. Энэ түрэмгийллийг зөвхөн Орос улс л зайлуулж байгаа билээ. 

ЗХУ задарсны дараа Монгол Улс Барууны орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, Зэвсэгт хүчин нь НҮБ-ын энхийг сахиулах олон ажиллагаанд оролцон, монгол цэрэг, офицерууд маш сайн үнэлгээ аваад байгаа. Гэхдээ ингэлээ гээд тэд Хятадын армид эсэргүүцэл үзүүлж чадна гэсэн үг биш, Барууны орнууд ч Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй. Яагаад гэвэл, нэгдүгээрт газар зүйн байдал байна. Монгол далайд гарцгүй, зөвхөн Орос, Хятадтай л хиллэдэг. Тиймээс гадаадын ямар нэг орны цэрэг Монголын нутагт орохын тулд доод тал нь Оросоос зөвшөөрөл авах хэрэгтэй. Алс Дорнод дахь Оросын агаараас хамгаалах систем олон “цоорхой”-той ч манай нутаг дээгүүр нууцаар нисэхээс америкчууд ч айна. Хоёрдугаарт европ, япончууд битгий хэл америкчууд ямар ч байдал үүссэн гэсэн Монголын төлөө Хятадтай байлдахгүй. 

Сүүлийн үед Улаанбаатар үүнийг ойлгож эхэлж байх шиг байна. Москва ч гэсэн саяхнаас Монгол гэдэг орон дэлхийд байдгийг санаж эхэллээ. Цагтаа Монголын хүн ам бүгд орос хэл мэддэг байлаа шүү дээ. Орос Монголд бага ч гэсэн анхаарал хандуулж, Монголын армийн хэт хуучирсан зэвсэглэлийг шинэчлэхээр шийдсэн. Өнөөдөр Монголын хуурай замын цэрэг мото буудлагын бригад, барилгын хороо, энхийг сахиулах батальон, тусгай үүргийн батальон, мөн 6 хороотой. Т-54 маркийн танк 200, Т-55 170, Т-62 280, Т-72А 50 ширхэг танк бий. Дээр нь хуягт тээвэрлэгч машин гэвэл 120 ширхэг БРДМ-2, БРДМ-1 150, БМП-1 420, БТР-80 20, БТР-70 40, БТР-60 350, БТР-40 200, БТР-152 50 бий. 600 их буу, 140 миномет, 250 тийрэлтэт пуужингийн систем, 700 танк эсэргүүцэгчтэй. Монголын хуурай замын цэргийн  бараг бүх техник маш хуучирч, ихэнх нь байлдааны чадваргүй болсон учир дээр бичсэн тоо яг нарийн тоо биш юм. Харин сүүлийн хэдэн жилд Оросоос нийлүүлсэн Т-72А танк, БТР-70, БТР-80 хуягтууд харин өөр хэрэг. Эднийг шинэ гэж хэлэхгүй ч урьд нь байсан, элэгдэлд орсон техниктэй харьцуулбал хамаагүй дээр байдалд байгаа. 

Монголын агаарын дотолгооноос хамгаалах хүчинд байлдааны онгоц байхгүй. Өмнө нь байсан  хуучин 12 ширхэг МиГ-21ПФМ, хоёр МиГ-21УМ онгоцыг складанд хадгалж байгаа бөгөөд сэлбэг болгон Хойд Солонгост зарах шинжтэй. Агаарын довтолгооноос хамгаалах хүчинд тээврийн Ан-24 онгоц хоёр, Ан-26 гурав бий. Тийм болохоор Монголын агаарын цэргийн гол хүч нь Ми-24 маркийн 11 нисдэг тэрэг юм. Мөн тээврийн Ми-8 нисдэг тэрэг 11, Ми-17 гурав байгаа. Зенитийн тоног төхөөрөмжийн С-75-ийн хоёр дивизион, С-125М-ийн нэг дивизион, Агаарын довтолгооноос хамгаалах “Стрела-2” пуужин 250, ЗУ-23 болон С-60 зенитийн тоног төхөөрөмж тус бүр 75-тай. Агаарын довтолгооноос хамгаалах хүчний зэвсэг техник нь мөн л хуучирсан. Хоёр жилийн өмнө Оросоос авсан С-125М систем л гайгүй байдалтай байна. Гэхдээ монголчууд Оросын МиГ-29 сөнөөгч онгоц хэд хэдийг авах талаар хөөцөлдөж байгаа. 

Афганистан, Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцдог мөртлөө монголчууд одоо ч америк зэвсэг аваагүй л байна. Зарим нэг тоноглол, хэрэгслийг эс тооцвол Монголын арми 100 хувь орос зэвсэгтэй. Тийм болохоор мэдээж шинэ зэр зэвсэг авахдаа Оросоос л авч байгаа. 2008 оноос Орос Монголын хамтарсан цэргийн сургууль дахин сэргэж, Монгол, Буриадад ээлжлэн явагдаж байна.   

Гэхдээ Монголын тусгаар тогтнолын цорын ганц найдвартай баталгаа нь Орос гээд Орос Монголд илүү хэрэгтэй гэсэн үг биш. Аварга том газар нутагтай энэ орон Орос Хятадын дунд стратегийн маш чухал байрлалд оршдог. Хэрэв Орос Хятад дайтлаа гэж үзэхэд энэ хоёр орны хэн Монголын газар нутгийг хянаж байгаа нь дайнд ялах болно. Тиймээс Монголтой ямар харилцаатай байх нь хоёр хөршид нь, ялангуяа сул доройд нь буюу Орост маш чухал байгаа юм. Орос Хятад дайтахад Монгол ямар нэг хэмжээгээр оролцолгүй тусдаа байна гэдэг ямар ч боломжгүй зүйл.  

Ер нь Оросын хувьд ямар нэг юм боллоо гэхэд Хятадаас амь биеэ үл хайрлан хамгаалах хоёр орон бий. Энэ бол Казахстан, Монгол улсууд. Тэднийг алдвал ОХУ Бээжинд геополитикийн хувьд мад тавиулж, Уралын нуруунаас дорно зүгт орших газар нутгаа автоматаар алдана гэсэн үг. 

 

Орчуулсан М.Сугар-Эрдэнэ